Зоос банкны Зээл хариуцсан захирал асан Н.Сэлэнгийг өнгөрөгч даваа гаригт Ганцхудагт саатууллаа. Н.Сэлэнгэ нь сүүлийн таван жил энэ албан тушаалд ажиллаж байсан юм. Тэрбээр энэ хугацаанд ажлын хариуцлага алдаж, их хэмжээний найдваргүй зээл олгоход хяналт тавиагүй гэсэн шалтгаанаар ийн буруутгагдаж байгаа юм. Зээл олгохдоо тухайн компанийн барьцаат хөрөнгө ямар үнэтэй, зээлийн баталгаа болж чадах эсэхэд хайхрамжгүй хандсан учир найдваргүй зээл олгох нөхцөл бүрдсэн гэж цагдаагийнхан үзэж байгаа аж. Түүний хариуцлагагүй байдлаас Зоос банкны үйл ажиллагаа доголдож, төлбөр түргэн гүйцэтгэх чадвар эрс буурсан гэж үзэх шалтгаан ч байгаа аж.
Зоос банкны хэргийг Мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтэс шалгаж байгаа бөгөөд Зээл хариуцсан захирал асан Н.Сэлэнгэд Эрүүгийн хуулийн 156.2-оор банкны байгууллагын ажилтан шунахайн буюу хувийн ашиг сонирхлын үүднээс банкны болон мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, банкны зээлийн үйл ажиллагааны тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдад их хэмжээний хохирол учирсан бол эд хөрөнгийг хураах буюу хураахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуун тавиас хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ эрүүгийн хэрэг үүсгээд байгаа юм. Түүнээс гадна салбарын захирал байсан Ж.Алтанцагийг энэ хэрэгт татан шалгаж байгаа ажээ.
Зоос банкны хувьд 1999 оны тавдугаар сарын 18-ны өдрийн Монголбанкны ерөнхийлөгчийн 228 тоот тушаалын дагуу үйл ажиллагаа явуулж эхэлсэн боловч 10 жил хүрэлгүй хүнд байдалд орсон юм. Тус банк системийн хэмжээгээр 562 ажиллагсад, бүтцийн хувьд мэргэжлийн долоон газар, хоёр хэлтэс, найман албатай, нийслэл болон хөдөө орон нутагт нийт 40 салбар нэгжтэй. Одоо Төрийн банк болсон ч энэ бүтэц нь хэвээр байгаа гэнэ.
Х.Сүрэн