21 мянган төгрөгийг картаар олгодог болно

Хуучирсан мэдээ: 2011.01.26-нд нийтлэгдсэн

21 мянган төгрөгийг картаар олгодог болно

-Картаар 21 мянган төгрөгийг олгодог болчихвол заавал банкны салбарт очих, теллерээр үйлчлүүлэх гэж дугаарлан зогсохгүй банкуудын АТМ-ээс мөнгөө авдаг болно гэсэн үг–

Иргэн бүрт сар тутам олгох 21 ямнган төгрөгийг нэгдүгээр сарын 17-ны өдрөөс олгож эхэлсэн. Сар шинийн баяр ойртож буйтай холбоотойгоор хувь хишиг түгээж буй банкныхан ачаалал ихтэй ажиллаж байна. Амрлатын өдрүүдэд ч үйлчилгээ үзүүлсээр байгаа ч дугаарлан зогсох хүмүүсийн хөл татрахгүй байна. Хувь хишиг түгээх ажил хэрхэн өрнөж буй талаар бид Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын дарга Д.Баярсайханаас сонирхлоо.

-Иргэн бүрт олгож буй 21 мянган төгрөгийн санхүүжилтийг  хангалттай хийж чадсан уу. Хувь хишгээ хүртэх гэсэн хүмүүст хүндрэл учраад байгаагийн гол шалтгаан юу байна вэ?

-Иргэн бүрт олгож буй хувь хишгийн мөнгөний санхүүжилтэд ямар ч асуудал байхгүй. Монгол Улсын нийт хүн амаа хоёр сая 732 мянга гэж тооцоод түүнийгээ 12 сараар үржүүлэн нийтдээ 54 тэрбум төгрөгийг нэгдүгээр сарын 15-наас арилжааны банкуудад байршуулсан. Энэ жил Хаан, Хадгаламж, Капитал банкуудтай гэрээ хийн, хувь хишгийн мөнгийг олгож байгаа. Эдгээр банкны бүх салбараас иргэд мөнгөө авах боломжтой. Сар бүрийн 21 мянгаас гадна ноднин жил олгосон 70 мянга, 50 мянган төгрөгийг ч нөхөн авах боломжтой. Банкуудад үүсээд буй урт дараалал дугаарлалтын тухайд хүн болгон мөнгөө цагаан сарын өмнө авах хүсэлтэй байгаагаас улбаатай.

-Хойшид иргэдийг сар бүр дугаарлан зогсоохгүйгээр зохицуулах боломж бий юү?

-Тэр талаар ярилцаж байгаа. Юун түрүүн иргэдийг дээрх арилжааны банкуудын карт ашиглан сар бүрийн 21 мянган төгрөгийг авчихдаг болгохоор тохиролцсон. Картаар 21 мянган төгрөгийг олгодог болчихвол заавал банкны салбарт очих, теллерээр үйлчлүүлэх гэж дугаарлан зогсохгүй банкуудын АТМ-ээс мөнгөө авдаг болно гэсэн үг.

-Хэзээнээс хэрэгжиж эхлэх вэ?

-Мэдээж цаг хугацаа шаардлагатай. Картыг хэвлэж тараахаас эхлээд ажил их бий. Иймд энэ сардаа багтаан карт олгож амжихгүй байх. Ирэх сараас карттай болгоно. Энэхүү картыг иргэдэд үнэ төлбөргүй гаргаж өгөх учиртай.

-Өрхийн аж ахуй, жижиг бизнес эрхлэгчдийн хувьд эх орны хувь хишгээ жилээр нь авах нь гэж хүлээж байсан. Гэтэл 10 сая төгрөгөөс бага мөнгийг бөөнд нь олгохгүй гэх юм. 40 хүн нийлж байж 10 сая төгрөгт хүрнэ. Энэ нь амьдралаас тасархай шийдвэр мэт санагдаад байх юм?

-Засгийн газраас гаргасан журам зааварт ийн заасан. Бид хэрэгжүүлэгч байгууллага учир энэ шийдвэрийг өөрчлөх нь бүү хэл авч хэлэлцэх ч эрхгүй.

Д.Цээпил

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж