Standard” сонины газрын эзэн Александр Лебедев “The Independent” болон
“Independent on Sunday” сонинуудыг худалдаж авлаа гэж “BBC” мэдээллээ.
Алдагдалд ороод байгаа Ирландын “Independent News & Media” /INM/
компанийг ганц ширхэг сонины үнэ болох нэг паундаар худалдаж авсан
байна. Худалдааны гэрээний дагуу “INM” ирэх арван сарын дотор ноён
Лебедевийн “Independent Print Limited” /IPL/ компанид 9.25 сая паунд
төлөх юм байна. Хоёр компанийн хоорондын хэлэлцээр олон сар үргэлжилсэн
юм. INM-ээс шинэ эзэндээ төлж байгаа төлбөр нь “ирээдүйд учирч болох
худалдааны алдагдал болон өр төлбөрийг нөхөх зорилготой“ юм байна. Энэ
гэрээ нь “Ноён Лебедевийн гэр бүлийнхэн алдагдалд орсон хэвлэлүүдэд шинэ
эрч хүч өгч, хөл дээр нь дахин зогсоох хүсэл тэмүүлэлтэй холбоотой” гэж
“IPL” мэдэгдсэн.
Гэрээний тухай зарлахаасаа өмнө Москвад хийсэн мэдэгдлийнхээ үеэр
Лебедев “Би сониныг бизнес гэж ханддаггүй. Харин тэдэнтэй ажиллаж,
туслахыг өөрийн үүргээ гэж үздэг. Сонин хэвлэл, эрэн сурвалжлах сэтгүүл
зүйгээр дамжуулж олон улсын авлигын сүлжээний талаарх бүхнийг гаргаж
ирэх боломжтой” гэж хэлсэн байна. “INM”-ын гүйцэтгэх захирал Gavin
O’Reilly энэ гэрээ нь “Яриа хэлэлцээр аль ч талдаа хамгийн ашигтай
болсон” гэж мэдэгдсэн. Гэрээг Ирландын өрсөлдөөний захиргаанаас баталсны
дараа хүчин төгөлдөр болно.
Интернэт мэдээ нэмэгдсэнээс гэрээнд оролцсон талууд сүүлийн жилүүдэд
ашигтай ажиллахад хүндрэлтэй болсон бөгөөд зар сурталчилгааны орлого нь ч
бас буурсан юм. Лебедев өмнө нь Оросын тусгай алба болох КГБ-д ажиллаж
байсан бөгөөд өнгөрсөн жил “Evening Standard” сонины газрыг мөн нэг
паундаар худалдаж авч байсан юм. “Evening Standard” сонинг үнэгүй
тарааж байгаа бөгөөд үр дүнд нь уншигчдын тоо нь эрс нэмэгдсэн.
“Independent”-ын сонингуудыг мөн үнэгүй тарааж магадгүй гэсэн
таамаглалыг сэтгүүлчид ярьж байна.
Т.Санаа