Хуучирсан мэдээ: 2010.03.27-нд нийтлэгдсэн

Гуравдугаар сарын 27

Гуравдугаар сарын 27-ны баярууд

Олон улсын театрын өдрийг (World Theatre Day) гуравдугаар сарын 27-ны өдөр болгох саналыг 1961 онд Олон улсын театрын институт (International Theatre Institute, ITI) гаргасан бөгөөд ITI төв ба олон улсын театрын нийгэмлэгүүд энэ баярыг жил бүр тэмдэглэдэг.
Дэлхийн театрын өдөрт зориулсан анхны уриалгыг Францын зохиолч Жан Кокто (фр. Jean Cocteau, 1889—1963) 1962 онд бичиж байлаа.
Театр гэсэн үг нь эртний Грекийн “Үздэг байр” гэсэн үгнээс гаралтай ба уламжлалаараа бол театрт инээдмийн ба эмгэнэлт гэсэн хоёр төрөл голчлон тоглогддог. Театрын анхны тоглолтыг МЭӨ 2500 жилийн өмнө Египетэд хийж тэр нь Осирис бурханы түүхийг өгүүлсэн байдаг гэж тооцдог. Театр нь Эртний Грект урлаг болон бүрэлдсэн юм.

Өдрийн ишлэл
“Бид бол зүгээр л нэг үхэлтнүүд, театр бол амьдрал шигээ мөнх”
 (Шаржийн вант улсын (Арабн Нэгдсэн Эмират) захирагч Султан бин Мохаммеда Аль-Касимийн 2007 онд Олон улсын театрын өдрөөр илгээсэн илгээлтээс)

Шейх Аль-Касими

Театрын уран бүтээлд олгох өөрийн шагналыг бий болгож байгаа хүмүүс Олон улсын театрын өдрөөр Парис дахь ЮНЕСКО-гийн төв байрны шатан дээрээс илгээлтээ уншдаг уламжлалтай.

Үйл явдал

1330 он. Ижил орчмын эртнээс хадгалагдан ирсэн уран барилгын цогцолбор Ипатьевын Гурван хувилгааны хийдийг 1432 оны судар бичигт анх дурдсан боловч үндэслэгдсэн нь түүнээс хамаагүй өмнө юм. Түүнийг анх Татаарын мурза гэх хэргэмтэй Алтан ордын язгууртан Чет 1330 онд байгуулсан тухай XVI зуунд бичигдсэн хийтийн домогт өгүүлдэг. Четын нойронд Эх дагина гарч ирээд Хувилгаан Ипатийд зориулсан сүм барихгүй бол тэр өвчнөөсөө салахгүй гэсэнн байна. Гурван хувилгааны дацангийн барилгаар хийдын байгуулалт эхэлсэн бөгөөд XVI зуунд тус хийдийн чулуугаар барьсан байгууламжууд бий болжээ.

1783 он. Дөнгөж 27 нас хүрээд байсан Моцарт валторна хөгжмийн тоглогч Йозеф Игнац Лейтгебт дөнгөж дуусгасан  ми-бемоль мажор концертынхаа партитурыг бэлэглэжээ. Тэр үед  Игнац Лейтгеб  хөгжмийн зохиолчийн сайн найз, мөн Европын шилдэг хөгжимчдийн нэгээр тооцогдож байлаа. Мөн тэрээр Моцартын эцгээс зээлж авсан мөнгөөрөө Вена хотод бяслагийн дэлгүүр нээсэн байв. Хөгжмийн бичлэгээ бэлэглэхдээ “Илжиг, үхэр буюу энгийн нэг маанаг Лейтгебыг өрөвдөн дурсгав. Вольфанг Амадей Моцарт” гэсэн утгатай шоглолыг суут хөгжимчин бичсэн байв. Энэ нь шоглол байсан ч түүхчид Лейтгебийг үргэлж “илжиг” гэж бичиж иржээ. Харин хөгжимчдын нөхөрлөл Австрийн суутанг 1791 онд нас бартал үргэлжилсэн гэдэг.

1841 он. Одоогоос 169 жилийн өмнө  анхны уураар ажиллах галын машиныг туршиж үзжээ. Машин нь найман тонн жинтэй байсан ба байрнаас нь хөдөлгөхийн тулд хоёр морь хэрэгтэй байсан аж. 1841 онд Пол Хожын бүтээсэн гал сөнөөгч уурын машиныг  туршин Нью-Иоркийн нэг хэсэгт ажиллуулж үзсэн байна. Хэсэг хугацааны дараа түүнийг хэтэрхий хүнд жинтэй гэж үзэв. Мөн машин гал унтраах зуураа яндангаасаа оч, дөл хаялж байсан нь комисст таалагдсангүй. Уурын хөтөлгүүрийг бүтээн түүнийг галын насост ашигласан нь гал унтраах ажлыг шуурхай болгосон юм. Гэхдээ нефть, масло шатаж байхад тэр нь зохих үр дүнг өгөөгүй гэдэг. ХХ зууны эхээр Бакугийн гимназийн профессор А.Г.Лоран гал унтраах химийн хөөсийг санал болгосон ба тэрээр 1902 онд хөөс, ба гал унтраагчийг патентыг авчээ.

1893 он. Швейцарийн Longines гэх цаг үйлдвэрлэгч компани өөрийн логотипийг бүртгүүлсэн байна.  Longines анх цаг засварын газар байсан ба Түүнийг Швейцарын цагны аж үйлдвэрийн анхдагч Сент-Имье хотод 1832 онд Огюст Агасси нээсэн ба хожим үеэл дүү Эрнест Франсиеон нь түүний ажил үйлсийг үргэлжлүүлсэн байна. Эрнест 1866 онд Ле-Лонжин хотноо гар үйлдвэр байгуулан дараагийн жилд нь “E. Francillon, Longines, Suisse” бичигтэй анхны цагийг гаргажээ.  Longines өөрийн анхны том шагналыг 1885 онд Антверпены Дэлхийн үзэсгэлэнгээс авчээ. 1893 оны гуравдугаар сарын 27-нд бүртгүүлсэн логотип нь уг компанийг албан ёсоор худалдааны тэмдэгээ бүртгүүлсэн цагны үйлдвэрийн анхны компани болгожээ. Мөн тус компани 10 Гран-при, 28 алтан медаль бүтээгдэхүүндээ авсан нь бас л цагчид дундаа тэргүүлж байна.

1990 он. Одоогоос 20 жилийн өмнө Лондон хотноо дэлхийд анхных болох Шерлок Холмсийн музейг нээсэн байна. Музейн үүдэнд үзэгчдийг цагдаа угтан тэднийг Виктория хатан хааны үеийн хувцастай бүсгүйчүүдэд хүргэж өгнө. Тэд тасалбар худалдахаас гадна “Миссис Хадсон” гэсэн жижиг зоогийн газарт урьдаг. Зочдыг викторианы үеийн хоолоор дайлдаг ажээ. Музейн нээлтийг үүнээс ч эрт хийж болох байлаа. Олон уншигчид Холмс ба түүний найз Ватсон эмч хоёрыг бодит хүмүүс гэж боддог бөгөөд тэдний амьдарч байсан гэх байранд 1881-1904 онуудад музей ажиллаж байжээ. Тэнд байгаа мөрдөгчийн тасалгааг Артур Конан Дойлийн номонд бичсэнээр хийсэн юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж