Энэхүү хуульд оруулах нэмэлтээр ашиглах боломжгүй орон сууцанд акт тогтоож төрийн оролцоотойгоор эзэмшигч, барилгын компанийн хоорондох харилцааг зохицуулахыг оролдсон аж. Өөрөөр хэлбэл ашиглалтаас гарсан барилгыг нурааж оронд нь баригдах орон сууцанд иргэдийг оруулах тухай зохицуулсан юм.
Ийнхүү иргэдийг нүүлгэн шилжүүлэх хөшүүргийг акт тогтоосон барилгыг ус дулаанаар хангахгүй байх зэрэг аргыг ашиглахаар хуулийн төсөл санаачлагчид үзжээ.
Уг хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудал дээр анхнаасаа маргаан дагуулсаар байсан бөгөөд хэлэлцүүлгийн үеэр ч дахин энэ асуудлууд сөхөгдсөн байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн Я.Батсуурь “Энэхүү хуульд нэмэлт оруулах төсөл нь ердөө 40,50 мянгатын хэдэн байрыг л зарахад хамаатай болоод байна. Энэ хуульд хамаарагдах хотоос алслагдсан муу барилгууд ч мөн бий. Жишээ нь, Баянхошуунд хариугүй нураад унах шахсан хоёр давхар барилгыг хэн худалдаж аваад, хэр нөхөн төлбөр өгөх юм бэ. Тэр нөхөн төлбөрийнх нь хөрөнгө нь ганц гэр ч авч хүрэхээргүй зүйл гарвал яах юм. Тэгээд бүр орон гэргүй болцгоох хэрэг үү” хэмээн шүүмжилж, энэхүү асуудлыг ажлын хэсэг дээр хэрхэн үзэж байгааг тодруулахыг хүссэн юм. Ажлын хэсгээс энэхүү асуудалд Ж.Батсуурь гишүүн хариулсан бөгөөд ”Зарим хүн актлуулах гээд бичиг баримт цуглуулаад гүйхийг ч үгүйсгэхгүй нь. Гэхдээ энэхүү хуулиар аль аль талынх нь эрх ашгийг шийдвэрлэхийг оролдож байна. Зохицуулалтгүй байсан харилцааг хууль эрх зүйн орчинтой болгох нь зарчмын хувьд зүйтэй. Нөхөн олговрын хэмжээг нурах гэж байгаа үнээр нь биш, ерөнхий дундаж үнээр нь тооцох гээд байгаа санаатай” гэв. Үүнд нь Я.Батсуурь гишүүн “орон сууцны үнэ зах зээлийн үнээр л тооцогдоно шүү дээ. Тэгэхээр дундаж үнэ гэж юуг ойлгох юм бэ” гэж дахин хариулт нэхлээ.
Шүүмжлэл үүгээр зогсоогүй бөгөөд Р.Раш гишүүний “хэвлэлээр энэ хуулийн төслийн талаар ярихдаа зөвхөн цэцэрлэг сургуулийн нурах гэж байгаа хэдхэн байранд хамаатай мэтээр тайлбарлаж байна. Гэвч үнэн хэрэгтээ томоохон компаниудын орон сууцаа барих газрын асуудлыг л шийдэх санааг агуулаад байгаа юм биш үү” гэсний дараагаар Д.Одхүү гишүүний “Энэ хууль эргээд баахан журмуудыг л төрүүлж байна. Ер нь энэ хуулийг дагалдан гарах журмыг Эдийн засгийн Байнгын хороон дээр эргээд нягтлан харах хэрэгтэй” гэх шүүмжлэл хэлж байлаа.
Ийнхүү талууд харилцан саналууд хэлцгээсний эцэст уг хуулийн төслийг хэлэлцсэн Байнгын хорооны санал дүгнэлтээ чуулган дээр уншин танилцуулахаар боллоо. Байнгын хорооны хэлэлцэх дараагийн асуудал нь Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохыг хориглох тухай хуулийн төсөл байсан бөгөөд уг төсөл нь нууцад хамаарах тул хуралдааныг хаалттай горимд шилжүүлсэн байна.