-Ардын намын болон УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Б.Тэрбишдагва нарыг “үзэн ядах”, “хүмүүжүүлэх” зорилготой жагсаалыг өөрсдийнх нь намын залуучууд зохион байгууллаа-
МАН-ын залуучуудын байгууллагын хийж буй акц өнгөрсөн зууны хоёрдугаар хагас гарсны дараахан Камбожид өрнөсөн үйл явдлыг олон хүнд санагдуулж байгаа бололтой. Камбожид коммунист нам байгуулагдаж, удирдагчаар нь Пол Пот гэх нөхөр сонгогджээ. Түүний нам “шинэ иргэн” бий болгоно гэсэн үзэл суртал явуулж, эхлээд хотын иргэдийг үй олноор нь хөнөөж, хөдөөгийнхнийг оруулж ирсэн гэдэг. Хүн амынхаа 25-30 хувь 3-4 сая хүнийг хөнөөсөн тэдгээр “улаан хамгаалагчдын” хийрхэл насанд хүрээгүй, дөнгөж насанд хүрсэн залуусын гараар аллагыг хийлгэсэн. Гитлерийн үзэл сурталд хамгийн их автаж, итгэл үнэмшлээ болгон яргаллыг гүйцэтгэсэн хүмүүс нь мөн өсвөр, идэр насныхан байсан гэдэг. Түүхэнд үлдсэн ийм аймшигт үзэгдлийг ерөнхийд нь “улаан хамгаалагчид” гэж нэрлэж заншсан байна.
Амьдралыг үзэх үзэл төлөвшөөгүй, бие хүн болж бүрэн бүрэлдээгүй залуу халуун насыг үе үеийн улстөр, үзэл суртал өөрийнхөө зорилгод ашиглаж байсныг дээрх аймшигтай жишээнүүд харуулна. Харьцангуй тайван манай улс оронд ийм уламжлалт жишиг зөвхөн хуучны МАХН өнөөгийн МАН-д байдаг гэдгийг энэ жагсаал цуглаан харууллаа. Ардын намын анхны жилүүдэд ч “нам, ангийн дайснуудыг” залуучуудын гараар учрыг нь олж байсныг түүхийн хуудас өгүүлдэг.
Ардын намын болон УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Б.Тэрбишдагва нарыг “үзэн ядах”, “хүмүүжүүлэх” зорилготой жагсаалыг өөрсдийнх нь намын залуучууд зохион байгууллаа. Ажил амьдралтай, зорилго мөрөөдөлтэй залуу юу гэж тэнд Тэрбишдагвын эсрэг жагсах билээ.Тэгэхээр манай залуучуудад амьдрал, зорилго, хүсэл мөрөөдөл алга. Энэ бүхнийг нь улс төр, нам булаажээ. Хэрвээ намаас ажил амьдрал горьддоггүйсэн бол энэ олон залуучууд хахир өвлийн хүйтэнд Даваасүрэнгийн эсрэг тэнд очоод зогсох уу? Улс орны хөгжил дорой, ард иргэд маань ядуу ядруу байгааг чадамгай ашиглаж ирсэн зүүний чиглэлийн энэ намын мөн чанар одоо залуучуудыг ийм зүйлд турхирч байгаа нь харамсалтай.
МАН-ын залуучуудын энэ удаагийн үйлдлийг “улаан хамгаалагчдын” гээд шууд нэрлэчихье. Үүнийг доромжлол гэж хүлээж авна уу, шүүмжлэл гэж тооно уу өөрсдийнх нь хэрэг. Гэхдээ нийгэм яг ингэж хүлээж авсан гэдгийг намынх нь удирдлагууд ч ойлгож байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Сүхбаатарын талбай дээр хоёр хоногийн өмнө зохион байгуулагдсан арга хэмжээг намын дарга нь лав буруутгаж байгаа юм гэсэн.
Өнөөгийн нийгэмд болж бүтэхгүй байгаа зүйлс мэдээж өдий төдий бий. Гэхдээ тэр бүхэнтэй урт удаан хугацааны явцад нийгмийн хууль, дүрмийн хүрээнд тэмцэн эмчлэх ёстой болохоос биш дээрх байдлаар хэдэн залуусын сэтгэлийн хөөрлөөр тэмцэж цэвэрлэнэ гэвэл жинхэнэ хүчирхийлэл рүү хэлтийх бус уу.
Эцсийн дүндээ МАН-ын залуучуудын дээрх мэт хандлага цааш даамжирвал МАН-д төдийгүй нийгэмд аюултай, халдвартай учраас “хатуу үг” дайх шалтгаан энгийн иргэдэд бий. Хүний төрөлх зөн, далд ухамсарт нуугдан оршдог зан авир халдварыг тусгаж авах, сэрж өдөөгдөхдөө амархан байдаг гэдэг. “Тэрнийг зайлуулъя, үүнийг жигшье” гэсэн утгатай цуглаан тун удахгүй “…….-ийг цаазын тавцанд” гээд үргэлжлэх болбол яана. Ардаа алдах гарзгүй, айх юмгүй залуусыг “шүдэнзээр тоглуулж” болохгүй гэдэг болгоомжлолын учир үүнд л байгаа хэрэг.
МАН-ын дэргэдэх залуучуудын байгууллагын шинэчлэгдсэн нүүр царай, үзэл бодол, итгэл үнэмшлийн жинхэнэ дүр төрх энэ гэж үү. Тэдний залуу нас, зориг зүрх, хүч чадал хэний гарт байна вэ?