АНУ хөрөнгө оруулагчдыг татаж байна

Хуучирсан мэдээ: 2011.01.26-нд нийтлэгдсэн

АНУ хөрөнгө оруулагчдыг татаж байна

Дэлхийн хөрөнгө оруулагчид мөнгөөрөө илүү их эрсдэлтэй алхам хийж, эдийн засгийн сэргэлт улам бүр бэхжиж буй АНУ-ын зах зээлийг ашиг олоход хамгийн таатай газар хэмээн сонгох болжээ. “Bloomberg” агентлагийн дэлхийн мянган хөрөнгө оруулагч, шинжээч, арилжаалагчдын дунд явуулсан судалгаанаас харахад 20 гаруй хувь нь АНУ-д мөнгө босгох боломж нэмэгдэж байгаа гэжээ. Энэ нь 2009 оны долдугаар сард энэ судалгааг хийж эхэлснээс хойшхи хамгийн өндөр хэмжээ юм. Гэхдээ зарим хөрөнгө оруулагчид АНУ-ын эдийн засаг хэвийн хэмжээнд очиж байгаа гэж үзэж буй бол дордож байгаа гэх ч нэгэн байгаа юм. “Эдийн засгийн сэргэлт бодит болж байна. 2011 оны худалдааны зөрүү шинэ рекорд тогтоох магадлал өндөр байна” хэмээн судалгаанд хамрагдсан Милан хотын банкны менежер Ангело Меда хэлэв.

Давост болох дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтаар санхүү, эдийн засгийн элитүүд цугларах бөгөөд үүнд АНУ-ын эдийн засгийн сэргэлтэд голчлон тулгуурлаж, дэлхийн зах зээлийг ерөнхийд нь авч хэлэлцэхээр байгаа юм. Хөрөнгө оруулагчид санхүүгийн хүндрэлийн үед хямралаас дархлаатай бүтээгдэхүүн болох алтыг ихээр худалдан авдаг. Гэхдээ одоо бол шар металлын арилжаа төдийлөн хүчтэй байхаа болиод байна. Түүнчлэн энэ судалгаанд анх удаагаа Азийн хөрөнгө оруулагчид эрсдэл хүлээх хамгийн дургүй, харин оронд нь Европын хөрөнгө оруулагчид эрсдэл хүлээх сонирхлоор тэргүүлсэн аж.

“АНУ-ын хямралаас гарах болно. Миний бодлоор 2011 онд ажилгүйдлийн төвшин маш ихээр буурна” гэж судалгаанд оролцсон “Henry Littig Global Investment” байгууллагын ерөнхий захирал Хенри Литтиг хэлж байна. Хамгийн сүүлд энэ судалгааг өнгөрсөн оны арваннэгдүгээр сард хийснээс хойш АНУ-ын эдийн засаг эрс сэргэж байгаа нь харагдаж байгаа. Аж үйлдвэрлэл сэргэж, хэрэглэгчдийн зарцуулалт нэмэгдэж, ажилгүйдлийн тэтгэмж авахыг хүссэн иргэдийн тоо буурч байгаа юм. Дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ дөрөвдүгээр улиралд 3,5 хувиар өссөн гэх таамаглалыг “Bloomberg”-ийн мэдээллийн агентлагийн судалгаанд хамрагдагсдын 67 нь дэвшүүлжээ. “Wall Street” эдийн засгийн сайн мэдээллийн ачаар сэргэж байгаа төдийгүй “Standard & Poor 500” индекс сүүлийн найман долоо хоногийн долоод нь өсөлттэй байсан юм.

Өмнөх судалгаанд АНУ өмнө нь хөрөнгө оруулалт хийх хамгийн таатай бүсүүдийн жагсаалтад БНХАУ, Бразиль болон Энэтхэг улсуудын ард орж байсан билээ. Инфляцийн өсөлтөөс болж хүнд байдалтай байгаа Энэтхэг улс сүүлийн судалгаанд доогуур байрлажээ. Тус улсын эдийн засгийг энэ онд хөрөнгө оруулалт хийхэд таатай гэж хөрөнгө оруулагчдын 18 хувь нь үзсэн нь арваннэгдүгээр сарын 29 хувиас маш их хэмжээгээр буурсан байгааг харуулж байгаа юм.

Эдийн засагчдын талаас илүү хувь нь АНУ-ын эдийн засгийг сэргэж байгаа гэсэн нь мөн өмнөх судалгаанаас дээрдсэн байгаа юм. Цаашид ч “S&P 500” индекс ойрын зургаан сард өснө гэж 70 орчим хувь нь хариулжээ.

“Европын зах зээлд Засгийн газрын өрийн асуудал хэвээр байгаа бол шинээр хүчээ авч буй зах зээлд инфляцийн өндөр төвшин, мөнгөн тэмдэгтийн ханшийн уналт зэрэг аюул байгаа” гэж Токиогийн “Nomura Securities” компанийн арилжаалагч Айрис Яао хэлэв.

Зуун хөрөнгө оруулагчийн 49 нь дэлхийн эдийн засгийг сэргэж байна гэв. Энэ нь өмнөх судалгаанаас таван хувиар өссөн гэсэн үг. Харин ойрын 12 сарын хугацаанд дифляциас илүүтэй инфляцийн аюул хүчтэй байна гэж 75 нь хариулсан байна. Алтны сонирхол буурч байгаа төдийгүй хөрөнгө оруулагчид ирэх зургаан сарын дотор алтны хуримтлалыг бууруулна уу гэхээс биш нэмэгдүүлэхгүй гэжээ. Тэдний үзэж буйгаар алтны зах зээл хөөрөгдөл ихтэй юм.

“Алтанд суурь үнэ гэж байхгүй төдийгүй эзэмшигчид мөнгөний урсгал үүсгэдэггүй” гэж нэгэн арилжаалагч хэлж байна. Одоогийн байдлаар нэг унц алтны хоёрдугаар сарын гэрээт үнэ 1333 ам.доллар байгаа билээ. Шар металлын ханш 2009 оны эхэн үетэй харьцуулахад 50 хувиар өсөөд байна.

Дэлхийд хамгийн хурдацтай хөгжиж буй эдийн засгийн бүс болох БНХАУ-д хөрөнгө оруулалт хийх сонирхол харин эрс буурсан байна. Эдийн засагчдын 20 хувь нь тус улсын зах зээлд хөрөнгө оруулалт хийхэд хамгийн бага ашиг олно гэж үзэв. Өөрөөр хэлбэл арваннэгдүгээр сарынхтэй харьцуулахад сонирхол тав дахин буурсан гэсэн үг. Инфляцийн төвшин цаашид ч нэмэгдэх хандлагатай буйгаас Хятадын хөрөнгийн биржүүд дээрх хувьцааны үнэ өчигдрийн байдлаар дахин унав. Азийн хөрөнгө оруулагчид өмнөхөөсөө илүү гутранги болж байна. Нийт хөрөнгө оруулагчдын ердөө 43 хувь нь эрсдэлтэй алхам хийнэ гэдгээ хэлсэн байгаа бол европчуудын талаас илүү нь ийм хариулт өгсөн юм.

Хятадын Ерөнхийлөгч Ху Жинтао, Германы канцлер Ангела Меркель судалгаанд оролцогчдын сайшаалыг хүртсэн улстөрчид болжээ. Тэднийг хөрөнгө оруулалтын салбарт хамгийн зөв ажил хийж байгаа гэж тэд үнэлж байна. АНУ-ын Ерөнхийлөгчийн хувьд эдийн засагчдын зүгээс холимог үнэлгээ авчээ. Гэхдээ эдийн засгийн хямрал дахин дэгдэхээс урьдчилан сэргийлэхэд хангалттай ажиллаагүй гэж дийлэнх нь хэлж байгаа юм. Түүнчлэн Францын Ерөнхийлөгч Николя Саркози хамгийн муу үнэлгээ авсан байна.

Э.ОЧИРТ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж