Цөмийн зэвсгийн тоог бууруулахаар болжээ

Хуучирсан мэдээ: 2010.03.25-нд нийтлэгдсэн

Цөмийн зэвсгийн тоог бууруулахаар болжээ

Өчигдөр буюу Лхагва гарагт цөмийн зэвсэгтэй  хүчирхэг хоёр гүрэн болох ОХУ болон АНУ-ын хооронд хүйтэн дайны үеэр бий болсон цөмийн зэвсгийн асар их нөөцийг бууруулахаар тохиролцож чадсан байна. Хоёр гүрний тэргүүн нар болох Барак Обама Димитрий Медведьев нар хоёр долоо хоногийн дараа Чехийн нийслэл Прага хотноо цөмийн зэвсгийг бууруулах гэрээнд гарын үсэг зурахаар болж байна. Уйгагүй хичээл зүтгэлийн дараа ийнхүү хоёр орны хооронд харилцан тохиролцолд хүрснээр дэлхий нийтэд нүүрлэх цөмийн дайны аюулыг багасгаж байгаа юм гэж Ассошейтэд пресс агентлаг мэдээлж байна. Гэрээний дагуу бол хоёр тал алсын тусгалтай цөмийн зэвсгийнхээ тоог 1500 нэгжээр бууруулахаар болсон байгаа гэнэ. Гэхдээ энэ тоо цаашид нэмэгдэх байх гэсэн итгэл байгааг зарим эх сурвалжууд мэдээлж байна. Тэгэхдээ энэхүү гэрээг АНУ-ын Сенатын болон Оросын Төрийн Дум дэмжиж батлах ёстой болж байгаа юм. ОХУ АНУ-ын цөмийн зэвсгийн асуудлыг олон жил судалж байгаа шинжээчийн хэлснээр бол Сенатаас энэхүү гэрээг батлуулах нь амаргүй байх болно гэж байна. Тэр хэлэхдээ” Оросуудтай хийсэн хүнд хэцүү тохиролцооны араас Бүгд найрамдахчуудтай хийх амаргүй тохиролцоо хүлоээж байгаа” гэжээ. Ямар ч болов гэрээг үзэглэх нь тодорхой болсон ч яг хэзээ болох нь одоогоор зарлагдаагүй байна. Оросын талын албаны эх сурвалж  ирэх 4-р сарын 8-д болно гэж мэдээлсэн аж. Зарим шинжээчдийн хэлж байгаагаар бол өнөөдрийн байдлаар АНУ-д л гэхэд цөмийн стратегийн зэвсэг 2150 нэгж байгаа бол Орост 2600 байгаа гэж баталж байгаа юм. Мөн АНУ нөөцөндөө 2600 цөмийн хошуу,  стратегийн бус 500 цөмийн зэвсэг хадгалж байгаа гэсэн тоцоо ч байдаг ажээ.

М.Наст

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж