-УИХ-ын даргад шаардлага хүргүүлснээр байдал өөрчлөгдөх үү?
-Монгол Улс бол хууль зүйтэй орон. Аливаа зүйлийг хуулийн хүрээнд шийдэх ёстой. Ямар ч том гэрээ бай, жижиг гэрээ бай, ялгаагүй. УИХ-аас Засгийн газарт тодорхой хэмжээний эрх олгосон. Ингэхдээ тодорхой хэмжээний эрх зүйн орчинг зааж өгсөн. Харамсалтай нь, өнөөдөр манай Засгийн газар гэрээ байгуулж баталгаажуулах явцдаа УИХ-аас олгосон эрх мэдлийг хэтрүүлсэн. Тэр бүү хэл түүнийг зөрчсөн. Биелүүлээгүй. Тийм байдлаар гэрээ батлах төвшиндөө ирж байна. Тэгж болохгүй л дээ. Ингэвэл хууль бус гэрээ болно. Хууль бус гэрээ болбол дахиад асуудал задарна. Тиймээс одоо цаг хугацаа байгаа дээр нь залруулж ав гэсэн. Хоёрт гэвэл, аливаа зүйл дээр улс орны эрх ашиг гэж байх ёстой. Гаднынхантай хамтрах ёстой. Гэхдээ өөрсдийнхөө эрх ашгийг хохироож хамтарч болохгүй. Хоёр талдаа харилцан ашигтай байж л аливаа бизнес явдаг.
-УИХ-ын дарга ямар нэг хариу өгсөн үү?
-УИХ-ын дарга бичгийг хүлээж аваад даргын зөвлөлөөр ярихаар болсон. Ирэх долоо хоногоос холбогдох ажлын хэсгүүд дүгнэлтээ гаргаж, байнгын хороодоор хэлэлцүүлж хамтын шийдвэр гаргах ёстой гэсэн чиглэл өглөө. Асуудал УИХ-аар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд орлоо.
-Анх хуулийг батлахдаа УИХ-ын гишүүд энэ алдаанаас сэрэмжилж болоогүй юү?
-Бид “гэрээг батлах эрхийг олгосугай” гэсэн шийдвэр гаргасан. Тэр дотор нөхцөл заасан. Нэгдүгээрт, тоо хэмжээ бол 34 хувиас доошгүй байх ёстой. Хоёрт, энэ гэрээг байгуулахдаа өнөөдөр мөрдөж байгаа хүчин төгөлдөр хуулийн хэмжээнд, урьд баталсан УИХ-ын 40 дүгээр тогтоолын дагуу батлахыг зөвшөөрсөн. Гуравдугаар заалт нь хөрөнгө оруулалтаа нөхсөний дараагаар Монголын талын хувь оролцоог 51-ээс доошгүй төвшинд хүргэе гэж заасан. Гэтэл энэ гурван заалт гурвуулаа зөрчилтэй болчихоод байна. Хөрөнгө оруулалтаа нөхсөний дараа 51 хувьд хүргэх гэсэн заалт нь байхгүй. Бид хүчин төгөлдөр хуулийн хүрээнд гэрээ байгуул гэсэн. Гэтэл гэнэтийн ашгийн 68 хувийн татвар гэдэг гол асуудал байгаа. Үүнийг 2011 оны нэгдүгээр сарын 1-нээс хүчингүй болгох хууль баталсан. Энэ бол батлагдсан болохоос хүчин төгөлдөр хууль биш. Тэр утгаараа Оюутолгойн гэрээнд 68 хувийн татвар төлөгдөхөөр орох ёстой байсан. Түүнийг хийгээгүй. Бид бас 34 хувийг авахдаа зөвхөн охин компанийх нь 34 хувийг авчихсан байгаа. Тэгвэл толгой компанийхаа хувьцаатай тэр хувьцаа нь хөрвөдөг байх учиртай юм. Өнөөдөр энэ компанийн хувьцаа зах зээл дээр 10 дахин өсөөд хөрөнгийн үнэлгээ нь зургаан тэрбум гаруй ам.доллар болчихоод байгаа. Хэрэв 34 хувь нь Монголын төрийнх гэж үзэх юм бол түүнд ногдох хоёр тэрбум ам.доллар Монголынх болох ёстой. Гэтэл өнөөдөр тэр байхгүй. Энэ тухай би өнгөрсөн намрын чуулганы төгсгөлд Ерөнхий сайд С.Батболдоос асуусныг та нар санаж байгаа байх. “Засгийн газар буруу гэрээ байгуулснаас Монгол Улс хоёр тэрбум ам.доллараар хохирсныг та хүлээн зөвшөөрч байна уу” гэхэд “Тийм” гэж хариулсан.Бас нөөцийн 50 хувь алга болчихсон. Техник эдийн засгийн үндэслэлийг өчигдөр хүлээж авахдаа нэлээд учир дутагдалтай хүлээж авсан. Энэ мэт алдаанууд байгаг гаргаж хэллээ.
Д.ОЮУН