
Тэд ирэх дөрөвдүгээр сарын 6-наас дагаж мөрдөх Оюутолгойн хөрөнгө оруулалтын болон Хувь нийлүлэгчдийн гэрээний зарим заалт Ашигт малтмалын тухай хууль болон бусад хууль тогтоомжийг зөрчсөн хэмээн үзсэн байна. УИХ-аас гэрээ хийх зөвшөөрөл өгөх үед танилцуулж байсан ордын зэс, алтны нөөцийн 44 орчим хувийг улсын бүртгэлд бүртгүүлээгүй. Гэвч тэр чигээр нь техник эдийн засгийн үндэслэлийг хүлээж авсныг гишүүд зөвшөөрөөгүй байна.
Мөн УИХ-ын 40, 57 дугаар тогтоолд Гэрээнд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, албан татварын тодорхой хэсгийг урьдчилан авахаар тохиролцох гэж заасан ч хөрөнгө оруулагчдаас 250 сая ам.долларыг жилийн таван хувийн хүүтэй зээлээр авахаар болсон, энэ зээлийн урьдчилгааны 100 сая ам.долларыг урьдчилгаа төлбөр гэж олон нийтэд ойлгуулсны шалтгаан тодорхой бус, УИХ-ын 57 дугаар тогтоолын “эрх зүйн орчныг бүрдүүлэх замаар анхны хөрөнгө оруулалтыг нөхсөний дараа төрийн эзмшлийн хувьцааны хэмжээг 50-иас доошгүй хувьд хүргэж нэмэгдүүлэх асуудлыг хөрөнгө оруулагчтай тохиролцон шийдвэрлэхийг Засгийн газар /С.Баяр/-т үүрэг болгосугай” гэсэн заалт хэрэгжээгүй зэрэг зөрчил байгааг шаардлагад дурджээ.
Ингээд дөрөвдүгээр сарын 6-наас өмнө гэрээтэй холбоотой УИХ-ын шийдвэрийн хэрэгжилтийг хангах талаар Засгийн газартай ажиллах нь зүйтэй гэж УИХ-ын даргад гардуулсан бичигт тусгажээ.
Д.ОЮУН