Такахаши уран гулгалтын дэлхийн аваргаас алтан медаль хүртлээ

Хуучирсан мэдээ: 2010.03.26-нд нийтлэгдсэн

Такахаши уран гулгалтын дэлхийн аваргаас алтан медаль хүртлээ

Ванкуверийн олимпийн наадмаас хүрэл медаль хүртсэн Японы уран гулгагч Дайсүкэ Такахаши Италийн Турин хотноо үргэлжилж буй 100 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс аваргын алтан медаль хүртлээ. Олимпийн наадмын алт, мөнгөн медальт Иван Лысачек болон Евгений Плющенко нарын эзгүйд Такахаши дэлхийн аваргын мөсөн талбайд гялалзаж, эх орондоо дэлхийн аваргын эрэгтэйчүүдийн төрөлд анхны алтан медалийг авчирчээ. Харин мөнгөн медалийн эзнээр Канадын Патрик Чан тодорсон бол Францын Брайн Юберт хүрэл медалийн болзол хангасан байна. Лхагва гаригт болсон эрэгтэйчүүдийн богино үзүүлбэрт хамгийн өндөр буюу 89.30 оноо авсан Такахаши чөлөөт үзүүлбэрээрээ шүүгчдээс 168.40 оноо авснаар нийт 257.70 оноогоор аваргалжээ. Харин Патрик Чан 247.22, Юберт 241.74 оноо авсан байна.
Турин хотын “Палавела” мөсөн талбайд өчигдөр мөн мөсний бүжгийн тэмцээн болсон бөгөөд оригиналь бүжгийн төрөлд Канадын хос болох Тесса Вирту, Скотт Моир нар хамгийн өндөр буюу 70.27 оноо, АНУ-ын Мерил Дэвис, Чарли Уайт нар 69.29, Италийн Федерика Файелла, Массимо Скали нар 59.16 оноо тус тус авч, бусдаасаа тэргүүлжээ. Харин өнөөдөр эмэгтэйчүүдийн богино үзүүлбэр болон чөлөөт бүжгийн тэмцээн болж байгаа юм. Тэмцээн энэ сарын 28-нд өндөрлөнө.
С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж