Хамгийн үнэтэй 10 гар утас

Хуучирсан мэдээ: 2010.03.26-нд нийтлэгдсэн

Хамгийн үнэтэй 10 гар утас

Хэдэн жилийн өмнө гар утас гэгч дэлхийн зах зээлд нэвтэрч, нэр төр, алдар хүндийн баталгаа болж, гар утас гартаа атгасан хүн хамгийн “супер”-т тооцогдож байсан. Харин одоо гар утас зургаан настай балчраас жаран настай буурай хүртэл бүх насныхны энгийн хэрэглээ болжээ.
Нэгэн үе “Vertu” гэх “NOKIA” корпорацийн охин компани тансаг, чамин хэрэглэгчдэд зориулсан асар үнэтэй гар утас үйлдэрвлэж, энэ салбарт ганцаараа ноёрхож байсан бол өдгөө “Gresso”, “Mobiado”, “GoldVish” зэрэг олон компани чамин тансаг, ганган хээнцэр гар утсыг дэлхийн зах зээлд нийлүүлэх болсон юм. Түүнчлэн “Prada”, “D&G”, “Christian Dior” зэрэг дэлхийн загварын томоохон гүрнүүд ч энэ салбарт хөл тавиад байна.
Одоогоор дэлхийн хэмжээнд хамгийн үнэтэйд тооцогдож буй 10 гар утсыг сонирхуулъя.
1.    iPhone Supreme /3.12 сая ам.доллар/
Дэлхийн хамгийн үнэтэй гэгдэх уг гар утсыг Британийн компани 2009 оны арваннэгдүгээр сард үйлдвэрлэжээ. Алтан гадаргуутай энэхүү гар утсыг 200 ширхэг очир алмазаар чимэглэсэн бөгөөд iPhone 3GS Supreme-ийн зөвхөн гаднах гэрийг хийхэд 271 гр 22 каратын шижир алт ашигласан байна. Нүүрэн талд байрлах дэлгэцийг тойруулан 136 ширхэг ямар ч өөгүй очир алмазыг шигтгэсэн бөгөөд ар талын “Apple” компанийн логог мөн 53 ширхэг үнэт чулуугаар битүү бүржээ. Мөн нүүрэн талд, дэлгэцийн доор байрлах товчлуурын долоон каратын ганцхан ширхэг том очир алмазаар чимэглэсэн байна. Энэхүү өндөр үнэтэй, тусгай загварын iPhone-ыг Австралийн нэрээ нууцалсан бизнесмэний захиалгаар Британийн Стюарт Хьюиз гэгч дизайнер бүтэн 10 сар урласан гэнэ. Сонирхуулахад, iPhone 3GS Supreme гар утас гадуураа долоон кг жинтэй, цэвэр боржин болон кашмирийн алтаар цутгаж хийсэн хайрцгийн хамт эзэндээ очсон байна.

2.    GoldVish LeMillion /1.3 сая ам.доллар/
Үнийн дүнгээрээ дэлхийн хамгийн үнэтэй гар утасны жагсаалтын хоёрдугаарт бичигдсэн “GoldVish LeMillion” гэх энэ гар утас нь 18 каратын цагаан алт болон 120 каратын 1800 ширхэг очир алмазаас бүрджээ. Өнгөрсөн оны есдүгээр сард Францын Канн хотноо болсон тансаг бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааны үеэр ОХУ-ын тэрбумтан дээрх гар утасны эхнэртээ зориулан худалдан авсан байна.

3.    Pieces Unique Mobile Phone by GoldVish /1.29 сая ам.доллар/
Жагсаалтын гуравдугаарт эрэмбэлэгдсэн уг гар утас дэлхийд ердөө гуравхан байдаг бөгөөд ОХУ-ын бизнесмэн нэгийг нь хэрэглэдэг аж. “GoldVish” компанийн бүтээсэн энэ утас 18 каратын алтан гадаргуутай бөгөөд топ зэрэглэлийн алмазаар чимэглэгджээ. Pieces Unique гар утас нь Bluetooth-тэй, өөр дээрээ 2GB багтаамжтай, 8х дижитал камертай, дэлхийн аль ч улс оронд ашиглах боломжтой ФМ радиотой юм байна.

4.    The Diamond Crypto Smartphone /1.1 сая ам.доллар/
Албан ёсоор дэлхийн хамгийн үнэтэй гар утасны жагсаалтын дөрөвт бичигдсэн The Diamond Crypto Smartphone-ыг ОХУ-ын “JSC Ancort” фирм бүтээжээ. Маш өндөр зэрэглэлийн хамгаалалттай, “мэргэжлийн тагнуулчдад зориулсан” уг гар утас олон хүний анхаарлыг татаж байгаа юм.

5.    Bucheron for Vertu Cobra /310 мянган ам.доллар/
Парисийн үнэт эдлэлийн ордон “House of Bucheron” болон “Vertu” компанийн хамтран урласан уг гар утас нь  аварга кобра могойтой гар утасны цөөхөн тоогоор худалдаанд гарсан ховор хувилбар нь юм. Зөвхөн чимэглэлд нь хоёр каратын зүссэн очир алмаз, нэг каратын дугуй алмаз, хоёр маргад эрдэнэ, 439 ширхэг бадмаараг чулууг ашиглажээ.

6.    VIPN Black Diamond Smartphone /300 мянган ам.доллар/
Жагсаалтын зургадугаарт эрэмбэлэгдсэн уг гар утас нь Wi-Fi, Bluetooth, Intel 400MHz процессор, Windows mobile 5 үйлдлийн системтэй, 4.0 мегапиксель камертай, 2.0 инчийн мэдрэгчтэй дэлгэцтэйгээс гадна өөр дээрээ 128MB багтаамжтайн дээр 2GB хүртэлх багтаамжтай мемори картыг дэмжиж ажиллах гэнэ. Урласан зохион бүтээгч нь гар утсаа урлах явцдаа тусгай материал ашигласан байна.


7.    Vertu Diamond /88 мянган ам.доллар/

“Vertu”-гийн бүтээсэн бас нэгэн гар утас топ 10-ын тоонд багтжээ. Vertu Diamond гар утсыг цагаан алтаар бүрсэн бөгөөд нүүрэн талын хоёр захаар бадмаараг чулуу шигтгэсэн бөгөөд ердөө 200 ширхгийг үйлдвэрлэж, үнэт эдлэлийн дэлгүүр болон их дэлгүүрүүдээр борлуулжээ.


8.    Motorola Special V220 /51.8 мянган ам.доллар/
Австрийн зохион бүтээгч Петер Алойссоны энгийн Motorola V220 гар утсыг 1200 ширхэг очир алмазаар чимэглэж, товчлуурын гол хэсгийг 18 каратын алтаар бүрсэн байна.

9.    The Diamond iPhone /41 мянган ам.доллар/
420 ширхэг очир алмазаар чимэглэсэн, 18 каратын шар болон цагаан алтаар өнгөлсөн The Diamond iPhone гар утсыг Британийн “Amosu” урлажээ. Худалдан авагч өөрийн сонирхлоор цагаан, хар эсвэл ягаан өнгийн саффир чулуун чимэглэлтэйг сонгож болох гэнэ.

10.    Gresso Black Aura Collection /13 мянган ам.доллар/
200 жилийн настай гэж болохуйц уг гар утасны гэрийг африкийн хар модоор хийсэн бөгөөд чимэглэлээсээ хамаарч 6500-13 мянган ам.долларын үнэтэй ажээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж