Далайд амьдрагч загасны төрөл дотор төрх байдлаар нь чонотой зүйрлэхүйц махчид байдгийн нэг нь алуурчин халим юм. Зөвхөн догшин хэрцгий гэхээсээ хэр баргийн амьтдаас гарахааргүй ухаалаг,сэтгэж чаддаг амьтан гэдгийг нь батлах нэгэн бичлэгийг америк гэр бүлийн хоёр Антарктидаас олж иржээ. Том болон Шэрон Меритт нар хойд туйлын орчимд далайн аяллаар явж байх үедээ маш ховор энэ бичлэгийг хийсэн байна. Тэдний аялж явсан усан онгоц түр зогсох үеэр аялагчид хөвж яваа хэсэг мөсөн дээр амиа аргацааж ядах нэгэн далайн хавыг олж харсан гэнэ. Харин түүнийг тойроод шинэ махны үнэр авсан өлсгөлөн алуурчин халимнууд эргэлдэж байжээ. Энэ тухай Том дурсан ярихдаа “ Тэр хөөрхийлөлтэй амьтан ердөө л 25 ам метр талбайтай мөсөн дээр гарсан байсан. Гэхдээ түүнд хүрч болохгүй байсан болохоор тойрон хөвж явсан алуурчин халимнууд хөвж яваа мөсийг нь сэгсрэхийг оролдсон” хэмээн ярьж байна. Мөсөн дээр гарсан олзоо ус руу унагахын тулд алуурчин халимнууд эхлээд хамтдаа зэрэгцэн сэлж давалгаа үүсгэн мөсөн дээрх далайн хавыг цохиулж унагахыг оролдсон байна. Гэвч арай амжсангүй. Дахин оролдлого хийхдээ алуурчин халимнууд шинэ төлөвлөгөө боловсруулж бие биенийхээ араас зэрэгцээ эгнээгээр маш хурдтай, бараг 35 милийн буюу 50 км цагийн хурдтайгаар усны мандлыг зүсэн цувж дайрсан гэнэ. Ингэхэд их хэмжээний усан долгион босч мөсөн дээгүүр халин гарахдаа дээр нь байсан далайн хавыг хүчтэй шавхуурдан ус руу унагажээ. Үүнийг харсан аялагчид үнэн сэтгэлээсээ гайхан дуу алдаж байжээ. Энэ бүхнийг нүдээр харсан гэр бүлийн хоёр хэлэхдээ “ Алуурчин халимнууд үнэхээр сэтгэгдэл төрүүлж байсан…Тэдний хамтран хийж байгаа бүхэн үнэхээр гайхалтай ” гэж хэлцгээжээ.
М.Наст