Хавар ирлээ, төгрөг чангарлаа

Хуучирсан мэдээ: 2010.03.26-нд нийтлэгдсэн

Хавар ирлээ, төгрөг чангарлаа

Валют арилжааны “Найман шарга” захад өчигдөр ам.долларыг 1376 төгрөгөөр худалдан авч, 1380 төгрөгөөр зарж байлаа. Харин Монголбанкны нэрлэсэн ханшаар ам.доллар 1372,76 төгрөг байлаа. Ердөө л сарын өмнө 1480 төгрөг байсан ам.долларын эсрэг төгрөг ийнхүү чангарч байгаа нь юу илэрхийлж байна вэ? Цаашид энэ ханш хэр өөрчлөгдөх бол гэсэн асуулт гарч ирж байна.
Энэ талаар Монголбанкны Валют, эдийн засгийн газрын Санхүүгийн зах зээлийн хэлтсийн захирал Д.Дэлгэрсайхан “Монголбанк валютын ханш зах зээлийнхээ жамаар эрэлт нийлүүлэлтийнхээ зарчмаар тогтож байх ёстой гэсэн байр суурийг баримталдаг. Төгрөгийн ханш ам.доллар ер нь бусад валютуудын эсрэг бага зэрэг чангарч байгаа нь валютын урсгал их байгаа болон улирлын онцлогтой холбоотой” гэж тайлбарлалаа. Гэхдээ тэрбээр үүнийг ханшийн онцгой хэлбэлзэл гарч байна гэж үзэхгүй байгаа аж. Сүүлийн хэд хоногт хамгийн дээд тал нь 10 төгрөгний ханшийн өөрчлөлт гарсан. Валютын ханшийн өөрчлөлт хоёр орчим хувиас дээш байх юм бол үүнийг ноцтой савлагаа гэж үздэг аж. Өөрөөр хэлбэл өнөөдөр 1400 орчим төгрөг байгаа ханш нэг өдрийн дотор 28-аас дээш төгрөгөөр өөрчлөгдөх юм бол төв банк аюулын хонх жингэнүүлэх нь. Энэ нь мэдээж хэрэг төв банкны нэрлэсэн ханшаар шүү дээ. Харин иргэдийн хувьд Найман шарга захад 10 төгрөгний хэлбэлзэл гарахад л түгшүүрлэж эхэлдэг. Зарим нэг арилжааны банкныхан болохоор 5-10 төгрөгний хэлбэлзэл бол нэг их савлагаа биш ээ гэж байх жишээтэй.  

Валютын ханш хэт их хэлбэлзээд эхлэх юм бол Монгол банк арга хэмжээ авдаг. Гэхдээ энэ нь өнгөрсөн жил валютын ханш хэлбэлзэхэд нийлүүлэлтийг нь бага ч гэсэн хангахын тулд хар нүдний шилтэй залуус их хэмжээний ам.доллар гаргаж ирж зарсан гэж цуурдаг шиг хэрэг биш гэж албаны хүн тайлбарлаж байна. Төв банк өнгөрсөн гуравдугаар сарын 24-нөөс өөрөөр хэлбэл дээр дурдсан валютын ханшийн савлагааны үеэс эрэлт хэрэгцээг бага ч гэсэн зохицуулах гэсний үүднээс банк хоорондын валютын дуудлага худалдаа явуулж эхэлсэн. Анхандаа гайхал төрүүлж байсан эл дуудлага худалдаагаар нэг өдөрт хэдэн зуун сая ам.доллар эргэлдэж байсан бол сүүлийн хоёр сарын турш ямар ч худалдаа болохгүй таг зогсоод байгаа юм. Дуудлага худалдаагаар валют гүйлгээгүй байна гэхээр эрэлт нийлүүлэлт хэвийн байна гэсэн үг гэж мэргэжилтнүүд тайлбарлаж байгаа. Тэгвэл цаашид төгрөгийн ханш чангарсаар байх болов уу.
Ер нь бол хаврын улиралд төгрөг чангардаг. Монгол Улсын эдийн засгийн гол эргэлт болсон уул уурхайн салбарын ажил сэргэж, ноолуурын сезон айсуй болохоор. Бас улирлаа дагаад барилгын ажил ч сэргэдэг. Дээрээс нь Оюутолгойн болон бусад томоохон орд газруудын ашиглалт эхлэх гэж байгаа зэргээс шалтгаалаад долларын урсгал Монголыг чиглэн айсуй.
Дотоод валютын ханш сайн байх нь импортлогчдын хувьд таатай нөлөөтэй. Харин экспортлогчдын хувьд жаахан тиймхэн. Алт зэсээс өөр экспортлох зүйл ховор монголчуудын хувьд дэлхийн зах дээр алт зэсийн үнэ өндөр байгаа нь бас нэг тайвшрах боломж олгож байна. Гэвч энд байгалийн баялагтаа хэт шүтсэн эдийн засагт гадаад валют үерлэхийн хэрээр ухаалаг зарцуулж чадахгүй бол эдийн засгийн Голланд өвчин улам сэдэрч импортын дайрлагад дотоодын үйлдвэрлэгчид “цохиулдаг” гэдгийг сануулах юун.
Төгрөгийн ханш цаашид ч чангарах байх гэсэн энэ мэдээлэл валютаар зээл авсан хүмүүст бол мэдээж таатай сонсогдоно. Харин их хэмжээний валютын хөрөнгө оруулалт хийх гэж байгаа хөрөнгө оруулагчдын хувьд ялимгүй санаа зовох асуудал гарах л байх. Гэхдээ үүнийг Монголын уул уурхайн салбарын сэргэлт мөн “цагаатгаж” байгаа. Харин алсдаа санхүүгийн зах зээлээ савлагаагүй барьж байхыг төв банкныхан болоод хууль тогтоогчид нүд цавчихгүй анхаарч байна биз.  
Дэлхий нийтээр сүүлийн үед еврогийн ханш суларч байгаа. Энэ нь монгол төгрөгийн ханшид нөлөөлөх болов уу гэсэн асуултад ноён Д.Дэлгэрсайхан “Хүчтэй нөлөө үзүүлэхгүй байх. Манай гол урсгал ам.доллар болон юань байдаг болохоор. Еврогийн ханш хүчтэй нөлөө үзүүлдэггүй ээ” гэв. Ямартаа ч монгол төгрөг ойрдоо “тэнхээ тамир” сайтай л байх нь ээ.  Мэдээж хэрэг төгрөгийн ханш хэт чангарвал экспортлогчдын орлого буурч дотоодын үйлдвэрлэгчдийн өрсөлдөх чадвар доройтдог гэгчлэн сөрөг нөлөөтэй л юм хойно хэрвээ төгрөг хэт “цогнойх” ахул төв банк арга хэмжээ авна гэж байгаа юм.

А.Туяа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж