Ган төмрөөс 500 дахин хүчтэй, 10 дахин хөнгөн шинэ цаас үйлдвэрлэжээ

Хуучирсан мэдээ: 2010.03.25-нд нийтлэгдсэн

Ган төмрөөс 500 дахин хүчтэй, 10 дахин хөнгөн шинэ цаас үйлдвэрлэжээ

Шинэ төрлийн нано хоолойгоор бүтсэн цаас нь дэлхийн хамгийн хүчирхэг материал болох төдийгүй агаарын хөлөг бүтээхэд ашиглагдах бололтой. Судлаачид нүүрстөрөгчийн нано хоолойн тусламжтайгаар үйлдвэрлэлийн түүхий эдийн зорилготой шинэ цаас бүтээсэн байна. “Buckypaper” нэртэй энэхүү шинэ төрлийн цаас нь гэрэл зургийн хальс төдий нимгэн бөгөөд ихэд хэврэг харагдана. Хэдий тийм боловч уг цаас нь ирээдүйд хэрэглэгчдийн гарт хүрэх автомашин, агаарын хөлгийн гадаад өнгө төрхийн хувьд хувьсал хийж чадахуйц бүтээл юм.

Шинэ төрлийн “buckypaper” цаас нь сүлжилдсэн нүүрстөрөгчийн нано хоолойнуудаас бүрдэх бөгөөд нано хоолойны уян хатан чанарыг ашиглажээ. Харин олон давхар цаас давхарласнаар илүү бат бөх, нугаршгүй чанарыг бүрдүүлнэ. Энгийн цааснаас ялгаатай нь “buckypaper” нь ган төмрөөс 500 дахин хүчирхэг, харин жингийн хувьд 10 дахин хөнгөн юм.

Флорида мужийн өндөр чанартай түүхий эд бэлтгэх дээд сургуулийн захирал Бен Ван “buckypaper” хэмээх цаасыг бүтээх төслийг удирджээ. Түүний ажил нь Нобелийн шагналт судлаачид болох Роберт Курл, Ричард И.Смоли нарын эхлүүлсэн ажлын үргэлжлэл гэж болох юм. Профессор Вангийн хэлснээр цаасыг супер хүчтэй болгож буй хамгийн гол хүчин зүйл нь нано хоолойн молекулын өнгөн талын талбай гэнэ. Хэрэв ганцхан грамм нано хоолой авч, хавтгай цаас шиг дэлгэвэл бүхэл бүтэн хөлбөмбөгийн ногоон талбайг ч битүү хучих боломжтой ажээ.

Нано хоолойг өмнө нь теннисний цохиур болон унадаг дугуйны хүрдийг хүчтэй болгох зорилгоор бага хэмжээгээр ашигладаг байсан юм. Гэхдээ дээрх тохиолдолд нано хоолойн нунтаг хэлбэрийг ашигладаг аж. Түүнчлэн эдгээр тохиолдлуудад нано хоолойн ердөө 1-5 хувийг ашигладаг бол “buckypaper”-т 50 хувийг ашигладаг байна. Энэ нь хэдийгээр хэрэгцээтэй зүйл боловч үнийн хувьд асар өндөр юм.

Цаасыг бүтээсэн судлаачдын үзэж буйгаар тэдний энэхүү шинэ бүтээлийг гар утас, лэптопын гадаргуу зэргийг хийхэд ашиглах боломжтой бөгөөд цаашилбал, агаарын хөлөг, автомашин болон цэргийн зориулалттай хамгаалалттай хуягтыг ч үйлдвэрлэж болох гэнэ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж