Төсвийн жилээ дөрөвдүгээр сард эхлүүлбэл ямар вэ ?

Хуучирсан мэдээ: 2010.03.25-нд нийтлэгдсэн

Төсвийн жилээ дөрөвдүгээр сард эхлүүлбэл ямар вэ ?

Идэр насныхан эдүгээ “Мандарины үнэр ханхлахаар л шинэ жилийн баяр санаанд ордог” гэж хуучилдаг асан бол эдүгээ УИХ дээр төсөв яриад эхлэнгүүт оны төгсгөл болж байна даа гэсэн төсөөлөл буудаг шахуу болж. Бүхэл улсын бүтэн жилийн төсөв хэлэлцэх их ажил Монголын сүүлийн жилүүдийн туршлагаар бол гэнэт хуй дэгдэн азарган бороо асгараад өнгөрөх шиг сүл сал, яаруу сандруу болдгийг олонтаа шүүмжилсэн. Өнгөрсөн жил л гэхэд хуулийн хугацаандаа багтах гэж олон цоорхой үлдээж орхиод эдүгээ тодотгол хийн нөхөх гэж оролдож буй. Заасан хугацаанд төсвөө батлахгүй бол парламент тарах хүртэл асуудал дэгдэх учраас ийнхүү манай хууль тогтоогчид эцсийн мөч буюу арваннэгдүгээр сарын 30-ны 23.59 минутад ч болтугай төсвөө баталсан болж “дүр” эсгэдэг. Харин балаг нь бүтэн жил байтугай үргэлжилнэ. Төсвөө батална тодотгол хийнэ. Үүнийхээ дагуу хөрөнгө мөнгөө хуваарилж ажлаа эхлүүлнэ гэсээр байгаад хөр цасны эхээр замын ажлаа эхэлж өвлийн бэлтгэлээ өвөл “дүнгэнүүлдэг”. Төсвийг оны эцэст батлах нь ч яах вэ гэхэд санхүүгийн жилдээ арайхийн багтаан өгсөн тайлан тооцоог дараа оных нь эхний улиралд нэг юм багцалж нэгдсэн дүн мэдээ гардаг гээд манайхны сунжирсан ажил дуусахгүй. Бараг л өмнөх оны нэгдсэн дүн гараагүй шахам байхад төсвийн хүрээний мэдэгдлээ хэлэлцэх ёстой. Энэ нь татварын орлого, зарлагыг ерөнхийд нь багцалсан дүр зургийг харах гээд нарийн учиртай л байх. Харамсалтай нь, өнөөдрийн байдлаар гэхэд гуравдугаар сарын 14-ны дотор хэлэлцэх ёстй төсвийн хүрээний мэдэгдлээ манай парламент хараахан хэлэлцэж амжаагүй байтал чуулган завсарлачихаад байна. Ирэх жилийн төсвийн ерөнхий дүн нурууг харуулах ёстой төсвийн хүрээний хэлэлцүүлгээ дөрөвдүгээр сард эхлэх хаврын чуулганаар л нэг юм хэлэлцэх бололтой, хэлэлцэх асуудлын жагсаалтад орсон байна гэсэн. Иймэрхүү л бүтэл муутай “санхүүчидтэй” Монгол Улсад төсвийн асуудлаар дорвитой шинэчлэл хийх ёстой гэж эдийн засагчид дуугарч байгаа. Хууль тогтоогчид хийгээд гүйцэтгэх засаглалынхан толгой дохин дэмжиж байгаа ч гэсэн санхүүгийн жилийг өөрчлөх талаар лав санал сонсогдоогүй байна. Санхүүгийн жилээ хуанлийн тооллоос зөрүүлж тогтоох нь мэдээж сайн ба саар талуудтай гэдэг. Нэгэнт л шинэчлэл хийх гэж байгаа бол санхүүгийн жилээ өөрчлөх эсэх болон сайн муу талуудынх нь талаар нухацтай авч үзвэл илүүдэхгүй бус уу эдийн засагчид хийгээд эрхэм хууль тогтоогчид оо.  

Ингээд зарим улсын санхүүгийн жилийг сонирхуулья.
АНУ-д санхүүгийн жил  нь аравдугаар сарын 1-нд эхэлж дараа жилийн есдүгээр сарын 30-нд дуусдаг.
Австралийн санхүүгийн жил нь долдугаар сарын 1-нд эхэлж дараагийн жилийн зургадугаар сарын 30-нд дуусдаг.
Пакистанд долдугаар сарын 1-нд эхэлж дараагийн жилийн зургадугаар сарын 30-нд дуусдаг.
Шинэ Зеландад Засгийн газрын санхүүгийн жил нь долдугаар сарын 1-нд эхэлж, дараагийн зургадугаар сарын 30-нд дуусдаг. Хувь хүн, компанийн хувьд санхүүгийн жил нь дөрөвдүгээр сарын 1-нд эхэлж дараа жилийн гуравдугаар сарын 31-нд дуусдаг.
Канад, Энэтхэг, Гонгконг, Японд дөрөвдүгээр сарын 1-нд эхэлж дараагийн жилийн гуравдугаар сарын 31-нд дуусдаг. Японд орлогын татварын календарь нэгдүгээр сарын 1-нд эхэлж арванхоёрдугаар сарын 31-нд дуусдаг.
Их Британид хувь хүний орлогын татвартай холбоотой санхүүгийн жил дөрөвдүгээр сарын 6-нд эхэлж дараа жилийн сарын 5-нд дуусдаг. Харин компани болон төрийн албаны санхүүгийн жил дөрөвдгээр сарын 1-нд эхэлж дараа жилийн гуравдугаар сарын 31-нд дуусдаг аж.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж