Ерөнхий сайд том уу, намын дарга том уу

Хуучирсан мэдээ: 2010.03.26-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайд том уу, намын дарга том уу

МАХН-д дуртай үедээ мөрддөг, дургүй үедээ хаядаг дүрэм гэх үү журам гэх үү нэг сонин юм бий. Энэ нь сонгуульд ялалт байгуулсан тохиолдолд намын дарга нь Ерөнхий сайд байна гэдэг зарчим. За МАХН ч гэж дээ Ардчилсан нам ч бас янз бүр болж л байсан. Намын дарга нь М.Энхсайхан байхад Ерөнхий сайдаар Ц.Элбэгдорж томилогдож байсан түүх бий.
 С.Баяр Засгийн газраа толгойлж, намын даргаа хавсарч байсан. Харин Ерөнхий сайдын албаа өгөхдөө намынхаа эрх мэдлийг авч үлдсэн. Мэдээж ард түмний төлөөлөгч /УИХ-ын гишүүн/ гэдэг цол нь ажил хийхийг шаарддаггүй учир дагаад “Америк явсан”.
 Нам бол эд хөрөнгө эрх мэдэлд хүргэдэг “Мянганы зам” гэж ойлгогддог Монголд  С.Баяраас Засгийн газрын тэргүүний ажлыг нь авсан Сү.Батболдод нэлээд саад бэрхшээл үүсэх нигууртайг тухайн үед хэвлэл сонингууд мундахгүй бичсэн. Бичсэнээрнь  ч болж байгаа гэнэ.
 Ерөнхий сайд маань намын даргынхаа дохио зангаагаар хөдлөх шаардлагатай байгаа нь өөрийнх нь ажилд нэлээд хүндрэл учруулж байгаа бололтой. Тухайлбал, эрхэлсэн ажилдаа хайнга хандаж, Монгол улсын хууль  тогтоомжиийг зөрчих боломж гаргасан хэмээн Цөмийн энергийн газрын дарга С.Энхбатыг Засгийн газрын хуралдаан дээр бангадсан. Энэ нь төрийн албан тушаалтанд ажлаа өгөх хангалттай шалтгаан юм. Хэвлэл сониноор шуугиж байснаар бол Энхбат гуайн “хойдох” хэдийнэ  уншигдсан баймаар. Гэтэл түүнд хариуцлага тооцохоор завдсан Ерөнхий сайдыг намын даргынх нь ганцхан утасдалт нам болгожээ.
 Үүнтэй агаар нэг явдал саяхан бас гарлаа. Өнгөрсөн Засгийн газрын хуралдаанаар ИНЕГ-ын даргаар томилогдсон С.Батмөнх гэгчийг үнэн худал нь мэдэгдэхгүй ч шалгаад үзчихэд гэмгүй олон хэрэгтэй холбогдуулж хэвлэлээр шуугисан. Иргэний нисэхийн салбартаа сод ухаантан л биш юм бол заавал тэр хүнийг дахин томилсон нь ойлгомжгүй. Нийтийн дунд төрийн нэр хүнд хэтэрхий  унаж байгаад л ташуур өгсөн хэрэг болсноос цаашгүй. Үнэхээр тэр нь сод амьтан юм уу гэтэл Шадар сайд М. Энхболдын шахаасны хүн гэхээс өөр овойж оцойх юмгүй байдаг.  
      

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж