Монголбанкны ерөнхийлөгч асан УИХ-ын гишүүн О.Чулуунбат АНУ-ын иргэн Жорж Чайлмерс нарын хооронд “40 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд 2006 оны гуравдугаар сарын 9-ны өдөр аккредитив нээх 200 сая ам.долларын гэрээ байгуулж улмаар манай улсад 21 сая ам.долларын хохирол учруулсан хэрэгт Улсын мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст өнгөрөгч 2008 оны гуравдугаар сард эрүү үүсгэн шалгаж эхэлсэн билээ. Уг хэрэгт холбогдуулан тухайн үеийн Монгол банкинд ажиллаж байсан албан тушаалтнуудыг холбогдуулан шалгаж эхэлсэн ч мөрдөн байцаалтын шатанд тус банкны удирдах албан тушаалтнууд уг хэрэгт холбогдолгүй болох нь тогтоогдож харин гэрээнд гарын үсэг зурсан О.Чулуунбатыг сэжигтнээр тооцон шалгаж эхэлсэн юм.
АНУ-ын иргэн Жорж Чайлмерс “Стоунлей интернэшнл” компанийн нэрээр 200 сая ам.долларын аккредитив нээх хууль бус гэрээ байгуулсан байх юм. Малайзын “Лабуан офшор” бүсэд хамаарах энэ компани нь Монголбанктай байгуулсан гэрээндээ 200 сая ам.долларын аккередитивийг ашиглан олон улсын санхүүгийн зах зээлээс нэг тэрбум ам.доллар татаж, уг эх үүсвэрээ ашиглан орон сууцны дээрх хөтөлбөрийн барилгын 30 мянгыг барихаар төлөвлөсөн нь бүтэлгүйтэж улмаас залилангийн хэрэгт татагдан шалгуулж эхэлсэн билээ. Эл хэргийг шалгах явцад Төв банкны ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг Жорж Чайлмерст залилуулсан гэж үзэн хохирогчоор тогтоосон юм. Мөн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ О.Чулуунбат “Жорж Чайлмерст төв банк 21 сая ам.доллараа залилуулсан, би буруугүй” гэсэн мэдүүлэг өгч байсан аж. Нийслэлийн прокурорын газраас ч уг хэргийг хянахдаа АНУ-ын иргэнд Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлд заасны дагуу “Бусдын онц их хэмжээний хөрөнгийг залиллан мэхэлсэн” гэх үндэслэлээр өнгөрсөн 2010 онд яллах дүгнэлт үйлдүүлэхээр Чингэлтэй дүүргийн шүүхэд шилжүүлсэн. Гэвч тэрбээр 2010 оны тавдугаар сарын 9-ны өдөр товлогдсон шүүх хурлын өмнө гадаад руу оргон зайлжээ. Ингээд тэрбээр хилээр оргоснынхоо дараа өөрийн өмгөөлөгчдөө Тайландаас цахим шуудан илгээсэн тухай мэдээлэл өнгөрсөн долдугаар сард гарч байсан ч хууль хяналтынхан яг хаанаас захидал бичсэнийг тогтоох боломжгүй гэж үзсэн юм. Харин Чингэлтэй дүүргийн шүүх бүрэлдэхүүн дээрх шүүгдэгч этгээдийг батлан даасан өмгөөлөгч Цэрэнжээд нэг сая төгрөгийн торгууль оногдуулж байв. Ингэж манай улсын төв банкийг залилаж асар их хэмжээний хохирол учруулсан АНУ-ын иргэн Жорж Чайлмерс оргон зайлсан тул уг хэрэг гацаанд орсон юм. Харин сүүлийн үеийн мэдээллээр өнгөрсөн оны есдүгээр сард дээрх залилангийн хэргийг Улсын мөрдөн байцаах газраас түдгэлзүүлэх саналтай нийслэлийн Прокурорын газарт хүргүүлсэн ч хэрэгт сэжигтнээр татагдсан этгээд Монгол Улсын хилээр оргон зайлсан эсэх нь тогтоогдоогүй гэсэн үндэслэлээр нэмэлт ажиллагаа хийхээр буцаасан байна. Эх сурвалжийн мэдээллээр Жорж Чайлмерс нь өнгөрсөн оны зургаадугаар сард оргон зайлсан нь тогтоогдсон тул ийн хэргийг нь УМБГ-аас өнгөрсөн долоо хоногт дахин прокурорын хяналтад шилжүүлжээ. Одоогоор хэргийг түтгэлзүүлэх эсхүл шүүхэд шилжүүлэх эсэхийг энэ долоо хоногт багтан хяналтын Прокурор Х.Базаррагчаа шийдвэрлэх гэнэ. Хэрэв түүнд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлбэл яллах боломжтой юм. Учир нь Эрүүгийн хуулийн 240.2-т зааснаар “Хэрэв шүүгдэгч Монгол Улсын хилийн гадна байгаа бөгөөд шүүхэд хүрэлцэн ирэхээс зайлсхийсэн тохиолдолд хэргийг түүний байхгүйд хэлэлцэж болно” гэсэн заалтыг үндэслэн хэргийг шүүн тасална. Түүний хуурамч гэрээ байгуулж их хэмжээний хохирол учруулсан хэргийг мөрдөн байцаах ажиллагаа гурван он дамжиж хэрэгтэн өөрөө хилээр оргон зайлуулснаар хуулийнхний дунд хүлээлт үүсч хэргийг хэдийд эцэслэн шийдэгдэх эсэх нь тодорхойгүй болсон юм. Шүүгдэгч Жорж Чайлмерсийг оргон зайлсны дараа манай хууль хяналтынхан интерполоор эрэн сурвалжилж эхэлсэн. Юутай, “40 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд 2006 оны гуравдугаар сарын 9-ны өдөр аккредитив нээх 200 сая ам.долларын гэрээ байгуулж улмаар манай улсад 21 сая.ам долларын хохирол учруулсан хэргийг эзэн холбогдогчгүй шүүхийн танхимд хянан хэлэлцэгдэж магадгүй болоод байна.