Карвальо гэмтсэнээр “Челси” хүнд цохилтод орлоо

Хуучирсан мэдээ: 2010.03.26-нд нийтлэгдсэн

Карвальо гэмтсэнээр “Челси” хүнд цохилтод орлоо

Премьер лигийн “Челси” клубын хамгаалагч Рикардо Карвальо гэмтлийн улмаас хамгийн багадаа дөрвөн долоо хоногийг талбайгаас хол өнгөрүүлэхээр болжээ. Лхагва гаригийн үдэш Премьер лигийн “Портсмут”-тай хийсэн тоглолтод Лондонгийн угсаатнууд 5:0 харьцаатай өрсөлдөгчөө бут ниргэсэн боловч тоглолтын үеэр Карвальо шагайндаа гэмтэл авч, улмаар хэсэг хугацаанд талбайд гарах боломжгүй болсон байна. Түүнд хагалгаа хийх зайлшгүй шаардлага байгаа эсэхийг “Челси” клубын эмч, мэргэжилтнүүд 24 цагийн дотор шийдэх гэнэ. Хэрэв Карвальогийн гэмтэл өнгөц харагдаж байгаа шигээ хөнгөн байж, дөрвөн долоо хоногийг өнжлөө гэж тооцвол тэр Премьер лигийн үлдсэн гурван тоглолтод оролцох боломжтой юм. Гэхдээ харамсалтай нь улирлын тоглолтууд өндөрлөх дөхөж байхад “Челси”-гийн хувьд хамгийн чухалд тооцогдож буй “Астон Вилла” болон “Манчестер Юнайтед”-тай хийх лигийн тоглолтууд мөн FA Cup-ын хагас шигшээд “Астон Вилла”-тай хийх тулаанд Карвальо гар бие оролцох аргагүй болоод байна. Карвальо гэмтсэнээр “Челси”-гийн бүрэлдэхүүнд түүнийг орлож, төвийн хамгаалагчийн байрлалд тоглох хоёр л “сонголт” үлдэж байгаа юм. Нэг нь, бразил хамгаалагч Алекс, нөгөөдөх нь Английн шигшээ багийн ахлагч Жон Терри билээ.
Сүүлийн үед гэмтэл бэртлээс салахгүй байгаа “Цэнхрүүд”-ийн бүрэлдэхүүнээс баруун жигүүрийн хамгаалагч Бранислав Иванович саяхан гэмтэл авсан бол зүүн жигүүрийн хамгаалагч Эшли Коул, хагас хамгаалагч Майкл Эссьен, хамгаалагч Хосе Босингва нар улирлын дийлэнхийг хөлбөмбөгийн талбайгаас хол өнгөрүүлсэн юм. Карвальогийн тухайд “Фрэттон Парк” цэнгэлдэхэд болсон тоглолтын 37 дахь минутад гэмтсэнээр талбайг чөлөөлж, түүний оронд Алекс талбайд гарсан билээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж