-Сүүлийн үед Оюу толгойгоос гадна Таван толгойн тендерийн асуудал олны анхаарлын төвд орж, янз бүрээр яригдах боллоо. Ерөнхийлөгчийн байр суурь ямархуу байдаг бол? Чимээгүй л байгаад байх шиг.
-Таван толгойн талаархи Ерөнхийлөгчийн байр суурь, бодлого маш тодорхой байгаа. Таван толгой бол Оюутолгойгоос агуулгын хувьд зарчмын ялгаатай бөгөөд тоглоомын дүрмийг монголчууд өөрсдөө зохиох бүрэн боломжтой. Тийм учраас түүнийг эдийн засгийн эргэлтэд оруулахдаа хууль тогтоомжийн дагуу монголын ард түмний үндэсний алс хэтийн эрх ашигт нийцүүлэн эдийн засгийн эргэлтэд оруулах ёстой. Ерөнхийлөгч УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, Ерөнхий сайд С.Батболд, Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг болон холбогдох хүмүүстэй уулзаж мэдээлэл авч, ярилцаж байгаа. Аль ч утгаараа стратегийн ач холбогдолтой энэхүү том төсөл хурдан ажил хэрэг болж, үр өгөөжөө өгч эхлэхэд нь тус дөхөм үзүүлэх бодлого баримталдаг. Энэ талаар ярьж олон нийтэд ил гараад байх биш, харин бодит ажил урагшлах нь илүү чухал гэж үздгээрээ Ерөнхийлөгч зарим удирдагчдаас ялгаатай арга барилтай болов уу.
-Тэгвэл бүх зүйл зохих ёсоороо явж буй юм байна гэж ойлгож болох уу? Таван толгойн тендер зарлах гэж хэдэн сар, жил болсон хэрнээ материал хүлээж авах хугацаагаа хоёр ч удаа долоо долоо хоногоор сунгаад байгаа нь түүнд оролцох ёстой, магадгүй шалгарах ёстой компанид зориулаад буй мэт сэтгэгдэл төрүүлэх юм.
Хугацаа сунгагдаад байгаа нь уг тендер цаг хугацааны хувьд гадаадынхны урт баяр, амралтын үетэй давхацсантай холбоотой болов уу. Тендерийн нөхцөл болзол боловсруулах, зарлах талаар болон иргэдэд өгөх эрдэнийн хувь хувьцааны үнэ ханшийг хэрхэн тогтоох, үндэсний компаниудын оролцоо ямар байх талаар гээд Ерөнхийлөгчид санаа зовинож байгаа, зарим зүйлд шүүмжлэлтэй хандаж буй зүйлс ч бий. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Давосын Эдийн засгийн чуулга уулзалтаас буцаж ирээд Засгийн газар ямархуу ажил хийсэнтэй нь танилцана.
-Засгийн газар Оюу толгойн гэрээнд өнөө маргаашгүй өөрчлөлт оруулна гэж зарлаж байснаа дуугүй болчихлоо. Энэ талаархи Ерөнхийлөгчийн байр суурийг сонирхмоор байна.
-Гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах асуудал удаад байгаа нь Христосын болон шинэ жилийн баяртай холбоотой болов уу. Ерөнхийлөгч Оюу толгойн талаар тогтмол, шууд мэдээлэлтэй байгаа. Оюу толгойн хөрөнгө оруулагчид бол манай улстай урт хугацаанд хамтран ажиллах түншүүд учраас холбогдох гэрээ баримт бичигт нэмэлт өөрчлөлт оруулаад гэрээгээр хүлээсэн үүргээ чанд биелүүлнэ гэдэгт Ерөнхийлөгч итгэж байгаа.