”Miss Deaf Mongolia-2010” тэмцээн боллоо

Хуучирсан мэдээ: 2010.03.28-нд нийтлэгдсэн

”Miss Deaf Mongolia-2010” тэмцээн боллоо

Монголд анх удаа сонсголын бэрхшээлтэй охид бүсгсйчүүдийн дунд “Miss Deaf Mongolia-2010″ тэмцээн өчигдөр Хүүхдийн урлан бүтээх төвд амжилттай болж өнгөрлөө.Тэмцээнд зүс царай, авьяас мэдлэгээ сорихоор арван оролцогч өрсөлдлөө. Энэхүү тэмцээн нь сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй охид бүсгүйчүүд дундаас хамгийн үзэсгэлэн төгөлдөр, авьяаслаг бүсгүйг тодруулж АНУ-ын Лас Вегас хотноо болох “Олон улсын сонсголын бэрхшээлтэй мисс” уралдаанд хүч сорих боломж олгохын хажуугаар хөгжлийн бэрхшээлтэй охид бүсгүйчүүдийн нийгмийн идэвх оролцоог дээшлүүлж тэдний авьяас мэдлэгийг бусдад нээн таниулах ач холбогдолтой.

Тэмцээний шалгаруулалт
Уралдаан  оролцогч охидын ижил хувцастай гараа(танилцуулга), үндэсний хувцастай үзүүлбэр, усны хувцастай гараа, авьяасаа үзүүлэх үзүүлбэр, европ гоёлын хувцастай гараа, асуулт хариулт гэсэн зургаан үе шаттайгаар гурван цаг үргэлжлэв. Хацар гоо арван охин мань давчуу хугацанд бэлтгэл хийн оролцсон ч тэмцээнд чамлахааргүй эн тэнцүүхэн өрсөлдөцгөөв.

Охидын загварын үзүүлбэрүүд

Хэдийгээр тэд сонсголын бэрхшээлтэй ч хөгжмийн хэмнэлийг сонсож буй мэт их л эвлэгхэн тайзан дээр алхалж байх нь үзэгчдийг өөрийн эрхгүй догдлуулсан.Тэмцээний эхэнд тэд биеэ барьж байсан ч дунд хэсгээс харьцангуй чөлөөтэй болж ур чадвараа илэрхийлэн оролцлоо.

Хөтлөгчийн ур чадвар
Энгийн бусад уралдаан тэмцээнээс энэ тэмцээний онцлог нь дүлий сонсголын бэрхшээлтэй иргэд оролцож байгаа учир хөтлөгч залуугаас гадна дохионы орчуулагч Бямбадэлгэр давхар хөтлөв.Тэрбээр оролцогч  охидыг үзэгч шүүгчидтэй холбох гүүр нь болж өгөв.

Өвөрмөц үзэгчид
Уг тэмцээнийг үзсэн үзэгчдийн дийлэнх нь сонсголын бэрхшээлтэй иргэд байсан ч тэд өөрсдийн дуу хоолой бус үйл хөдлөл, сэтгэл зүрхээрээ оролцогч арван охидоо хөгжөөн дэмжиж байв. Тэд сэтгэлийн дэм өгч алга ташихаа хүртэл  дохионы хэлээр үзүүлж байлаа.

Оролцогч бүсгүйчүүдийн авьяас
Нэг оролцогч гурваас дөрвөн минутад өөрийн авьяасыг үзэгч, шүүгчдэд сонирхуулав. Оролцогч охид баяд, торгууд ардын бүжиг, цэнгээнт бүжгийн “Ча-ча” төрөл, сандалтай чөлөөт бүжиг, хип хоп бүжиг, ”Болзоо” “Чаплин” понтамимо болон өөрийн зурсан зургаа дэлгэн үзүүлж байлаа. Хоёр оролцогч бүр өөрийн зурж уралсан даашинзаараа гоёж оролцсон гэсэн шүү.

Шилдгийн шилдгүүд

Шүүгчид “Есөн эрдэнэ”,”Miss Deaf Mongolia-2010”-г зарлах мөчид оролцогчид ихэд догдлон буй нь тэдний харцнаас илт байлаа.Тана эрдэнэ өргөмжлөлөөр С.Наранцацралт, Зэс эрдэнэ өргөмжлөлөөр Б.Саруул, Ган эрдэнэ өргөмжлөлөөр Б.Сарантуяа, Шүр эрдэнэ өргөмжлөлөөр О.Түвшин, Сувд эрдэнэ өргөмжлөлөөр М.Батчимэг, Оюун Эрдэнэ өргөмжлөлөөр А.Даваажаргал, Номин эрдэнэ өргөмжлөлөөр Н.Золзаяа, Мөнгөн эрдэнэ өргөмжлөл,”Авьяас Мисс”-р Б.Сайхйнцэцэг, алтан эрдэнэ өргөмжлөл” Дэд мисс”-ээр Э.Туруна шилдэгийн шилдэг “Miss Deaf Mongolia-2010”-р Б.Алтансоёмбо нар тус тус шалгарлаа.
Тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар “Сэтгэлийн дэм сан” ТББ ажилласан ба уг сангын тэргүүн Т.Гунгаамаа хувиасаа ялагчийн АНУ-н Лас Вегөст болох “Олон улсын сонсголын бэрхшээлтэй сисс” оролцох тэнд гарах бүх зардлыг дааж байгаа юм.Харин ялагч маань зөвхөн очиж ирэх тасалбараа л өөрөө авах юм байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж