Өнгөрсөн хавар их сургууль төгссөн дүү маань ажилд орохоор бүтэн гурван сар хөлөө эцтэл явсан. Эрүүл ахуйн байцаагчийн мэргэжлээр төгссөн ч мэргэжлээрээ ажиллах нь битгий хэл зоогийн газар зөөгч хийгээд явж байна. Олдож байгаа ажил нь тэр болохоор дүүтэй маань адилхан Монголын мянга мянган залуус дээд боловсролтой үйлчилгээний ажилтнуудын тоог нэмсээр л байна. Ажил олгогчдын зүгээс мэргэжлээрээ гурваас доошгүй жил ажилласан байх шаардлагыг тавьдаг ч дөнгөж сургууль төгссөн жаалд мэргэжлээрээ гурван жил ажиллах боломжийг тэгвэл хэн олгосон байх ёстой гэж. Ажил олгогч уу, эсвэл аав ээж нь үү.
Хөдөлмөр халамж үйлчилгээний төвөөс “Ажлын байр” яармагийг жилдээ нэг, хоёр удаа зохион байгуулдаг. Даанч тэдгээр ажлын байрны тэн хагас нь үйлчилгээний салбарынх.
Оёдолчин, нэхмэлчин, дизайнер, эсвэл ойн инженер, барилгын архитекторч, эмч,сувилагч, багш, хуульчаар төгсч байгаа боловсон хүчний тоог ажлын байртай нь харьцуулахад хэд дахин илүү. Өнгөрсөн оны судалгаагаар манай улсад хөдөлмөрийн насны нэг сая 700 мянган хүн байгаа гэх. Харин ажиллаж буй нь нэг сая орчим, хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэст бүртгэлтэй ажилгүйчүүдийн тоо 38 мянга, ажил эрхлээгүй хүний тоо 131 мянган байжээ. Үүнээс гадна хөдөлмөрийн насны суралцагчдын тоо 243 мянга болсон байна. Төрийн албаны мэргэжилтнүүд хөдөлмөрийн зах зээлд эрэлттэй байгаа нарийн мэргэжилтэй залуус мэргэжлийнхээ дагуу ажилд орж чадаж байгааг онцолдог. Жишээлбэл, цахилгаан, компьютер, уул уурхайн инженерээр төгсч байгаа залууст ажлын байр бэлэн гэх. Бусад мэргэжлээр төгссөн багш нь, хуульч нь, эдийн засагч, нягтлан бодогч, эмч сувилагч нь тэгээд яах ёстой гэж гудамжинд “лааз” өшиглөөд гуйлга гуйгаад явах уу.
Монголын төр Засаг Оюутолгойн гэрээг үзэглэснээс хойш цөөнгүй хугацааг үджээ. Уг гэрээнд Оюутолгой төсөлд монгол мэргэжилтнүүдийг авч ажиллана хэмээн дурайтал бичсэн заалт бий. Бүр 60-аас доошгүй хувь нь монгол хүн байх ёстой хэмээн заачихсан байдаг. Дээд төвшинд яригдаж, түүхэн гэгдэх гэрээгээр баталгаажсан монголчуудын ажлын байр ингэхэд хаана явна. Аль шатанд энэ асуудал мартагдаж, гээгдэж орхив. Оюутолгойн төсөл хэрэгжихтэй холбоотойгоор өрнөж буй зам, барилгын ажилд монгол хүмүүст итгэж даалгах орон тоо өнөө жил ч гарахгүй янзтай байна. Учирж уг төслийн хүрээнд 2500 гаруй хятад ажилчинг импортлохоор болжээ. Үнэндээ Хятадын хөдөөний боловсролгүй нөхөд монгол залуусаас мэргэжил, чадвараараа илүү байж чадна гэж үү. Энд Монгол төрийн бодлого, хөдөлмөрийн зах зээлийн менежмент дутагдаад байгаа хэрэг. Ажлын байр босгох, ажилчин ангиа үнэлэх нь улс орны хөгжлийн нэг бодлого байдаг бус уу.
Тавантолгой, Оюутолгойн орд газар бүтээн байгуулалт өрнөхтэй зэрэгцэн дэдбүтэц, худалдаа үйлчилгээ, боловсрол, зам тээвэр,эрүүл мэнд гээд уурхайг дагалдсан олон салбарууд хөгжиж, ажлын байр мянга мянгаар нэмэгдэнэ гэсэн том найдлагыг эрхбаригчид цээжин цаанаа нуучихаад санаа амар сууна. Манай дарга нарыг цаг өнгөрч, улирал солигдож буйг мэдрэх янзгүй улстөрийн синдромд хөтлөгдөх зуур мань хятадууд харин хилийн цаахан мянга мянгаар нь ажлын байр босгож, сая саяар нь бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд бэлэн болжээ. Ёстой л хөдөлмөрийн зах зээл, төрийн бодлого гэж үүнийг л хэлэх байх даа. Хятад ажилчин сайндаа, монгол ажилчин муудаа биш, төрийн бодлогодоо хамаг учиг нь зангилагддаг юм шиг ээ. Монгол мөрөөдөж, хятадууд харин амжуулж байна, цаана чинь.