Жолооч нар төмөр зам хааж жагсана

Хуучирсан мэдээ: 2011.01.26-нд нийтлэгдсэн

Жолооч нар төмөр зам хааж жагсана

Хот хоорондын зорчигч тээврийн “Хүчит арслан” ХХК-ийн жолооч нар өнөөдөр Улаанбаатар хот руу орж ирэх бүх авто тээврийн болон  төмөр замын гармуудыг хааж, эсэргүүцэхээ мэдэгдлээ. Тэд Авто тээврийн газрыг орон нутгийн тендерийг будлиантуулсан хэмээн үзэж, Авто тээврийн газрын үүдэнд суулт зарлаад ес хонож байгаа юм. Жолооч нарын тэмцэл тодорхой үр дүнд хүрэхгүй байна гэж тэд үзсэний эцэст тэмцлийн дараагийн хэлбэрт шилжихээр болсноо мэдэгдээд байна. “Манай компани эрх авсан. Гэхдээ тендерт хоёр компани сонгогдох байсан ч зургаан компанид эрх өгсөн. Одоо Орхон аймгийн энэ зургаан компанийн жолооч нар хоорондоо зодолдох зэрэг байдал энүүхэнд болоод байна. Тиймээс энэ асуудлаа хурдан шийдэж өгөхийг хүссэн шаардлагыг бид Авто тээврийн газрын дарга Б.Цэнгэлд өнөөдөр хүргүүлээд байна. 24 цагийн дараа бидэнд тодорхой хариу өгөхгүй бол Нийслэлд орж ирэх бүх авто зам, төмөр замын гармуудыг хааж зогсох болно” хэмээн “Хүчит арслан” ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Ц.Чинбат мэдэгдлээ. Тус компани нь 25 микро автобус, 30 суудлын авто машин, найман том оврын автобусаар иргэдэд үйлчилдэг бөгөөд 80 гаруй ажилчинтай юм байна.

 Ш.Чимэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж