Жон Ил: Визийг хэрхэх нь хараар ажиллаж буй хүмүүсийн тоо олшрох, цөөрөхөөс хамаарна

Хуучирсан мэдээ: 2010.03.25-нд нийтлэгдсэн

Жон Ил: Визийг хэрхэх нь хараар ажиллаж буй хүмүүсийн тоо олшрох, цөөрөхөөс хамаарна

-Монголд БНСУ-ын жилийг тэмдэглэнэ-

 Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ой энэ сарын 26-нд тохиох гэж байна. Уг ойг тохиолдуулан Гадаад харилцааны дэд сайд Б.Болор, Азийн газрын дарга Б.Ганболд, Боловсрол, соёл, шинжлэх ухааны дэд сайд Ч.Куланда, БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Жон Ил нар хэвлэлийн бага хурал хийлгэлээ. Түүнд Монголын сэтгүүлчдээс гадна БНСУ-ын сэтгүүлчид ч оролцсон юм.

Дэд сайд Б.Болорын мэдээлснээр Монгол Улс ардчиллын замд хөл тавимагц 1990 оны гуравдугаар сарын 26-нд БНСУ-тай дипломат харилцаа тогтоосон байна. Азийн социалист гэгдэж байсан орнуудаас Монгол Улс хамгийн түрүүлж Өмнөд Солонгостой дипломат харилцаа тогтоосон нь Зүүн хойд Азийн нөлөө бүхий энэ улстай харилцан итгэлцсэн хамтын ажиллагааг хөгжүүлэх тааламжтай үндэс суурь болсныг Гадаад харилцааны дэд сайд хэллээ. Анх харилцаа тогтоох үед хоёр орны хоорондын худалдааны эргэлт долоон сая гаруй ам.доллар байсан бол одоо 200 сая ам.долларт хүрч гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын гурав дахь том түнш орон болжээ. Иргэд хоорондын харилцаа ч өргөжин тэлж, жилд 70 гаруй мянган иргэн харилцан зорчдог болсон байна.

Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баяр 2008 оны аравдугаар сард БНСУ-д айлчилсан. Тэр үеэр дипломат харилцааны 20 жилийн ойг тохиолдуулан 2010 онд Монголд Солонгосын жил, 2011 онд БНСУ-д Монголын жилийг тэмдэглэхээр тохирсон аж. Энэ сарын 26-нд эхэлж бүтэн жил үргэлжлэх Солонгосын жилийн нээлтэд оролцохоор БНСУ-ын Соёл, спорт, аялал жуулчлалын дэд сайд Ким Дэ Ги тэргүүтэй төлөөлөгчид ирэх юм байна.

Элчин сайд Жон Ил “20 жил бол богино хугацаа. Гэхдээ манай хоёр орон бүр 800 жилийн тэртээ Хубилай хааны үеэс харилцаатай байсан. Мартагдсан харилцааг 20 жилийн өмнө дахин сэргээсэн” гэсэн бол Боловсрол, соёл, шинжлэх ухааны дэд сайд Ч.Куланда “Монгол дахь Солонгосын жилийн үеэр жирийн иргэд, чөлөөт уран бүтээлчдийн хамтын ажиллагааны олон арга хэмжээ болно. Хэл мэдэхгүй ч хүн төрөлхтөн хоорондоо урлаг соёлоор харилцаж болдог. Саяхан Чежү аралд болсон урлагийн наадамд монголчууд оролцож олон медаль хүртсэн. Засгийн газар хоорондын солилцоогоор олон монгол оюутан БНСУ-д сурч байна. Хоёр орны хооронд соёл, боловсрол, шинжлэх ухааны хамтын ажиллагаа улам өргөжинө” гэлээ.

Үүний дараа тэд сэтгүүлчдийн асуултад хариулав.

АЭ: –БНСУ-д Монголын 35 орчим мянган хүн ажиллаж сурдгаас нэлээд нь хууль бусаар аж төрдөг. Тэдэнд визийн хөнгөлөлт үзүүлэх талаар Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар айлчлалынхаа үеэр ярьж байсан. Энэ чиглэлээр ноён Элчин сайд танд ирсэн шинэ мэдээлэл байна уу?

Жон Ил:
-БНСУ-д байгаа 30 мянга гаруй монголчуудын 40-өөд хувь нь хууль бусаар оршин суудаг. Визийн хөнгөлөлтийн чиглэлээр манай тал ажиллаж байгаа. 15-20 хоногоор өгдөг байсан визийг 90 хоног болгосон. Гэвч энэ нь хууль бусаар ажиллаж байгаа хүмүүсийн визийн асуудлаас тусдаа. Визийг хэрхэх нь хараар ажиллаж буй хүмүүсийн тоо олшрох, цөөрөхөөс хамаарна. БНСУ-ын эдийн засаг хөгжих тусам олон ажилчин гаднаас авна. Гэхдээ БНСУ-ын хууль журмыг сахих нь чухал. Олон хүн тэнд ажиллахдаа гол биш. Миний Элчин сайдаар сууж байгаа нь тэдний тоог зохицуулахын төлөө биш юм. Монголчууд аль болохоор БНСУ-ын хөгжлийн туршлагаас суралцаж, өөрийн орны аж үйлдвэр, нийгмийн салбарыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах нь чухал байна. КОИКА зэрэг олон улсын байгууллагын шугамаар Монголд мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэхэд анхаарч байна.Харилцаагаа ирээдүй рүү чиглүүлье. Энэ чухал.

Б.Ганболд: -БНСУ-аас зөвхөн туслалцаа авдаг орон бус харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхэд анхаарч байна. Монголд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг БНСУ-д ахиу гаргадаг болъё. Залуучууд, хүүхдийн солилцоог өргөтгөе. Харилцан бие биеэ нөхөх үйл ажиллагаа явуулъя гэсэн төлөвлөгөө, хөтөлбөрийг манай яам хэрэгжүүлнэ.

Монгол дахь солонгос иргэдийн сонины сэтгүүлч: -Монголд БНСУ-ын 3000 гаруй иргэн амьдардаг. Энэ бол бага тоо биш.Та бүхний дунд асуулт тавья. Монголд байгаа солонгосчууд Монгол Улсад ямар үүрэг гүйцэтгэдэг вэ. Эерэг сөрөг тал нь юу байна. Захиж юу хэлмээр байна?

Жон Ил: -Солонгос иргэд Монгол Улсын хөгжилд тус нэмрээ оруулж байгаа. Гэхдээ нэг салбар руу хошуурдаг асуудал бий. Салбараа төрөлжүүлж, аль салбарт илүү хувь нэмэр үзүүлэх вэ гэдгийг өргөн хараасай. Солонгосчууд өөрийгөө монгол хүн шиг бодож ажиллаж амьдрахыг хүсч байна.

Ч.Куланда:
-Солонгос хэв маяг Монголд их нэвтэрсэн. Орой бүр солонгос кино үзэж кимчигээр хачирласан хоол иднэ. Аягүй бол эндээс гараад солонгос ресторанд үдийн хоолоо идэх хүн ч байгаа. БНСУ манайд их ойрхон орон болжээ. Дээд хэмжээний айлчлалаас гадна энгийн иргэдийн харилцаа өргөжөөсэй гэж хүсч байна.

Б.Болор:
-Солонгосын талаас хөрөнгө оруулалт нэлээд байна. Гадаад харилцааг эдийн засагжуулах бодлогын хүрээнд БНСУ-тай ажиллана.

БНСУ-ын “News 21” агентлагийн тусгай сурвалжлагч: -Монгол Улс бусад орнуудыг бодвол БНСУ, БНАСАУ-ын аль алинтай сайн харилцаатай. 1948 онд Хойд Солонгос, 1990 онд Өмнөд Солонгостой дипломат харилцаатай болсон. Танай орон Солонгосын хойгийн байдлыг тогтворжуулахад ямар байр суурь баримтлах вэ?

Б.Ганболд:
-Хоёр Солонгостой Монгол Улс сайн харилцаатай. Солонгосын хойгийн асуудлаарх аливаа гэрээ хэлэлцээр, хамтын ажиллагааг байнга ажиглаж бололцоотой хувь нэмрээ оруулсаар ирсэн. Энэ хүрээнд тодорхой санал, санаачлага гаргаж байсан. Хэдийгээр зургаан талт хэлэлцээрт оролцогч тал биш боловч 2007 онд хоёр Солонгосын харилцааг хэвийн болгох арга хэмжээг Улаанбаатарт зохион байгуулж байсан. Цаашид ч бололцоотой арга хэмжээг авах болно. Бусад орныг бодвол Монгол Улс хоёр Солонгостой ойр харилцатай. Цаашдаа ч энэ харилцаа улам өргөжих байх гэв.

Солонгосын жилийн хүрээнд нээлтийн ажиллагаа, хүндэтгэлийн тоглолт, оюутнуудын дунд солонгос хэлний ярианы тэмцээн, ардын урлагийн тоглолт, солонгос хоолны өдрүүд, мод тарих хөдөлгөөн, аялал жуулчлалын үдэш зэрэг олон арга хэмжээ болох ажээ.

                                                                                                Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж