С.Оюун: Амлалтаа хэрэгжүүлэхийн тулд 68 хувийн татвар шиг хууль дахиж бүү батлаасай

Хуучирсан мэдээ: 2010.03.26-нд нийтлэгдсэн

С.Оюун: Амлалтаа хэрэгжүүлэхийн тулд 68 хувийн татвар шиг хууль дахиж бүү батлаасай

Эрдэс баялаг, эрчим хүчний яам, Ашигт малтмалын газар, Монголын уул уурхайн үндэсний ассиоциациас хамтран зохион байгуулж буй Уул уурхайн улсын нэгдсэн чуулга уулзалт Төрийн ордны их танхимд үргэлжилж байна. Чуулга уулзалтад оролцогсод Гол мөрний урсац бүхий ойн сав бүхий газар ашигт малтмалын үйл ажиллагаа эрхлэхийг хориглох тухай хууль амьдралын хөрсөнд буугаагүй, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг боомилсон, нутгийн иргэд, хувийн хэвшил,  нинжа нарыг хооронд нь талцуулсан хэрэгжих бололцоогүй хууль хэмээн шүүмжилж, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг тус хуулийг санаачлан боловсруулсны хувьд буцаан татан авах сэтгэл зүйн бэлтгэл байна уу гэдгийг ч асуугаад авлаа. Харин гишүүн “Энэ хуулийг ганц би санаачлаагүй, надаас гадна есөн гишүүн бий. Бид уг хуулийг хэрэгжүүлэх ёстой гэсэн байр суурин дээр хатуу зогсож буй. Байгаль орчноо хамгаалахын тулд энэхүү хуулийг батлах зайлшгүй шаардлага байсан. Засгийн газрын хувьд хилийн бүсэд хэчнээн ашигт малтмалын орд газар байна, түүнийгээ үнэн зөвөөр тогтоох. Нөхөн төлбөрт хэчнээн хэмжээний хөрөнгө шаардагдах вэ гэдэг тооцоог гаргах ёстой. УИХ-ын зүгээс Засгийн газарт хуулийг хэрэгжүүлэхийг шаардах болно” гэсэн хариулт өглөө.
Чуулга уулзалтад оролцогчдын багагүй хэсэг нь Оюутолгойн орд газрын асуудлыг хөндөж байна. Тухайлбал, эрдэмтэн н.Ренцэнханд Оюутолгой орд газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажил хэтэрхий их цаг алдсан ажил болж буйг сануулав. Тэрбээр “Анх Эрдэнэтийн овоог ашиглахаас өмнө 1973 онд түүнийг тойроод хэдэн айл л байв. Анх Эрдэнэтийн овоог ашиглах тухай гэрээг Монгол Улсодоогийн ОХУ-тай хамтран ашиглахаар байгуулж байсан. 1978 онд Эрдэнэт үйлдвэрийн эхний хэсэг ашиглалтад ороход дэд бүтэц тавигдсан байв. Гэтэл Оюутолгойн орд газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай асуудлыг Эрдэнэт үйлдвэрийг ашиглалтад оруулахад шаардаж байсан хугацаанд хэлэлцсэн атлаа одоо хэр нь ойлголтоо нэгтгээгүй, үзэл бодлын зөрүүтэй сууцгааж байгаа нь асуудлынхаа голыг орж хараагүйтэй холбоотой болов уу гэж бодоход хүргэж байна” гэсэн юм. Түүнчлэн алтны команиудад ногдуулдаг 68 хувийн татвар буюу гэнэтийн ашгийн татвар нь уул уурхайн хөгжлийг хойш чангаасан арга хэмжээ болсноос улс оронд сайн зүйл авчраагүй гэж шүүмжиллээ. Харамсалтай нь, энэхүү хуулийг санаачилсан УИХ-ын гишүүн Н.Батбаяр “Нэг үе телевизээр Гэнэтийн ашгийн татвараар Монгол Улс гурван жилийн хугацаанд их хэмжээний мөнгө босгож, түүнийгээ юунд зарцуулахаа мэдэхээ байтал мэдэн будилсан мэтээр ард түмний толгойг эргүүлж, буруу ухуулга хийсэн. Амьдрал дээр алтны команиуд Гэнэтийн ашгийн татвараас болж, үйл ажиллагаа нь доголдож, амь зуухын эрхээр хууль бусаар урд хөрш рш алт нууж гарган хууль бус үйлдэл хийхэд хүргэж байснаас Монгол Улс тэрхүү татвараас олсон орлогоо зөв зүйлд зарцуулж , нэг үйлдвэр ч байгуулж чадаагүй” хэмээлээ.
Мөн энэ үеэр Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын менежер н.Түмэнбаяр УИХ дахь намуудын ард түмэндээ амласан 1 сая, 1.5 сая төгрөгийн амлалтууд нь Голланд өвчний шинж тэмдгийн нэг илрэл гэж оношлов. Уг санааг УИХ-ын гишүүн С.Оюун үргэлжлүүлж “Хариуцлагагүй амлалтаас болж, Гэнэтийн ашгийн татвар шиг цаг зуурын татварыг 2012 оноос өмнө дахин УИХ-аар батлах вий гэдгээс би ихээхэн болгоомжилж байгаа. Хэдийгээр энэ мэт хуулийг баталснаар богино хугацаанд багагүй ашиг олж байгаа мэт харагдах ч Монгол Улсын уул уурхайн хөгжлийг хойш татсан ажлыг дахин бүү хийгээсэй гэдгийг олонхийн бүлэгт хандан хэлмээр байна. Хэрэв ийм зүйл дахин гаргах гэвэл уул уурхайн салбарт ажиллаж байгаа та бүхэн дуу хоолойгоо тэр даруй илэрхийлээрэй гэдгийг захих байна. Гишүүдийн хувьд одоо бид УИХ-ын 2008 оны сонгуульд хариуцлагагүй амлалт өгчээ гэдгээ ухамсарлаж байгаа. Гэвч цаана нь нам бий. Намынхаа амлалтыг хэрэгжүүлэхийн тулд дахиж 68 хувийн татвар шиг татвар бий болгохыг үгүйсгэхгүй. Уг нь бол монгол хүнээ ажилтай байлгаж, цалин нь өндөр байх тийм эрх зүйн орчныг бүрдүүлэх ёстой болохоос мөнгө амлаж, инфляци хөөрөгдсөн бодлого хэрэгжүүлэх учиргүй.  
Нөгөөтэйгүүр, уул уурхайн команиуд олон жилийн туршид олборлолт хийчихээд нөхөн сэргээлт хийлгүй явж ирсний харгайгаар олон сөрөг үр дагавар дагуулсан үйл явдлууд гарч ирж буй. Тиймээс уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа команиуд орон нутгийнхантайгаа маш сайн хамтран ажиллаж, олборлолт хийсэн газраа нөхөн сэргээлт хийгээд явах нь та бүхний хүлээсэн үүрэг” гэж хэлсэн юм.
Г.Дарь  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж