Өнгөрсөн онд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд 25,1 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлж, 19,4 тэрбум төгрөгийн зардал гаргажээ. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр үзүүлдэг есөн төрлийн үйлчилгээнд давхардсан тоогоор 233,6 мянган хүн хамрагдсан байна. Тэдний 52 мянга нь ажилд зуучлуулж, 18 мянга нь мэргэжлийн сургалтад хамрагджээ. Харин энэ онд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд татан төвлөрүүлэх хөрөнгийн хэмжээг 25,9 тэрбум, зарлагыг 21,3 тэрбум төгрөг байхаар төсөвт суулгажээ. Энэ оныг “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн хөрөнгийг урьд оныхоос хоёр дахин нэмэгдүүлэх саналыг Засгийн газарт хүргүүлжээ. Урьд онуудад Төрийн санд тус сангаас үлдэгдэл болон төвлөрсөн 20 тэрбум төгрөгийг нэмж суулгах талаар төсвийн тодотголд оруулан батлуулж гэмээнэ энэ онд хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд 40 тэрбумыг зориулах эрх нээгдэх ажээ.
Хөдөлмөрийн чадамжтай ч ажилгүй хүмүүст илүүтэй анхаарна
Улсын хэмжээнд ажил хөдөлмөр эрхлээгүй хүмүүсийн тоо 103,1 мянгад хүрч, ажилгүйдлийн төвшин 8,6 хувьтай байна гэсэн мэдээллийг салбарын яамнаас өглөө. Тэднээс ажил идэвхтэй эрж хайж буй нь 38-40 мянга орчим байдаг гэнэ. Үлдсэн нь ажил хайгаад ч олохгүй цөхөрсөн хүмүүс байдаг аж. Өөрөөр хэлбэл 9,11 дүгээр анги төгссөн, хөнгөлөлтийн тэтгэвэрт эрт гарсан болон ажил хөдөлмөр хийх боломжтой хөгжлийн бэрхшээлтэй иргэд, 45-аас дээш насныхан, хорих ангиас суллагдагсад, 18 нас хүрч асрамжийн газраас амьдралд шилжиж буй хүүхдүүд гэхчилэн хөдөлмөрийн чадвартай ч ажилд орж чаддаггүй хүмүүсийг өөрийн гэсэн ажилтай болгоход илүүтэй анхаарах нь энэ оны зорилт ажээ. Тэтгэвэртээ эрт гарсан багш, эмч нарын хүчийг ашиглаж, хүмүүст хүргэх үйлчилгээний чанарыг сайжруулахад анхаарах гэнэ. Энэ жилээс эхлэн улсын хэмжээнд 60 мянгаас багагүй тооны ажлын байр бий болгож, өрх тутмаас нэг хүнийг ажилд зуучлах бодлогыг салбарын яам боловсруулаад байна. Мөн 12 мянган иргэнийг сургалтад хамруулж, тэдний 60-аас багагүй хувийг нь ажилд зуучлан оруулах ажээ. Энэ онд хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт хийгдэх хамгийн чухал ажлын нэг нь “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль”-ийн шинэчлэл ажээ. Тун удахгүй УИХ-аар хэлэлцэж батлах уг хуулинд ажлын байрыг хадгалах, хамгаалах, нэмэгдүүлэх асуудлыг түлхүү тусгасныг Н.Аюуш яриандаа онцолж байлаа. Түүнчлэн бизнесийн байгууллагын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, гадаад зах зээлд өрсөлдөх боломжийг ч хуульд тусгасан байна.
Хөдөлмөрийн хөлсний хэмжээ гэдэг тоглоом биш гэв
Манай улсын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 108 мянган төгрөг байдаг. Энэ хэмжээний цалингаар сарыг өнгөрөөх ямар ч боломжгүй гэдэг нь хэн бүхэнд ойлгомжтой. Гэтэл гадаад, дотоодын хөрөнгө оруулалттай зарим компаниуд 108 мянган төгрөгөөр босго тогтоон цалинжуулах нь бий. Цалинг нь ахиухан өглөө ч нийгмийн даатгалын шимтгэлийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр бодож төлөх нь түгээмэл. Ажил хөдөлмөр эрхлэн амин зуулгаа авч явж буй хүмүүст хохиролтой туссаар байгаа энэхүү босго хэмжээг нэмэгдүүлэх эсэх талаар салбарын яамнаас бид тодруулсан юм. Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яамны дэд сайд Д.Нямхүү:
-Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх эсэх талаар Засгийн газрын хүрээнд хэлэлцсэн. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ хангалттай бус гэдэг нь үнэний ортой ч энэ бол байнга хөдөлгөөд байдаг зүйл биш. Энэ онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нийгмийн түншлэлийн талуудаар хэлэлцэж, салбар бүр өөр өөрийн онцлогтоо тохируулан тогтооно. Түншлэлийн талуудын зөвшилцөл зөвлөлдөх уулзалт удахгүй болно. Уулзалтын өмнө талууд саналаа боловсруулаад байгаа. Эдгээрээс хамгийн үндэслэлтэй санал нь ажил олгогчдын санал байсан. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гэнэт их хэмжээгээр нэмэгдүүлэх нь ардаа олон төрлийн аюул дагуулдаг. Өнөөдөр Монголд үйл ажиллагаа явуулж буй компани, аж ахуйн нэгжийн 80 хувь нь 10 хүртэлх ажиллагсадтай жижиг газрууд байна. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг автоматаар нэмэх нь аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд сөрөг нөлөөтэй хэмээн тайлбарлалаа.