Сталины дэглэмд хэлмэгдэгсдийн өдрийг Латвид тэмдэглэдэг. 1949 оны гуравдугаар сарын 25-ны өдөр Латвийн 42 мянган хүнийг Сибирьт нүүлгэн цөллөв. ЗХУ-ын Сайд нарын зөвлөлийн 1949 оны нэгдүгээр сарын 29-ний нууц шийдвэр ба Аюулаас хамгаалах яамны зааврын дагуу үүнийг хийсэн байна.Гуравдугаар сарын 25-28-ны хооронд 42 133 хүнийг Сибирийн тусгай суурингуудад зөөсөн байна. Тэдний дунд 10 990 хүүхэд байлаа. Шилжүүлсэн хүмүүсийн 73 хувь нь эмэгтэйчүүд ба хүүхэд байсан юм.
Үйл явдал
421 он. Хойд Италийн алдартай хот Венеци домогт өгүүлснээр 421 оны энэ өдөр үндэслэгджээ. Венецийнхэн үүнд итгэн хотын баяраа тэмдэглэдэг. Өнөөгийн хувьд дундад зууныхаа нүүр царайг хадгалан үлдсэн цорын ганц хот бол Венеци юм. Хотын түүхэн төв нь Венецийн булангийн 150 сувгаар холбогдсон 118 аралд байдаг. Сувгуудын дээгүүр 400 орчим гүүр баригджээ. Харин венецийн аж үйлдвэр ба боомт нь эх газарт байрлана. Энд усан онгоцны үйлдвэр засвар, өнгөт металлург, хими, нефть боловсруулах, цахилгаан техникийн ба хөнгөн үйлдвэр ихээхэн хөгжсөн байгаа. Мөн Мурано арлынх нь уран сайхны шилний, Бурана арлын хатгамлын гар урлал ба музей нь алдартай. Венецид их сургууль, консерватори, музейнүүд бий. Нийтэд зориулагдсан дуурийн театр дэлхийд анхных болон нээгдэж байлаа. Арлын Венеци нь дэлхийн хэмжээний жуулчлалын төв болдог.
Булангийн ус ярагдан зайлж, тэнд үзэсгэлэн төгөлдөр хот гарч ирсэн гэж домогт өгүүлдэг. Үнэнд ойрхон домгоор бол далайн эрэг хавийн хүмүүс харийн дайснаас нуугдахаар арлуудад орж ирэн суурьшсан ажээ.
1306 он. Английн эсрэг тусгаар тогтнолын төлөө дайны эхэн үеийн хамгаалалтыг зохион байгуулагч, Брюсын хааны овгийг үүсгэгч Роберт Брюс Шотландын эртний нийслэл Сконе хотноо хаан ширээнд суулаа. Шотландын вангийн үеэл дүү Жон Коминыг алагдсанаас нэг сарын дараа энэ үйл явдал болжээ.Брюс 1296 онд Английн хаанд үнэнч байхаар андгайлсан авч жилийн дараа тусгаар тогтнолын дараа тэмцэгчидтэй нэгдэн англичуудын эсрэг тэмцлийг толгойлсон байна. Дайн харилцан амжилттай үргэлжилсээр 1314 онд шотландчууд Баннокберны дэргэд II Эдвард хааны цэрэгт цохилт өгөн Шотландын тусгаар тогтнолыг бараг авсан байлаа. Харин албан ёсоор 14 жилийн дараа л англичууд Шотландын тусгаар тогтнолыг хүлээсэн билээ. Өнөөдөр Брюсыг шотландчууд хамгийн агуу хаадынхаа нэг гэж үздэг.
1420 он. Өмнөд Чехийн Судомерж тосгоны дэргэд немцийн эзэн хаан Сигизмундын тав дахин илүү хүчийг тариачдын сайн дурын журамт цэргийнхэн бут цохисон байна. Гусистуудыг Ян Жижка удирдсан ба тэр нь түүний анхны ялалт байжээ. Тэрээр гусистын Чехийг Европын феодал-католикийн загалмайтны аянаас хамгаалалтыг нь зохион байгуулж байлаа. Өдгөө тэр чехуудын үндэсний баатар юм.
1532 он. 478 жилийн өмнө Никколо Макиавеллийг нас барснаас хойш таван жилийн дараа түүний “Флоренцийн түүх” нийтлэгджээ. Хамба Медичийн шууд захиргааны Флорентийн их сургуулийн захиалгаа Макиавелли уг номон дээрээ 1520-1527 онуудад ажилласан байна. Энэ номонд 1492 он хүртлэх хотын түүхийг бичсэн байна. Хотын захиралтаас хөөгдсөн Медичийнхэн 1512 онд буцаан эрхээ аван Макиавелли мэтийн ардчилсан үзэлтнүүдийг мөрдөн мөшгөсөн учир тэрээр энэ түүхийг бичин Медичийн ивээлд орохыг хүсчээ. Сэргэн мандлын үеийн түүхийг өгүүлсэн хамгийн сайн номоор түүний бүтээл тооцогддог ажээ.
1961 он. Зөвлөлтөд Юрий Гагариныг сансарт нисэхийн өмнөх сүүлчийн туршилтыг хийж Звездочка (Одхон) нэртэй нохойг сансрын нисгэгчийн манекены хамт хиймэл дагуулаар хөөргөөд дэлхийг тойруулан амжилттай эргэн буулгажээ. Үүнээс гурав хоногийн дараа Шинжлэх ухааны академийн байранд болсон хэвлэлийн бага хурал дээр бүгд л “сансрын нохой”-г анзаарч, дэргэд нь сууж байсан ирээдүйн сансрын анхны нисгэгч Юрий Гагаринг тоосонгүй өнгөрөөсөн гэдэг.