-Түүнийг анхнаас нь өмгөөлж байсан хүний хувьд давж заалдах шатны хуралд ямар саналтай орсон бэ?
-Н.Мөнх-Оргил хэргээ хүлээхгүй байгаа. Бас ар гэрийнхэн, түүнийг таньдаг хүмүүс ч гомдолтой байгаа юм. Тиймээс хэргийг дахин шалгаж, нягтлах хэрэгтэй гэж үзээд нэмэлт мөрдөн байцаалтад буцаах, дахин шинжээч томилох саналтай оролцсон ч шүүх бүрэлдэхүүн хэрэгсэхгүй болголоо.
-Анхан шатны шүүх хурлаас хойш Н.Мөнх-Оргилтой та уулзсан уу. Биеийн байдал нь ямар байна?
-Цаазын ял сонссон ч гэсэн өмгөөлөгч нь уулзах эрхтэй. Би гурван удаа очиж уулзсан. Н.Мөнх-Оргил эхнээсээ хэргээ хүлээгээгүй. Ар гэрийнхэн нь бас гомдолтой байгаа. Түүний ар гэрийнхэн өмнөх шүүх хурлын үеэр л түүнтэй уулзсан. Түүнээс хойш нэг ч удаа уулзаагүй, хуулиараа хориотой шүү дээ. Биеийн байдал нь хэвийн.
-Н.Мөнх-Оргил хэвлэлд ярилцлага өгмөөр байна гэж ар гэрийнхэндээ хэлсэн байсан. Таньд энэ хүсэлтээ хэлсэн үү?
-Түүнд ярилцлага өгөх байтугай, ар гэрийнхэнтэйгээ уулзах эрх байхгүй. Анхан шатны шүүх хурал болоогүй байхад гэрийнхэндээ тиймэрхүү зүйл ярьсан байж магадгүй юм. Шүүхийн шийдвэр гарснаас хойш гурван удаа уулзахад надад тийм зүйл яриагүй гэв.
Уг хэргийн талаар эргэн сөхвөл Хөвсгөл аймгийн харьяат Н.Мөнх-Оргил нь өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 8- 22 өдрүүдэд 13-14 насны гурван охин хүчирхийлж, санаатай алахыг завдсан гэх үндэслэлээр, мөн өнгөрсөн оны тавдугаар сарын 03-нд Хөвсгөл аймгийн Мөрөн суманд найман настай охин хүчиндсэн, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан, хүнийг санаатай алах гэмт хэргийг давтан үйлдсэн гэж буруутган яллах дүгнэлт үйлдсэн юм. Н.Мөнх-Оргилд холбогдох хүчин, хүн амины хэргийн анхан шатны шүүх хурал өнгөрсөн оны арванхоёрдугаар сард болж улсын яллагч Ц.Жадамбаагийн төвлөсөн цаазын ялыг оноосон. Улсын яллагч Т.Жадамбаа “Хэдийгээр Н.Мөнх-Оргил хэргээ хүлээхгүй байгаа ч түүнийг яллах нотлох баримт хангалттай бүрдсэн” гэж байв. Харин түүний ар гэрийнхэн хилс хэрэгт ял шийтгүүлсэн гэж үзэж буй.