Цаанаа л ёозгүй хяхтнах хөрөөн дуунд 100 гаруй амь тасарчээ. Тэд бүгд 30 орчим настай. Өвлийн тэсгэм хүйтэнд хөлдөж, нүцгэрсэн тэднийг замын хажуугаас хөглөрөхийг харахад дотор хүйт даана. Хотын хорт удааг бага ч болов багасган шүүж, хуйларсан тоосон хөшгийг чадлынхаа хирээр 30 жил нимгэлсэнийхээ хариуд ийм ял хүртжээ, тэдгээр улиас. Хавартаа нахиалан сэтгэл сэргээж, аагим халуунд хурц нарнаас зугтан сүүдэрлэж, хүйтэн бороонд нөмөрт нь дулаацангаа автобус хүлээдэг тэр л улиаснуудаас одоо хожуул л үлдэж. Ирж яваа цагийг илтгэн зүсээ хувилган мэндчилэх улиас үнэхээр амь тасарчээ. Буян үйлдэж “талийгаач”-дыг хотын захын хаа нэгтээ утаа үйлдвэрлэгчдийн зууханд “чандарлуулсан” дуулдав.
Товчхондоо бүтээн байгуулалт нэрийн дор арай гэж хийсэн ногоон байгууламжийг устгах аян өрнөж байна, яг одоо. Тээврийн товчооноос Нарны зам хүртэлх автозамын хоёр талаар ургасан улиасыг хөрөөджээ.
Хүн амын талаас илүү хувь нь амьдрах нийслэл хотод ногоон байгууламж юусан билээ. Суулгац тарьж, арчилж ургуулна чаддаг бил үү, бид чинь. Одоогоос арваад жилийн өмнө буюу 2002 онд Улаанбаатар хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, Япон Улсын Засгийн газрын тусламжтай Гүүрэн зам барих төслийг боловсруулсан байна. “Нарантуул” худалдааны төвийн баруун урд уулзвар, төмөр зам дээгүүрх гүүрэн гарц барьснаар хөдөлгөөний эрчмийг сайжруулах том алхам болно гэж албаныхан онцолж буй. “Амьсгалаа хураасан” энэ улиасыг тэртээх 30 жилийн өмнө хожим хөрөөдүүлэх гэж бөөцийлөөгүй нь лавтай. Хажуугаар өнгөрөх хүмүүс бүгд л “Яагаад ингэж байгаа юм бол. Замаа өргөсгөх гэж л байгаа биз дээ, нэгийг босгох гээд нөгөөг нь нураадаг муухай зантай улс юм даа” гэж халаглана. Газарт унасан суулгацны хажууханд Гүүрэн зам барих төсөл, захиалагч Зам тээвэр барилга хот байгуулалтын яам, хэрэгжүүлэгч нийслэлийн Засаг даргын тамгын газар гэж бичсэн томоос том самбар байрлуулжээ.
100 гаруй мод, бут “дайралтад” өртөнө
Үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордон, Тээврийн товчооны замыг өргөтгөхийн тулд замын хажуугаар тарьсан улиасыг тайрч огтлохоос аргагүйд хүрсэн нь энэ аж. Монгол Улсын талаас Гүүрэн замыг барихад эхний ээлжинд зам талбайг чөлөөлөх үүрэг хүлээжээ. Дээрх зам дагуух 100 гаруй мод, бут, сөөгийг тайрч, газрыг чөлөөлөхөөр тооцоолсон гэнэ. Одоогийн байдлаар замын хоёр талаарх 30 гаруй улиасыг тайраад байгаа аж. Цаана нь 15 улиас, бусад бут сөөгийг мөн л энэ байдлаар хөрөөдөх юм байна.
Нэг улиас 487 мянган төгрөгийн үнэтэй
Нийслэлийн тулгамдсан асуудал болох замын түгжрэлийг багасгахаар томоохон бүтээн байгуулалт хийж буй нь сайшаалтай ч ногоон байгууламж устгах нь тодорхой хэмжээгээр хохирол дагуулах нь ойлгомжтой. Түүнчлэн тайрч, огтолсон улиасаа нөхөн сэргээж тарих уу гэх асуулт ч гарч ирнэ. Энэ талаар НЗАА-ны Хот нийтийн аж ахуйн менежментийн хэлтсийн Ногоон байгууламж хариуцсан мэргэжилтэн Н.Батсүхээс тодруулахад “Бид яамнаас өгсөн үүрэг даалгавраар тодорхой хууль дүрмийг баримтлан улиаснуудыг тайрч, газрыг чөлөөлөх ажлыг гүйцэтгэж байгаа” гэсэн юм.
Гүүрэн зам барих ажил өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас эхэлж, одооноос эрчимжиж байгаа гэнэ. Өнгөрсөн онд Хот суурин газрын цэцэрлэгжилт, ногоон байгууламжийн тухай хууль батлагджээ. Энэ нь хотын ногоон байгууламжийг бүтээн байгуулалтаас дутуугүй чухалд тооцох нэг боломжийг бүрдүүлсэн гэж албаныхан онцолж байв. Гэтэл үр дүнд нь ногоон байгууламжаа устгаж эхэллээ. Зөрчихийн тулд хууль байдаг гэмээр юм шиг.
Улиасыг өөр газар нөхөн суулгах боломжгүй
20-30 жилийн настай улиасыг өөр газар суулгаж ургуулах боломжгүй. Гүүрэн зам барихын тулд тайрч авч байгаа 100-аад ширхэг улиас, бут сөөг бүгд өндөр настай тул дахин суулгах аргагүй гэнэ. Тэднийхээр бол Улаанбаатар залуусын хот учраас хөгширсөн улиас хэрэггүй юмсанж. Гэтэл тоосжилт, орчны бохирдлыг багасгах улиас мод жилд 1-1.5 метр ургадаг, монгол орны эрс тэс уур амьсгалд нэн тохиромжтой гэж эрдэмтэн судлаачид нотлоод байгаа юм.
Нуухыг нь авах гээд нүдийг нь сохлохын үлгэрээр улсын чанартай замын шинэчлэл, өргөтгөл, инженерийн шугам сүлжээ, барилга байгууламж шинээр барих тоолонд нийтийн эзэмшлийн зүлэг талбай, ногоон байгууламж хоёрдугаарт тавигдаж хэлмэгддэг нь нууц биш. Гэтэл нийслэл хотын 7.3 мянган ам метр талбайн дөнгөж 3-5 хувийг ногоон зүлэг, 20 хүрэхгүй хувийг ногоон байгууламж эзэлдэг аж. Анх 500 мянган хүн оршин суух төлөвлөгөөтэй байгуулагдсан нийслэл хотын хүн ам гурав дахин өссөн. Үүнийг дагаад агаарын бохирдол, тоосжилт хэвийн хэмжээнээс 20-30 хувь хэтэрч, хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх болов. Нөгөө талаар замын хөдөлгөөний ачаалал хэрээс хэтэрсэн энэ үед гүүрэн зам барих нь хамгийн зөв гарц. Хорин тэрбум төгрөгийн өртөгөөр Гүүрэн зам босгох ажлын хажууд 100-хан улиасны “ам таслах” юу ч биш болов уу, эрхэмүүдэд. Гэвч бүтээн байгуулалт нэрийн дор бүтээснээ устгаад баймааргүйсэн.
Энэ жил нийслэлд урьд өмнө нь байгаагүй их хөрөнгө оруулалт хийж, тэр тоолонгоор шинэ зам тавина гээд буй. Энэ янзаараа бол гэр хорооллыг айлуудыг “мод чандарлах” газар болгож, нийслэлийн модны хойдохыг хотын удирдлагууд унших бололтой. Ум ма ни бад мэ хум.