Манай эдийн засагт голлох байр суурь эзэлж байгаа уул уурхайн салбарын ажилчдын хөдөлмөрийн үнэлэмжийг хөрөнгө оруулагч орнуудынх нь адил ажил хийдэг ажилчдын долоо хоногийн хөдөлмөрийн хөлсний үнэлгээтэй харьцуулахад үнэхээр эмгэнэлтэй дүр зураг харагдаж байна. Тухайлбал, Канад улсын уул уурхайн салбарын ажилтан долоо хоногт дунджаар 1527 ам. долларын цалин авч байгаа бол манай уул уурхайн салбарын долоо хоногийн дундаж цалин 54 ам.доллар буюу 28 дахин доогуур байдаг аж. Хурлын үеэр МҮЭХ-ны тэргүүн С.Ганбаатар “Манай улсын эдийн засагт валютын нөөц их, ашигт малтмалаас олох орлого тасралтгүй өсч, улсын төсөв чамлахааргүй нэмэгдсээр байна. Харин энэ их боломжийг зөв удирдах, шударга хуваарилах тогтолцоо алга. Манай улсын төсөв өнөөдрийн байдлаар 1.6 сая наяд төгрөгт хүрч байгаа ч сүүлийн гурван жилд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоогүй байна. Гэтэл ЭМЯ-наас “Монгол Улсын иргэн зөвхөн амьд байхын тулд бие организмаа хангахын тулд 115600 төгрөгний хүнс тэжээлийг сард зарцуулах шаардлагатай” гэсэн заавар журам баталсан байдаг. Сүүлийн гурван жилд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 108 мянган төгрөг тооцож үзвэл үлдсэн 10 мянган төгрөгийг хаанаас олж авах вэ гэсэн асуудал үүсч ирнэ. Энэ бол төр нь иргэнээ хулгай хий, хууран мэхэл, өр тавьж амьдар гэсэнтэй адилхан. Амьд явахаас гадна цахилгаан, дулаан гээд хэрэглээний өртөгөө тооцох юм бол Монгол Улсын дундаж орлоготой иргэн ч хэрэгцээгээ хангахад хэцүү болчихоод байна. Олон улсын хэмжээнд мөрдөгддөг хөдөлмөрийн доод хэмжээнээс манай улс 18 дахин бага байдаг. Нийт өрхийн орлогын 70 гаруй хувийг цалин, тэтгэвэр бүрдүүлж байна. Өнгөрсөн оныхтой харьцуулахад худалдан авах чадвар буурсан үзүүлэлт гарч байгаа ядуурал хэдий хэмжээнд очиж байгааг харуулж байна. Эдийн засгийн хямрал зэрэг янз бүрийн учир шалтгааныг бодож үзсэн жирийн хөдөлмөрчин иргэ, настнууд маш тэвчээртэй, хангалттай хүлээлээ. Үүнээс илүү яаж тэсэх билээ. Иймээс цалин тэтгэврийг зайлшгүй нэмэх шаардлагатай байгаа учир МҮЭХ ойрын хугацаанд цалин тэтгэврийг нэмэх асуудлаар Засгийн газрыг ширээний хоёр талд сууж асуудлыг даруй шийдвэрлэхийг шаардаж байна. Бид хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин буюу 216 мянган төгрөгт хүргэх, бүх цалин хөлсийг, тэтгэврийг хоёр дахин нэмэгдүүл гэсэн санал шаардлагыг тавьж байна. Хэрэв ирэх сарын 9 хүртэлх хугацаанд албан ёсоор хариу ирүүлээгүй тохиолдолд хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу тэмцлийн хэлбэрт шилжинэ гэдгийг хатуу анхааруулья” гэлээ.
Д.Долгор