Монголын урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд энэ сарын 29-ны 16:00 цагт Оросын Санкт-Петербургийн И.Е Репиний нэрэмжит урлагийн академийг төгссөн Монголын уран бүтээлчдийн үзэсгэлэн нээлтээ хийх юм байна. 300 жилийн түүхтэй энэхүү нэр хүндтэй академийг төрийн соёрхолт зураач До.Болд, Л. Ганхуяг, Төрийн шагналт барималч Ц. Амгалан, Урлагийн гавьяат зүтгэлтэн барималч А. Даваацэрэн, В.Пүрэвсүх, уран зураач С.Дондог зэрэг давтагдашгүй бүтээлүүдтэй Монголын сор болсон уран бүтээлчид төгссөн бөгөөд эдгээр уран бүтээлчид анх удаа хамтран үзэсгэлэн гаргахаар болжээ. До.Болд Монголчуудыг бодит бус зургийн талаар төсөөлөлтэй болоход ихээхэн үүрэг гүйцэтгэсэн нэгэн. Мөн Төрийн шагналт барималч Ц. Амгалан 1984 онд Оросын барималчидтай хамтран 55 метр өндөр "Ялалт" хэмээх зэс хөшөө сүндэрлүүлж байжээ. Эдгээр уран бүтээлчид бүгд л Монголын уран зураг, уран баримлын хөгжилд томоохон хувь нэмэр оруулж чадсан гавъяатай хүмүүс юм. Дүрслэх урлагийн алдартнуудын энэхүү үзэсгэлэн ирэх дөрөвдүгээр сарын зургааныг хүртэл үргэлжлэх юм байна.
Ц.Хишиг