Тавантолгойн тендер хууль бус болох уу?

Хуучирсан мэдээ: 2011.01.25-нд нийтлэгдсэн

Тавантолгойн тендер хууль бус болох уу?

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай

    Тавантолгойн
    алдарт тендерийн санал авах хугацаа дахиад л хойшлов. Уг нь бүр 2008
    оны хавар л гадаадын голдуу компаниуд Засгийн газарт хаягласан саналаа
    ирүүлж байсан ч эдүгээ шийдэгдсэн зүйл алга. Анх “Эрдэнэс Монгол”
    компанийг байгуулсан даруйд 11 консорциум хамтран ажиллах саналаа
    ирүүлэв, эндээс шүүлтээ хийнэ гэж байсан даа. Гэвч С.Баярын Засгийн
    газрын танхимын дэвшүүлж байсан санааг С.Батболдын танхим ялимгүй
    өөрчилснөөр сонгон шалгаруулалтыг дахин цоо шинээр зарлаж эхэллээ гэсэн
    ойлголт төрүүлсэн. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 8-нд зарласан
    хөрөнгө оруулагчийн сонгон шалгаруулалтын эхний шатанд оролцох саналаа
    ирүүлэх хугацаа уг нь өчигдөр дуусгавар болох байсан ч дахиад долоо
    хоног сунгав. Өмнө нь мөн энэ сарын 17-нд хугацаа нь дуусах байсан ч
    долоо хоногоор сунгаж байсан юм. Зарим хүн “Халаасных нь компани саналаа
    ирүүлэх гэж байснаа хоцорчихсон юм болов уу” гэж жуумалзаж байгаа. Энэ
    нь шалихгүй наргиа юм гэж санахад өнөөдөр харин хугацаа нь дуусдаггүй
    сунжирсан сонгон шалгаруулалт нь өөрөө хүчин төгөлдөр гэж тооцогдох эсэх
    нь эргэлзээтэй болоод ирэв.

    Олборлолт явуулах компаниа болон
    хөрөнгө оруулагчаа тодруулна гэж байгаа “Эрдэнэс Тавантолгой” компани
    албан ёсны бүртгэлгүй гэж дуулиан дэгдэн, ТӨХ-ны дарга хөөрхий, 2010 оны
    арванхоёрдугаар сарын 23-ноор гэрчилгээгээ барьж байгаад үгүйсгэсэн.
    Гэвч одоо дүн нь гараагүй байгаа тендерийг аль хэдийнэ зарлаж, Төлөөлөн
    удирдах зөвлөлөө байгуулчихсан нь хууль зөрчсөн асуудал гэсэн
    үндэслэлийг “Монгол 999”-ийнхөн Засгийн газарт сануулж байна /ил
    захидлыг бүрэн эхээр нь news.mn-ээс харна уу/. Энд мөн тусгай
    зөвшөөрлийг эзэмшигч гэж хэнийг хэлэх, ашиглалт гэж хуулиар хэрхэн
    томьёолсон хийгээд ийнхүү Баруун Цанхийг гадны хөрөнгө оруулагчид
    өгснөөс Тавантолгой хэрхэн үнэгүйдэх талаар тоо баримттайгаар өгүүлсэн
    байна.

    “Монгол 999”-ээс гаргасан ил захидал болон Монголын
    үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас гаргасан мэдэгдэлд
    Тавантолгойн “эзэд” буюу төрийн төлөөлөл чамгүй олон алдаа гаргаж, хууль
    зөрчсөнийг тоочжээ. Үүнд “холбогдогчид” няцаах тайлбар, хариу өгөөгүй
    байна.

    Компанийн тухай хуульд толгой компани, охин компанийнхаа
    үйл ажиллагаанд зөвхөн эзэмшиж буй хувийнхаа хэмжээгээр оролцоотой байна
    гэж заасан. Гэтэл “Эрдэнэс Монгол” охин компаниа бүртгүүлээгүй мөртлөө
    олборлогч, хөрөнгө оруулагчийн тендерийг зарлачихаад сая санасан мэт
    өнгөрсөн оны сүүлчээр компаниа бүртгүүлсэн байх юм. Тавантолгойн төрийн
    өмчийн эзэмшлийг “Эрдэнэс Тавантолгой” гэдэг компани хариуцна гээд,
    Засгийн газар нь энэ компани байгуул гэсэн үүргийг таван сарын өмнө
    өгчихөөд байхад шүү дээ.

    Түүнээс гадна мөн л хуульд зааснаар
    компани байгуулангуутаа ТУЗ-ийг томилох, хувьцааны хэдэн хувийг үүсгэн
    байгуулагч эзэмшихээ тодорхойлж компанийн дүрмээ батлаагүй мөртлөө
    гадаадын хөрөнгө оруулагчдад Баруун Цанхийн ордыг яаж гялс шилжүүлэх вэ
    гэж л улайрч байна гэж тэд үзэж байна. 

    Хамгийн гол нь
    Тавантолгойн хамгийн ашигтай /”Монгол 999” гадаадын хөрөнгө оруулалт
    шалгаруулахаар зарлаад байгаа Баруун Цанхи ордыг хамгийн ашигтай хэсэг
    гэж байгаа ч “Эрдэнэс Монгол”-ын захирал болохоор бусдаар олборлуулаад
    “Эрдэнэс Тавантолгой” үйл ажиллагааг нь хянах Зүүн цанхийн хэсгийг
    хамгийн ашигтай нь гээд байгаа/ газрыг гадныханд ашиглуулах нь гэсэн
    тэдний сануулга Оюутолгойн гэрээг алдаатай байгуулсан гэсэн шүүмжлэлийг
    дахин сэдрээхээр байна.

    Аль нь ч өрөм, аль нь ч хусам нь байлаа
    гэсэн нийт орд газрын 1/3- орчмыг гадаадын хөрөнгө оруулагчдад найр
    тавин өгч байгаа гээд бодохоор тэдний хилэн бадралгүй л яах вэ? Тиймээс
    Тавантолгойн энэ тендер маш том асуудлыг дэгдээж болзошгүй нь.

    “Монгол
    999”-ын анхнаасаа сөхөн тавьсан бас нэг гол шаардлага бол нээлттэй
    хувьцаат компани байгуулж, ТУЗ-даа үндэсний аж ахуйн нэгжийнхний
    төлөөллийг оролцуулах. Гэвч үүнийг Засгийн газар үл сонсогч болон
    өнгөрөөснийг сануулсу.
    Энэ мэт алдаа Тавантолгойг босгоно гэж байгаа
    Засгийн газарт маш том аранга болох нь. Түүнээс гадна олон улсын
    хөрөнгийн бирж дээр хувьцаагаа гаргах гэж буй компанид тавигддаг гол
    шаардлага бол компанийн цэвэр тунгалаг байдал. Хууль зөрчих нь бүү хэл,
    мэдээллээ хангалттай ил тод бус байлгадаг гэсэн толбо олон улсын биржийн
    босгыг давж алхах аргагүй болгодог гэдгийг Төрийн өмчийн хороо мэдэхийн
    дээдээр мэдэж байгаа байлгүй дээ. Д.Сугар дарга, Тавантолгойн ажлын
    хэсгийн ахлагч Шадар сайд Н.Алтанхуяг тэргүүтэн сүүлийн үед IPO гэх
    мэтчилэн аюулын мэдлэгтэй байрын дуугараад байдаг болсон байна лээ.

    Ер
    нь бол ”Эрдэнэс Тавантолгой” гээд л цээжээ дэлдээд давхиад байсан.
    Ядахдаа Монгол Улсын Засгийн газар чиглэл гаргаснаас хойш компаниа
    бүртгүүлчихгүй юугаа ч хийж байсан юм бэ? Тэгээд ч шаардлага тавиад
    анхааруулаад байхад, өөрсдөө хууль дүрмээ мэдэхийн дээдээр мэдсээр байж
    ийнхүү мэдэн будилж “орооцолдож” байна гэхээр хамгийн гэнэн итгэмтгий
    хүнд бол “Эд ер нь ийм том хэмжээний бүтээн байгуулалтыг хийж чадах
    нөхөд үү” гэж эргэлзэх, жирийн хардамтгай сэтгэлээр юу хийх гээд л мэдэн
    будилуулаад байгаа бол доо гэж хардмаар байгаа биз. 

    Уг нь
    ажлаа урагшуулж байвал энэ бүхнийг нүдэн балай чихэн дүлий үлдээгээд
    явах хэрэгтэй гэж зарим хүн “гүрийж” байгаа ч “Монгол 999”-ийн хэлээд
    шаардаад байгаа зүйлс, хууль зүйн үндэслэлийг сонсохгүй байх аргагүй.
    Хэдийгээр зарим нь “999 гуйлгачны нэгдэл” гэж тохуурхдаг ч гэсэн тэдний
    хүчин зүтгэл шаардлагаар иргэддээ хувьцаа олгох, дотоодын аж ахуйн
    нэгжүүдэд нэрлэсэн үнээр хувьцааны 10 хүртэл хувийг худалдах гол
    амлалтыг баталгаажуулж чадсан шүү дээ.  

    А.ТУЯА

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж