УИХ-ын гишүүн бусдыг өдөөн турхирч болохгүй

Хуучирсан мэдээ: 2011.01.26-нд нийтлэгдсэн

УИХ-ын гишүүн бусдыг өдөөн турхирч болохгүй

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар өчигдөр УИХ-ын гишүүн Э.Бат-Үүлийн өргөн мэдүүлсэн УИХ-ын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, ажлын хэсэг байгууллаа.

Хуулийн үзэл баримтлалд УИХ-ын гишүүн нь Үндсэн хуульд харшлах үйл ажиллагаа явуулахгүй байхыг мөрдлөг болгосон юм. Тодруулж хэлбэл, төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, авахыг завдах, үндэсний эв нэгдлийг бусниулах, олон нийтийг үндэс угсаа, хэл, арьсны өнгө, шашны үзлээр нь дайсагнуулах үг хэлэх, өдөөн турхирах, хүч хэрэглэхийг уриалах нь нийгмийг тогтворгүй байдалд хүргэх аюултай тул түүнээс сэргийлж, энэхүү төслийг боловсруулжээ.

Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Г.Баярсайхан хуулийн төсөлд шүүмжлэлтэй хандаж байгаагаа илэрхийллээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн нь хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааг шүүмжилснийхээ төлөө бусдыг тэмцэлд уриалан дуудсан болж, арга хэмжээ авахуулах болж байна уу. Ингэж УИХ-ын гишүүний үг хэлэх эрхийг цензурдаж болохгүй. Хэрвээ УИХ-ын сонгууль булхайтай болбол би ч өөрөө гудамжинд гарч, тэмцэнэ. Ийм юм болбол намайг улстөрийн гэмт хэрэгтэн болгож, яллах юм уу” гэлээ.

УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл:
-Үндсэн хуульд тулгамдсан заалтыг УИХ-ын гишүүн хүндэтгэх ёстой.

УИХ-ын гишүүн Н.Энхболд: -Ийм хууль байх хэрэгтэй. Ард түмний итгэлийг авч УИХ-д сонгогдчихоод дараа нь олон нийтийг эмх замбараагүй байдал руу уруу татаж, хор уршиг таривал яах вэ. Дараа нь хэдэн ч удаа уучлал гуйгаад нэмэргүй.

УИХ-ын гишүүн Д.Лүндээ­жанцан: -Сонгуулийн дүн өөрт нь таалагдахгүй гарангуут тэмцэнэ гэж мэдэгдэх нь зохисгүй. Харин УИХ-ын Сонгуулийн тухай хуулиа сайжруулах ёстой. Нэг үгээр хэлбэл, УИХ-ын гишүүн аливаад шүүмжлэлтэй хандах эрх нээлттэй, гагцхүү буудаад өг, тэрийг алаад өг гэж турхирч болохгүй. УИХ-ын гишүүн ганц тойргийн төлөөлөл биш, ард түмний төлөөлөл.

УИХ-ын гишүүн Д.Арвин: -Энэ асуудлыг УИХ-ын гишүүний Ёс зүйн дүрэмд оруулах ёстой болохоос УИХ-ын тухай хуульд нэмэлт оруулах тухай төсөлд тусгаж болохгүй. Энэ утгаар нь би төслийг дэмжихгүй байгаа. Нөгөөтэйгүүр, УИХ-ын 76 гишүүн өнөөдөр маш хүнд нөхцөлд ажиллаж байгаа. Хамтарсан Засгийн газар байгуулагдсан цагаас хойш тэвчишгүй, үндэсний аюулгүй байдалд хохирол учруулахуйц хуулийн төсөл олноор нь УИХ-д оруулж ирж, батлуулдаг болсон. Түүнийг нь дэмжээгүй, лоббид нь ороогүй гишүүд ямар хүнд байдалд ордгыг та бүхэн өөрсдөө мэднэ. Хэн нь юу хийгээд явааг ч харж л суугаа. Би их тэвчиж байгаа шүү, үүнийгээ намынхаа бүлгийн хурал дээр ч хэлсэн. Хэрвээ та бүхэн Үндэсний аюулгүй байдалд харшлах, хэн нэгний захиалгаар иймэрхүү юм дахин хийнэ гэвэл ард түмэнтэйгээ хамтраад би жагсана. Хэвлэлийн хурал ч хийлгэнэ. УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл та улсын баатар болсноосоо хойш ардчиллыг хумих бодлогыг явуулах болсон. Бусдын захиалгаар ч хоёр, гурван зүйлийг хийсэн, Монгол төрийг доромжлох хэрэггүй.

УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл: -Д.Арвин гишүүний хэлсэнчлэн би захиалгаар ямар нэгэн юм хийгээгүй. Харин одоо Монголын ардчилалд сорилт ирчихээд байна. Сорилтыг бид давж чадахгүй бол ардчилалаа ч, тусгаар тогтнолоо ч алдана. Үүнийг би удаа дараа хэлж байгаа. Тийм ч үүднээс УИХ-ын гишүүд Үндсэн хуулийнхаа тулгуур зарчмыг дагах ёстой гэдэг агуулгаар ийм заалт оруулж, төсөл санаачилсан. Хуулийн томъёоллыг боловсронгуй болгох гэх мэт асуудал байгааг үгүйсгэхгүй. Ажлын хэсэг байгуулж, ажиллая гэсэн Д.Лүндээжанцан гишүүний саналыг дэмжиж байна” гэсэн юм.

Байгалийн баялаг ихтэй, Монгол орны хувьд гадаадын том том корпорциудад хүч түрүүлж эхэлсэн нь хууль батлагчдын хувьд болгоомжлох нэн тэргүүний асуудал болж хувирсан нь энэхүү хэлэлцүүлгээс харагдсан ч, нөгөө талдаа тэдний гарын үзүүр болж, улсынхаа аюулгүй байдалд занал учруулахуйц хуулийг нэгээр тогтохгүйг баталчихсан тухай УИХ-ын гишүүн Д.Арвин хэлээд авсан нь, түгшүүр төрүүлээд авсан юм.

Г.Дарь  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж