-УИХ дахь намын бүлгийн хуралдаан дээр Таны зарим гишүүнтэй маргалдсан асуудлыг хэвлэлүүд хачир нэмэн шуугиж байна. Бүлгийн хуралдаан дээр чухам юу болсныг тодруулж болох уу?
-Манай нам бол хариуцлагатай нам. Бидний явуулж байгаа бодлого, үйл ажиллагаа олон түмэнд ойлгомжтой, тодорхой байх ёстой. Саяхан бид намыхаа Их Хурлыг хийж Монгол Ардын Нам гэсэн уугуул сайхан нэрээ сэргээж, үзэл баримтлалдаа тодотгол хийлээ. Өнгөрсөн жилүүдийн алдаа, оноогоо цэгнэж, ирээдүйн бодлого, зорилтоо тодорхойллоо. Өнгөрсөн 2010 он манай намын хувьд ургац арвинтай байлаа. Намынхаа байрыг барьж байна, анхан шатны болон аймаг, орон нутгийн намын байгууллагууд, намын дэргэдэх ТББ-уудын үйл ажиллагаа ч сэргэж байна. Ололт, амжилттай зүйл бишгүй байна. Гэхдээ бас бидэнд засаж залруулах зүйл их байна. Би өөрийн¬хөө намыг төгс төгөлдөр улстөрийн хүчин гэж хэлэхгүй. Ийм улстөрийн нам дэлхийд ч байхгүй байх. Хүмүүс амьдарч байгаа учраас сайн муу, сайхан муухай бас бий. Сайн сайхнаа авч үлдэж, саар муухайгаа засаж залруулахын төлөө бид ажиллах ёстой. Үүний төлөө намын Ерөнхий нарийн бичгийн даргын хувьд зарим хүмүүст хатуу шаардлага тавьдаг. Томоохон өөрчлөлт, шинэчлэлтийн үед хатуухан шаардлага тавихаас ч өөр аргагүй. Намдаа шударга ёс, дэг журам, сахилга хариуцлага тогтоохын төлөө л шаардлага тавьж байна. Ажил хийж байгаа хүмүүс бухимд¬даг, муудалцдаг тохиолдол зөндөө л гардаг. Миний хатуухан хэлсэн үгэнд дөрөөлж, том улстөр хийх гээд байх хэрэггүй.
Би сүүлийн 21 жил тасралтгүй улстөрд явахдаа сайн, муу аль алиныг нь хангалт-тай сонссон.
Одоо Хүрэлсүхийг муулъя гээд ч муулах зүйл олдохгүй биз. Хүрэлсүхийн ааш зан, үйл хөдлөлийг хүмүүс ер нь мэднэ. Тиймээс би олон нийтийн өмнө жүжиг тавья гэж боддоггүй. Цаашдаа ч байгаагаараа байж, хийх ёстой ажлаа хэнээс ч айлгүй хийнэ. Тавьдаг хатуухан шаардлагаа ч тавих болно. Бид намдаа шударга ёсыг тогтоох шаардлагатай байна. Энэ бол зарчмын шаардлага шүү. Тийм ч учраас Ц.Даваасүрэн мэтийн зарим нөхдөд би хатуухан шаардлага тавьж байгаа. Тэр нөхөр намын шинэч¬лэлийн талаар их ярьдаг хүн. Намын шинэчлэлийг ярина гэвэл эхлээд намынхаа хуралд суудаг байх хэрэгтэй. Намаас зохион байгуулж буй бүх ажилд тогтмол оролцдог байх ёстой. Гэтэл Ц.Даваасүрэн намын ажилд оролцох нь бүү хэл намын бүлгийн хуралдаа сүүлийн хоёр сар суусангүй. Байнгын хороо, нэгдсэн чуул¬ганыг байнга тасалдаг. Тойрог дээрээ очиж ард түмэнтэйгээ уулздаггүй, амласан зүйлээ хэрэгжүүлдэггүй. Ийм л анархи нөхөр.
Намын Бага хурал, намын бүлэг, УИХ-аас гаргасан хамтын шийдвэрийг байнга эсэргүүцэн гутаадаг, олон түмэнд худал ташаа тайлбар хийдэг, сахилга хариуцлага, дэг журмыг уландаа гишгэсэн хүн. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярих болохоороо шударга үнэний бурхан мэт, хэрэг дээрээ худал хуурмагийн буг мэт аашилж болох¬гүй. Намынхаа ажилд оролцдоггүй хүн элэнцэгийнх нь намын шинэчлэл ярих вэ дээ. Энэ бол зүгээр л шоу. Ийм байдлаар нэр хүнд олж авна гэвэл инээдмийн жүжгийн гол дүрд тоглож байна гэж ойлгох хэрэгтэй. Харамсалтай нь ийм ухаан тэр нөхөрт байхгүй бололтой. Энэ нөхөртэй намын хамт олон цаашид ч хариуцлага тооцож ажиллах болно. Манай нам нэг дүрэмтэй, нэг сахилга баттай нам. Хөвсгөл аймгийн иргэд, сонгогчдоос намд хаягласан олон гомдол санал ирдэг. Үүний дийлэнх нь Ц.Даваасүрэнгийн хариуцлагагүй, хуурамч зан чанартай нь холбоотой гомдол байдаг. Аймгийн намын байгууллага нь ч байнга энэ нөхрийг шүүмжилдэг. Сонгогч олон, нэрийг нь дэвшүүлсэн намынхаа хамт олонд ийм нэр хүндгүй хүн өөртөө үнэлэлт дүгнэлт өгч, зан байдлаа засаж, ажилдаа хариуцлагатай хандах ёстой.
Би УИХ-ын гишүүнээр хоёр удаа сонгогдож, төрийн сайдаар хоёр удаа ажилла-сан хүн. Төрийн ёс, дэг жаяг, ах захын ёсыг бас мэднээ. Тэр нөхөр парламентад олон сонгогдсон ахмад гишүүдийг огт хүндэлдэггүй хүн юм билээ. Өөрт нь тусалж явсан нутгийн ах С.Баяр, Ө.Энхтүвшин, Л.Цэрэнжав нараа ч муу хэлээд л явдаг нөхөр шүү дээ. Энэ хүнд эр хүний ёс жудаг гэж байдаггүй бололтой. “Муу амьдрахаар сайн үх” гэж ардын үг байдаг. “Хүн нэрээ, тогос өдөө” ч гэж үг бий. Энэ үгийг би Ц.Даваасүрэнд хандан нөхрийн хувьд сүүлчийн удаа сануулчихъя.
-УИХ дахь намын бүлгийн хуралдаан дээр Ц.Даваасүрэн, Д.Тэрбишдагва нар Ц.Шинэбаярыг өмөөрсөн захидал бичсэнээс болж маргаан гарсан гэж хэвлэлийнхэн бичсэн. Ц.Шинэбаяр чинь Ардын намаас гарчихсан биз дээ?
-Би нэг зүйл хэлчихье. Бидний өвөг дээдсийн цусаа урсгаж, хөлсөө дуслуулж, алтан амиа зориулж байгуулсан Ардын намыг, түүний олон зуун мянган гишүүдийг улстөрийн хэн нэгэн луйварчин, шантаажчин улстөрчдөд доромжлуулахгүй гэдгээ эр хүний ёсоор хэлчихье. Ийм үзэл бодолтой мянга мянган эрэлхэг зоригтой гишүүд байгаа гэдгийг бас анхааруулчихъя. Би ер нь шудрага эрчүүдийг, эр зоригийг хүндэлдэг хүн. Жинхэнэ эр хүн сонгож авсан үзэл санаа, анд нөхдөөсөө хэзээ ч урвадаггүй юм. Авгай хүүхний хэрүүл өддөггүй юм. Хэлсэн бол хэлсэндээ, ярьсан бол ярьсандаа байж чаддаг юм. Ийм олон сайхан нөхдөөрөө би бас бахархдаг. “Нэг жил тахиа мэт амьдарснаас нэг өдөр шонхор мэт амьдар” гэж үг байдаг даа. Ц.Шинэ¬баярын хувьд бол өөрийн хүсэлтээр Ардын намаас гарсан. Бид хөөж туугаагүй, намдаа бай¬гаач, хамтраад ажиллая гэж хүссэн. Тэр жам ёсны эрхээ эдлэнэ гээд л явсан. Дургүй ламд дарж байж сахил хүртээнэ гэж юу байх вэ дээ. Улстөрийн нам гэдэг бол итгэл, сэтгэлтэй хүмүүсийн нэгдэл. Одоо нялцага-наад, шалчиганаад байх явдал байхгүй. Намаа байгуулна уу, юугаа хийнэ тэр хүний асуудал. Харин хар хүний төлөө шар хүн гэгчээр манай зарим нэг нөхөд тал засаж гүйгээд хэрэггүй. Өөрсдийг чинь авлигач, алуурчин, бирдүүд гээд доромж-лоод байхад шүү. Заримдаа инээд ч хүрэх шиг. Аливаа юманд зарчим гэж байдаг юм. Түүний оронд өөрийн намын шударга нөхдөө хамгаалж, өмгөөл.
Өдөр нь намдаа, шөнө нь айлд хоноод хэрэггүй
-Ц.Даваасүрэн, Д.Тэрбишдагва нарыг МАХН-ын түр штаб гэгчтэй холбоотой гэж хэвлэлийнхэн бичих юм. Тэд намын удирдлагаас тодорхой зүйл шаардаж, биелүүлэхгүй бол түр штабынхантай нийлж нэгдэхээр тохиролцсон гэж үнэн үү?
-Уулзаж учирч, ярилцаж хөөрөлцдөг юм гэнэ билээ. Юу ярьдгийг нь би сайн мэдэхгүй. Түр штабт Н.Энхбаяраас өөр манай намын хүн байхгүй. Тэр штаб гэгчид манай намд гэнэт хайртай болсон элдвийн хүмүүсийн цуглуулга байдаг гэж сонссон. Тухайлбал, манай намд огт байгаагүй АН-ын гишүүн Нинж, ҮШН-ын Уянга, Логийн Цог, Ногоон намын Молор-Эрдэнэ, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намын Төмөрсүх гээд сүүлийн үед манай намд жигтэйхэн хайртай болж, санаа сэтгэл нь зовдог хүмүүс цуглардаг гэсэн. Уг нь манай намыг газар дор ортол муулдаг хүмүүс биз дээ. Гэтэл гэнэт хайртай болоод, санаа сэтгэл нь зовоод, нэрээ яах гэж сольж байгаа юм, хувьсгалт гэдэг үг чинь сайхан үг шүү дээ энэ тэр болоод явчихсан нь ямар учиртай байна аа. Манай нам өөрийн дүрэмтэй, гишүүдтэй, бие даасан байгууллага. Манай намд өөр бусад хөндлөнгийн хүмүүс санаа зовоод хэрэггүй, намын гишүүд нь санаа зовог л дээ. Бид өөрсдийхөө асуудлыг өөрсдөө л шийдье. Зарчимтай, улс төрийн соёлтой байж сурцгаая. Манай нам бусад намын дотоод асуудалд оролцдоггүй шүү дээ.
Ц.Даваасүрэн, Д.Тэрбишдагва нар Ардын намын гишүүн учраас намынхаа төлөө л зүтгэ. Ардын намын дүрэм журам, бодлогод захирагд. Намын олон түмнийхээ гаргасан шийдвэрийг хүндэтгэн хэрэгжүүл. Түүнээс биш хоёр сэтгэл гаргаад өдөр нь намдаа, шөнө нь айлд очиж хоноод хэрэггүй. “Хоёр туулай хөөсөн хүн хоосон хоцордог” гэж ардын үг байдаг. Бидний хийж байгаа өөрчлөлт шинэчлэлд нялуун зан, хоёрдмол утга, хоёр бодол сэтгэл хэрэггүй. Монгол Ардын Нам гэдэг хүчит галт тэрэг нэгэнт хүчээ аваад хүмүүсээ суулгаад хөдөлчих¬сөн. Энэ галт тэрэг зорьсон газраа хүрэх нь тодорхой. Намаа гэсэн сэтгэлгүй, нөхдөө гэсэн бодолгүй, үзэл санаандаа туйлбаргүй, үүх түүхээ хүндэтгэдэггүй, үнэт зүйлээ хайрладаггүй хоёрдмол сэтгэлтэй хүн байвал өөрөө сонголтоо хийгээд вокзал дээр үлдэж болно. Үүнийг ч манай намын олон түмэн шаардаж байна.
-Таныг намын том албан тушаалтан байж, тэвчээртэй байсангүй гэж Ц.Даваасүрэн гишүүн хэлсэн байсан. Та түрүүнд “хатуухан хэлсэн үгээр минь улстөр хийх гэлээ” гэсэн. Үзэл бодол, үйл ажиллагааны гэхээсээ үгийн зөрүү нөлөөлөөд, бие биеэ ойлгохгүйд хүрсэн юм биш үү?
-Би ер нь хэлье гэснээ шулуухан хэлчихдэг хүн. Гэхдээ шударга үнэнч хүмүүсийн шүүмжлэлийг хүлээж авах чадвар надад бас бий. Харамсалтай нь Ц.Даваасүрэнгийн зан чанар, үйл хөдлөл энэ категорт таардаггүй юм. Том өөрчлөлт, шинэчлэлтийн төлөө шуурган тэмцэл хийхэд хатуу үг хэлэх нь байтугай хурц ширүүн тэмцэл хийх шаардлага гардаг юм. Өнөөдөр бид Н.Энхбаярын үеэс тогтсон хээл хахууль, авлигал, дарангуйллын хана хэрмийг нурааж байна. Хар дарсан он жилүүдийг үлдэн хөөж гэрэл гэгээтэй амьдралыг бий болгохоор зүтгэж байна. Зусарч, бялдууч, шударга бус аргаар хоолоо олж, амьдарч сурсан паразитуудын бүхэл бүтэн сүлжээг нурааж байна. Энэ бол намын шинэчлэлийн төдийгүй, нийгмийн шинэч¬лэлийн эхлэл юм. Одоо бид намдаа шударга ёсыг тогтоож шантаажчин улстөрч¬дөөс салах цаг болж. Үүнд эр зориг, эв нэгдэл хэрэгтэй. Намын шинэчлэл ч үүнтэй холбоотой. Үүнийг олон түмэн хүсэн хүлээж байна. Шударга ёсны агаар намд ч, нийгэмд ч дутагдаж байна.
Улстөрийн амьдрал тэр аяараа шантааж дээр тогтдог болжээ. Удирдах зөвлөлийн гишүүн болгохгүй бол шантаажилна, байнгын хорооны дарга болгохгүй бол шантаажилна. Даргаасаа унавал шантаажилна, авгай хүүхэд, хамаатан саданг нь ажилд авахгүй бол шантаажилна. Энэ бузар буруу зүй тогт¬лоос бид салж ангижрах цаг болсон. Үүнийг Ардын нам өөрөөсөө эхлүү¬лэх ёстой. Шудар¬га ёсыг намдаа тогтоож, шантаажчин улс¬төрчдийг таслан зогсоохын төлөө миний бие илд бамбай мэт тэмцэнэ. Надад айж, эмээгээд байх зүйл огт байхгүй. Би хүүхэд байх үеэсээ л журмын нөхөдтэй¬гөө хамт шударга ёсны төлөө тэмцэж ирсэн. Н.Энх¬баярыг эхнэр Цолмонтойгоо нийлээд ид галзуурч байх үед ч хэлье гэсэн үгээ хэлж, тэмцэж байсан. Шударга үнэн үг хэлж тэмц¬сэнийхээ төлөө хилс хэрэгт гүтгэгдэн, шүүхийн хаалга хүртэл татаж байсныг Монго¬лын ард түмэн бүгдээрээ мэдэж байгаа. “Таныг ч арай дэндүү хэлмэгдүүлсэн шүү, тэр үед бид нар шударга үнэнийг хамгаалж чадаагүй шүү” гэж өнөөдөр шүүх, прокурорынхон надад хэлдэг юм. Аргагүй шүү дээ. Хэн Хүрэлсүхийг өмөөрч ажилгүй болохыг хүсэх вэ дээ. Шударга ёс үгүй болсон Н.Энхбаярын дарангуйллын үе байсан юм чинь. Тэр үед Хүрэлсүхийг шоронд хийж гэсгээвэл хүмүүс айж, дахин Н.Энхбаяр болон түүний гэр бүлийн дарангуйллын эсрэг шударга ёсны төлөө дуугарах хүн гарахгүй болно гэж тооцоолсон юм билээ. Үүнийг ч тэр үед Н.Энхбаяртай ойр дотно ажиллаж байсан намын журмын нөхөд маань одоо надад ярьдаг юм. Ийм л үеийг бид тэмцэх нь тэмцэж, тэвчих нь тэвчиж өнгөрөөсөн дөө. Над шиг хэлмэгдсэн хүмүүс зөндөө бий. Харамсалтай нь одоо болтол дуугардаггүй юм.
Хариултыг Н.Энхбаяр өөрөөсөө эрэх ёстой
-Үе үеийн намын дарга, ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан хүмүүс Н.Энхбаярт хандаж ил захидал бичсэн. Н.Энхбаяр хариуг нь ч нийтлүүлсэн байсан. Та бодвол уншсан байх. Энэ талаар юу хэлэх вэ?
-Ард түмэндээ өрөө төлөх үү, үгүй юу гэсэн гарчигтай ил захидлыг нь би уншсан. Уг нь энэ асуултыг Н.Энхбаяр дарга биднээс биш, өөрөөсөө асуух хэрэгтэй юм. Энэ хүн Ардын намын дэмжлэгээр Соёлын сайдаас авхуулаад Ерөнхийлөгч хүртэл 17 жил төрийн толгойд суусан. Өөрийнх нь яриад байгаа авлигал, хээл хахууль, ажилгүйдэл, ядуурал, боловсон хүчний алдаа завхрал, шударга бус томилгоо, улстөр, бизнесийн бүлэглэл, хариуцлагагүй байдал өнөөдөр шинээр бий болчихсон зүйл огт биш. Энэ бүхэн Н.Энхбаярын үед бий болж, цэцэглэн хөгжсөн юм. Яагаад Н.Энхбаяр мэдсээр байж Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Ерөнхийлөгч байхдаа энэ бүхэнтэй тэмцээгүй юм бэ. Яагаад ард түмэн Н.Энхбаярт Авлига¬лын загалмайлсан эцэг гэж нэр өгсөн юм бэ гээд олон асуулт ар араасаа цуварна. Энэ бүхний хариултыг Н.Энхбаяр өөрөөсөө эрэх ёстой.
Эцэст нь ганц зүйл хэлье. Н.Энхбаярын хийсэн олон нүглийг өршөөж болно. Харин Н.Энхбаяр хууль бусаар хувьдаа хулгайлан авсан олон барилга байгууламж, обьектоо ард түмэндээ эргүүлэн өгөх ёстой. Шударга бус аргаар авсан ТВ9 телевиз, “Зууны мэдээ” сониноо жинхэнэ эздэд нь буцааж өгөх ёстой. Ингэсний дараа л Н.Энхбаяртай шударга үнэний төлөө, сайн сайхан үйл хэргийн төлөө хамтран ажиллах тухай яриа байж болох юм. Өөр надад хэлэх зүйл алга.
-Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр сонгуульд ялагдсаныхаа дараа цаашид улстөрд идэвхтэй оролцохоо удаа дараа илэрхийлсэн. Энэ хүслийнхээ үүднээс намын удирдлагаас улстөрийн дэмжлэг хүссэн байх. Тэр дэмжлэгийг нь үзүүлчихгүй яасан юм бол гэсэн бодолтой хүмүүс байж болох юм. Үүнд ямар хариу хэлэх вэ?
-Миний мэдэхийн 1992 оноос эхлээд л манай нам Н.Энхбаярт улстөрийн дэмжлэг үзүүлж ирсэн. Соёлын сайдаас эхлээд л намын ерөнхий нарийн бичгийн дарга, дарга, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүн, УИХ-ын дарга, Ерөнхийлөгч болохдоо намын олон түмний дэмжлэ¬гийг л авсан. Хамгийн сүүлд намын Бага хурлын гишүүдийн 100 хувийн саналаар Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвшүүлсэн. Гэвч ард түмэн Н.Энхбая¬рыг хүлээж аваагүй, сонгуулд унасан. Н.Энхбаярын оронд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших бүрэн боломжтой олон сайхан төр, нийгмийн зүтгэлтнүүд байсан. Тухайлбал С.Баяр, Ц.Нямдорж, Ч.Улаан, Д.Лүндээжанцан, Ө.Энхтүвшин, М.Энхболд, Н.Энхболд, Д.Дэмбэрэл гээд нэрлэж болно. Тэд бүгд л намынхаа эрх ашиг, эв нэгдлийг бодолцон Н.Энхбаярт хүндэтгэл үзүүлэн нэрээ татаж байсан. Үүнээс илүү дэмжлэг гэж юу байх юм бэ. Н.Энхбаярыг намын хамт олон энэ төрийн хамгийн өндөр албан тушаал, эцсийн цэг хүртэл тууштай дэмжсээр ирсэн. Юундаа гомдоод байдгийг би сайн ойлгодоггүй. Чингэлтэй дүүргийн 24 дүгээр тойргийн нөхөн сонгуульд нэр дэвшихээр хүсэлт тавь¬сан. Бид дэмжээгүй. Ерөнхийлөгчийн сонгуульд унасан хүнийг дахиж нэр дэвшүүлэх тийм зарчимгүй юм байж болохгүй биз дээ. Өнөөдөр харин өөрийнх нь төлөө зүтгэсэн намаа ха¬галах гээд “түр штаб” гээчийг толгойлоод явж байгаа нь дэндүү харамсалтай.
-Үүнийг Та үнэхээр нотолгоотой хэлж байна уу?
-Нотлоод байх шаардлагагүй, Монголын ард түмэн бүгдээрээ мэдэж байгаа. Хамгийн сүүлд гэхэд л өөрийнх нь байгуулсан түр штабын гишүүн С.Молор-Эрдэнэ Улс төрийн тойм сонинд ярилцлага өгөхдөө “Н.Энхбаяр бид хоёр өдөр болгон уулзаж байгаа. Онц их хурлаа хийж, нам байгуулах тухай ярилцаж байгаа, тэр хүн үргэлж дэмжиж байгаа. Тэр миний ард биш, дэргэд байгаа” гэсэн байсан. Н.Энхбая¬рын хувийн телевиз ТВ9, “Зууны мэдээ” сониноор Ардын намыг тарааж бутаргах тухай байнга ярьж, журмын нөхдөө өдөр шөнөгүй гутаан доромжилж байгааг ард түмэн харж л байна. Ийм байхад бид яах юм бэ. Намын дарга С.Батболд Н.Энхбаяртай гурван удаа уулзлаа, журмын нөхөд нь хэлж, сануулж, гуйлаа. Салж явах гээд зүтгээд байгаа хүнийг бид яах ёстой вэ.
Ямар ч байсан намын хамт олноо, Их Хурлаас гаргасан шийдвэрийг хүн-дэтгэхгүй байгаа юм байна гэж ойлгож байна. Намын жирийн олон түмний төлөөллийн шийдвэрийг хүндэтгэхгүй байгаа хүнтэй ер нь юу ярих юм бэ. Толгойг нь илээд чиний зөв гэх юм уу. Бусад хүнтэй нь хариуцлага тооцдог атлаа дарга байсан хүнтэй хариуцлага тооцохгүй байх нь шударга ёс мөн үү. Үнэхээр шударга ёс тогтооё гэвэл дарга, цэрэгт адилхан л хариуцлага тооцдог байх ёстой биз дээ. Манай нам нэг дү¬рэмтэй, нэг хариуцлагатай нам. Шударга ёс үүнээс л эхэлнэ. Хүрэлсүх шударга ёсыг гажуудуулбал Ардын намын Ерөн¬хий нарийн бичгийн дарга гэсэн энэ хариуцлагатай, нэр хүндтэй албыг хүлээлгэн өгөхөд бэлэн байна. Уг нь Н.Энхбаяр ийм нөхцөл байдалд орох ёсгүй л хүн байгаа юм. “Овоо босгоогүй бол шаазгай хаанаас суух вэ” гэж ардын үг бий. Нам руугаа, нөхөд рүүгээ дайрч, төрөлх намаа хагалан бутаргах гээгүй бол ийм зүйл болохгүй л байсан даа. Н.Энхбаяр нас үсээ бодсон ч, цаг хуга¬цаагаа тооцсон ч ингэж аашлах хэрэггүй байсан юм. П.Очирбат, Н.Багабанди гуай нар шиг ноён нуруутай, төрийн тэргүүн байсан хүн шиг тулхтай сайхан амьдарч болоогүй л юм байх даа гэж заримдаа би харамсдаг юм. Хорвоо дээр байгаа бүх л өндөр албан тушаалыг энэ хүн хашлаа. Юманд бас хэмжээ хязгаар, цадаж ханана гэж баймаар юм даа.
-Таныг саяхан Монголын сайтуудын холбооноос шударга улстөрчөөр шалгаруулсан байв уу. Магадгүй шулуун шударга, омголон хатуу байх нь Таны имиж мэт санагддаг байх л даа.
-Үнэнийг хэлэхэд шударга байх юмсан л гэж боддог. Миний аав, ээж хоёр хоёулаа тээврийн жолооч. Тэд минь хэнд ч бялдуучилж байгаагүй. Тээврийн жолооч ажлаа л хийхээс, хэн нэгэнд бялдуучлах шаардлага ч байхгүй байсан цаг. Эцэг эх маань ах, дүү тав биднийг шударга болгож хүмүүжүүлсэн. Монголын хөвгүүд яаж хүмүүждэг байсан, тэр жишгээр л аавынхаа суран тэлээ, алганы амтыг авч хүмүүжсэн хүмүүсийн нэг, би. Ингэлээ гээд муудсан юм лав надад байхгүй. Харин ч гай барцдыг минь арилгаж байсан юм болов уу гэж одоо боддог юм. Шударга бус зүйлтэй эвлэрдэггүй занг аав минь надад хар нялхаас суулгасан. Нэг удаа телевиз дуусаад төрийн дуулал явж байхад нь би очоод унтраачихсан. Тэгсэн аав намайг зэмлээд, “Чи яагаад төрийн дуулал явж байхад унтрааж байгаа юм бэ. Наадахаа дуустал сонс, Эх орондоо хайртай болдог юм” гээд сонсгож байсан. Түүнээс хойш орой болгон төрийн дуулал сонсгож унтуулдаг болсон доо. Төрийн сүлдтэй сонины тасархай газар хэвтэж байвал аваад духандаа хүргэж адис аваад дээш нь тавьж бай гэж надад зааж, сургаж хүмүүжүүлсэн. Дээр нь би цэргийн сургууль төгссөн. Эх орондоо тангараг өргөсөн офицер хүн байсан. Шударга ёсыг эрхэмлэх бол миний гол зарчим. Би шударга эрчүүдийг хүндэтгэдэг. Тийм эрчүүд бол жинхэнэ эрчүүд байдаг. Дайн тулааны үед ч, энхийн цагт ч тийм эрчүүд эх орноо авч явсан түүх¬тэй. Монгол эрчүүд ийм л байх ёстой.
Зарчимтай шударга байвал ардчилал хумигдахгүй
-XXVI их хурлаар нам үзэл онолын хувьд бүрэн шинэчлэгдэж чадлаа, одоо үйл ажиллагаагаа шинэчилье гэж удаа дараа ярьж байгаа. Таны ярьсанчлан, шантааж хийдэг байдлыг болиулах нь үйл ажиллагааны шинэчлэлийн нэг хэсэг мөн үү?
-Тэгэлгүй яахав. Энэ бол амин чухал асуудал. Боловсон хүчний шинэчлэл үүнээс эхэлнэ. Боловсон хүчний сонгол¬тод шударга байдлыг тогтоох нь нэн чухал. Ажил мэргэжлийн ур чадвар, дад¬лага туршлага, хэлний боловсрол гээд олон шалгуур бий. Гэхдээ энэ дотроос ёс суртахуун, сэтгэлийн шалгуурыг онцгойлон харах ёстой юм байна даа. Нэг ухаантай хүний хэлсэн үг байдаг юм. “Төрд зүтгэж буй хэн боловч төгс сайн мэдлэг боловсролгүй ч төгөлдөр сайн ёс суртахуунтай байх ёстой” гэж. Энэ үнэхээр үнэн үг дээ. Өнөөдөр намынхаа тө¬лөө, шударга ёсны төлөө чин сэтгэлээсээ зүтгэж явсан олон зуун чадварлаг хүмүүс гудамжинд ажилгүй л алхаж явна. Тэд хэзээ ч биднээс ажил албан тушаал нэхдэггүй. Харин хэрэгтэй үед байнга бидний дэргэд байж, дэмжиж байдаг. Ийм л хүмүүс дээр эх орон, шударга ёс, хүн чанар тогтдог юм. Тэд хэзээ ч албан тушаалын шантааж хийдэггүй, авгай хүүхэд, танил талаа ажилд оруулахын төлөө үхэлдэн тэмцэлддэггүй. Ийм л хүмүүс гарч ирж төрдөө, намдаа зүтгээсэй билээ гэж бодож байна.
Намдаа бид шинэчлэлийг эхлүүл¬сэн. Энэ шинэчлэлийн амин сүнс нь шударга ёс. Тийм учраас намын олон түмэндээ, гишүүд дэмжигчиддээ, залуучууддаа шударга ёсны төлөө босож, тэмцэцгээе гэж уриалж байна. “Зориг эс хүрвээс, ухаан эс хүрнэ” гэж сайхан үг байдаг. Зоригтой, эрч хүчтэй байцгаая. Авлигал, хээл хахууль, хүнд суртлын хана хэрмийг нураацгаая. Намдаа, нийгэмдээ эрх чөлөө, шударга ёс, эв нэгдлийг жинхэнэ утгаар нь тогтооцгооё. Босоцгооё, тэмцэцгээе.
-Таныг хатуу шаардлага тавихаар сөргүүлээд намын дотоод ардчиллын асуудлыг бас тавьж болох юм. Хүний үг хэлэх эрх чөлөөг хумилаа энэ тэр гэхчилэн.
-Зарчимтай, шударга байвал дотоод ардчилал хумигдана гэж хэзээ ч байхгүй. Харин зарчимгүй юм тулгаад, ардчилал ярьж байвал анархи болно. Баталсан хуулиа, гаргасан шийдвэрээ, дүрэм журмаа хатуу чанд мөрдөнө гэдэг бол ардчиллыг, шударга ёсыг хамгаалж байна гэсэн үг. Намын хурлууд хамгийн их мэтгэлцээнтэй байж, үзэл бодлоо уралдуу¬лах ёстой. Санал нийлэхгүй бол мэтгэлцэж, бүр хэрэлдэхийг ч үгүйсгэхгүй. Амьдрал баян болохоор хүн хоорондын харилцааны ямар ч илэрхийлэл байж болно. Харин тэр дундаас гарсан олонхийн шийдвэрийг намын гишүүн хүн болгон дагаж хэрэгжүүлэх ёстой. Хүссэн, эс хүссэн ч олонхийн шийдвэрийг дагах нь ардчиллын зарчим. Ингэхгүйгээс намын олон түмний дунд эргэлзээ төрж, намдаа, цаашилбал төр, засагтаа итгэх итгэл алдарч шударга ёс ганхаж, сахилга хариуцлагагүй байдал газар авдаг юм. Хүний нийгэм байтугай амьтны аймаг хүртэл дүрэмтэй журамтай, зохион байгуулалттай байдаг шүү дээ. Тийм учраас ардчиллын зарчмаар гарсан шийдвэрээ л эцсийн дүндээ дагаж мөрддөг байхыг би Удирдах зөвлөл, Бага хурал, намын бүлгийн гишүүдээсээ хатуу шаардаж байгаа. Ийм шаардлагыг тавьж чадахаа байснаас болж намд салан задгай байдал нүүрлэж, сахилга хариуцлага алдагдаж, шударга ёс уландаа гишгэгдэж, шантаажийн улстөр цэцэглэн хөгжиж, эргээд энэ нь Монгол төрийн хүч чадлыг сулруулж байгаа юм. Бидний баталсан намын дүрэм тэр чигтээ ардчиллыг хамгаалсан дүрэм. Тэр дүрмийн хил хязгаар дээгүүр давж гишгэсэн хэнбугайтай ч хариуцлага тооцдог болъё.
Ахмадаа хайрлаж, залуусаа дэмжиж ажиллах ёстой
-Боловсон хүчний бодлогын асуудлаар Удирдах зөвлөлөөс ажлын хэсэг гарч, Та ахалж байгаа. Ирэх хоёрдугаар сард болох Бага хурлаар ямар нэг дүрэм, журам гарах уу?
-Ээлжит Бага хурлаар улс орны хөдөлмөр эрхлэлт, ажлын байр нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцэнэ. Намын сахилга, хариуцлагын асуудлыг ярина. Мөн намын Бага хурлын гишүү¬дийн ажлыг үнэлж, дүгнэх, боловсон хүчнийг шилж, сонгох, дэвшүүлэх журмыг дахин сайтар боловсруулан хэлэлцүүлнэ.
-Намын батлах шинэчлэх ажил улс орон даяар өрнөж байгаа. Гишүүдийн хэдэн хувь нь батлахаа аваад байна вэ?
-Бат илэрхийлэх шинэчлэх үйл ажиллагаанаас харахад аргагүй л бид намын хамт олныхоо төдийгүй нийгмийн захиалгаар уугуул нэрээ сэргээсэн юм байна даа гэсэн сэтгэгдэл төрж байна. Албан ёсоор тоо хараахан гараагүй байна. Өнөөдрийн байдлаар манай намын нийт гишүүдийн 90.5 хувь нь буюу 135 765 гишүүн шинэ бат илэрхийлэхээ гардан аваад байна. Улаанбаатар хотод 89.3 хувьтай явж байна. Цагаан сарын өмнө бат илэрхийлэхээ бүрэн шинэчилж дуусгана. Одоо хөдөө, орон нутгийн алс¬лагдсан газарт байгаа намын гишүүдийн бат илэрхийлэхийг шинэчлэх ажлыг намын сонгуультнууд явж хийж байна. Тэгээд дүнгээ эцэслэн нэгтгэж гаргана. Манай гишүүд үнэхээр өндөр идэвхтэй, урам зоригтой шинэ бат илэрхийлэхээ авч байна. Энэ богинохон хугацаанд 12034 хүн манай намд шинээр гишүүнээр элслээ. Дийлэнх нь 35 хүртэлх насны залуучууд байна. Энэ бол бид зөв зүйл хийж байна, намын маань XXVI Их хурал үнэхээр түүхэн бодит шийдвэр гаргаж чаджээ гэдгийн илэрхийлэл, нотолгоо болж байна даа. Үүнд манай на¬мын олон түмэн сэтгэл хангалуун байна.
-Удахгүй монгол түмний сайхан баяр цагаан сар болж, туулай жилтэйгээ золгох гэж байна. Бэлгэ дэмбэрэлийн ерөөлтэй үгээр ярилцлагаа өндөрлөх үү?
-Тэгье. Өнгөрсөн он манай намын хувьд ололт амжилтаар дүүрэн он жил байлаа. Бид олон сайхан ажил хийж амжууллаа. Бас алдаа дутагдлаа засахын төлөө хөдөлмөрлөлөө. “Ард түмнээ сонсъё” аяныг зохион байгуулж, хөдөө орон нутгаар явж жирийн ард иргэдтэй¬гээ уулзаж, тэднийхээ санаа бодол, шүүмжийг сонсож, магтуулж, бас зэм¬лүүлж явлаа. Энэ бүхэн бидний ажил төрөлд тус дэмтэй, урам зориг хайрласан, алдаа оноогоо ухаарсан, цаашид авч хэрэгжүүлэх бодлого зорилтоо тодор¬хойлж, үйл ажиллагаагаа шинэч¬лэхэд үнэтэй хувь нэмэр болсон бодит ажил боллоо. Манай нам бол ахмад, дунд, залуу үеийн алтан хэлхээн дээр оршдог нам. Бид ахмадаа хайрлаж, залуусаа дэмжиж ажиллах ёстой. Манай намын хүчин чадал эгэл жирийн гишүүд, дэмжигчид дээрээ оршдог. Тийм учраас тэднийхээ үгийг сонсож, амьд хэлхээ холбоо бий болгож ажиллах нь чухал. Ирж буй туулай жилд Монгол Ардын Намын 90, Ардын хувьсгалын 90, Монголын Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний 100 жилийн ой тохионо. Улс орны тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлын баталгаа болсон намынхаа түүхт ойг өргөн дэлгэр, утга төгөлдөр тэмдэглэнэ. Ардын нам байгуулагдаж, тусгаар тогтнолынхоо төлөө тэмцээгүй байсан бол, 1939 оны Халх гол, 1945 оны чөлөө¬лөх дайнд оролцож тусгаар тогтнол, эрх чөлөөгөө хамгаалаагүй бол, 1945 оны бүх ард нийтийн санал асуулгыг зохион байгуулж тусгаар тогтнолоо баталгаажуулаагүй байсан бол, 1961 онд НҮБ-д эх орноо элсүүлээгүй байсан бол… гээд бодоод үз дээ. Эдийн засаг, нийгэм, соёл урлагийн хөгжилд үсрэнгүй хөгжил гаргаж, сансарт хүн нисгээгүй байсан бол, 1990 оны ардчилсан өөрчлөлтийг энэ нам өлгийдөн аваагүй байсан бол гээд бодохоор өнөөдрийн бидэнд байгаа бүхэн огт төсөөлөгдөхгүй л байх байсан. Монгол орны хөгжил дэвшлийн хөдөл¬гөгч хүч болж ирсэн манай намын үе үеийн эх орончид эх орноо хамгаалж, хөгжүүлж ирсэн түүхтэй. Удахгүй хаврын сар гарч, цагаан сараа тэмдэглэнэ. Айл бүхэн сар шинээ сайхан хийдэг. Түүний хажуугаар цагаан сараа тэмдэглэж чадахгүй байгаа айлууд ч зөндөө бий. Хүн өмч хөрөнгөтэй байхаас гадна сэтгэлээрээ амьдардаг амьтан. Хэдийгээр ядуу зүдүү байгаа ч гэсэн амьдрал ахуй маань өөдрөг сайхан болж, сайн сайхан амьдрал, гэрэл гэгээтэй ирээдүй надад байна гэж сэтгэлдээ бодож, итгэлийн оч бадрааж, ахуй амьдралынхаа төлөө тэмцэж, зүтгэж амьдраарай гэж хэлмээр байна.
Монголын төр бүх хүнд хүрч чадахгүй байгаа нь үнэн. Ингэж чадахын төлөө ажиллах ёстой. Үүний тулд Монгол Ардын Нам хариуцлагатай, сахилгатай, шударга байж, улс орны гол хөдөлгөгч хүчин гэдгээ ухамсарлах ёстой. Цаашид юм бүхэн эмх цэгцэндээ орж, зорьсон хэрэг сэтгэлчлэн бүтэж, Ардын Нам улс орон, ард түмнийхээ төлөө урьдын адил ихийг хийж бүтээх болно гэдэгт итгэл дүүрэн байна. Идэр есийн хахир хатуу өвлийг өнтэй давж, ирж буй хаврын улиралтайгаа золгож, төл малаа өсгөн бойжуулж, дэлгэр сайхан зунтай учран золгож, гэр бүл, үр хүүхдээрээ өнөр өтгөн, эрүүл энх, аз жаргалтай амьдра¬хын өлзийтэй сайхан ерөөлийг ард түмэндээ өргөн дэвшүүлье.
Намынхаа нийт гишүүд, дэмжигчид Та бүхэндээ сар шинийн баярын мэнд хүргэе.