Өмнөд Африкийн цагдаа нарын дунд таргалалтын эсрэг кампанит ажлыг явуулахаар эрх баригчид нь шийдсэн байна. Судалгаагаар бол Өмнөд Африкийн цагдаагийн офицеруудын тал хувь нь илүүдэл жинтэй болж таарч байгаа юм. Иймд цагдаагийнхандаа хандаж “ Илүүдэл жингээсээ сал, үгүй бол дүрэмт хувцаснаасаа сална шүү” гэсэн хатуухан уриалга гарган энэ ажлыг бүтэн жилийн туршид явуулахаар болжээ. Энэ ажиллагааны дараа цагдаагийн офицерууд анх албанд орохдоо өмсөж байсан дүрэмт хувцсандаа эргэн багтаж байхаар жингээ бууруулсан байх ёстой юм байна. Хэрэв ингэж чадахгүй бол сахилгын хатуухан арга хэмжээ авахаар болж байгаа юм. Сургалтад хамрагдаж жингээ хасаж эхэлсэн нэгэн офицер хэлэхдээ, “Ямар ч цагдаагийн сургуулиар ороод хараарай, сонсогчид нь бүгд гоолиг өв тэгш бие бялдартай байх вий. Асуудал хэзээ үүсдэг вэ гэхээр цагдаагийн сургуулий төгсөөд албанд орсны дараахь жилээс л эхэлдэг юм даа” гэж хэлж байна. Цагдаагийнхныг тураах энэ ажиллагааг гуравхан сарын дараа тус улсад болох хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг угтан зохион байгуулж байгаа бололтой. Өмнөд Африкийн эрх баригчид энэ тоглолтын үеэр цагдаагийн ажилтнууд нь аюулгүй байдлыг бүрэн хангаж чадна гэдгээ харуулахыг хүсэж байгаа юм.
М.Наст