Хятад улс эмэгтэй тэрбумтны тоогоор дэлхийд тэргүүлж байна

Хуучирсан мэдээ: 2010.03.24-нд нийтлэгдсэн

Хятад улс эмэгтэй тэрбумтны тоогоор дэлхийд тэргүүлж байна

Хөрөнгө нь арван оронтой тоонд хүрсэн тэрбумтан эмэгтэй дэлхийд 14 байдгийн тал нь Хятад улсынх гэж гэж “Forbes” сэтгүүл Гонгконгоос мэдээллээ. Хятадад “Эмэгтэйчүүд тэнгэрийн талыг өргөдөг” гэсэн Мао Зедун даргын үгийг хүмүүс их ишлэдэг. Хүйсийн болон, цалингийн тэгш бус байдал дэлхийд газар авсан хэвээрээ байхад Маогийн үзэл бодол бодит байдал болоогүй л байна. Гэвч үнэндээ хуруу дарам Хятад эмэгтэйчүүд санхүүгийн болон, мэргэжлийнхээ хувьд дэлхийн оргилд хүрч,  тэрбумтнуудын клубт элссэн.

Өвлөж авсныг үл тооцон, гагцхүү өөрсдийнхөө хөдөлмөрөөр хөрөнгө босгосон тэрбумтан эмэгтэй дэлхийд 14 байгаагийн тал нь эх газрын Хятадад тэрбумтан болсон байна. Тэдний дотор Хятадын компанид тамхины найрлагийн материал нийлүүлдэг Гонгконгийн тэрбумтан Chu Lam Yiu, Хятадад газар доорх дэлгүүр ажиллуулдаг Их Британийн иргэн Xiu Li Hawken нар багтаж байна. Hawken энэ жил тэрбумтан эмэгтэйчүүдийн жагсаалтанд шинээ орж байгаа юм. Харин Wu Yajun гэдэг эмэгтэй үл хөдлөх хөрөнгийн чиглэлээр бизнес хийдэг бөгөөд одоо дэлхийн хамгийн баян эмэгтэй гэж тооцогдож байна.

Ажил хэрэгч эмэгтэйчүүдийг амжилтад хүрэхэд олон янзын хүчин зүйл нөлөөлсөн гэж Хятадад бизнес хийж амжилтанд хүрсэн барууны 12 эмэгтэйн тухай ном бичиж байгаа Linda Xinrong Kausch ярьсан. “Ихэнх ажил хийдэг хятад эмэгтэйчүүд үүгээрээ бахархдаг. Хятад эмэгтэйчүүд маш их амбицитай. Тэд төрөлхийн хөдөлмөрч хүмүүс. Тиймээс ч тэд үр дүнг нь хүртэж байна” гэж Кауш хэлсэн.

Банк, гангийн үйлдвэрлэл, коммюникац, цахилгаан эрчим хүчний үйлдвэр зэрэг гол салбарууд улсын өмчийнх хэвээрээ байгаа ч үл хөдлөх хөрөнгө, жижиглэнгийн худалдаа, өргөн хэрэглээний барааны салбарт хятад эмэгтэйчүүд амжилт үзүүлсээр байна. Хятадад их сургуулиудын оюутны бараг 50 хувь нь эмэгтэйчүүд байгаа бөгөөд ажлын байрны 36 хувийг нь эмэгтэйчүүд эзэлж байна гэж Хятадын төрийн мэдээллийн агентлаг мэдээлсэн байна. 1950-иад онд эмэгтэйчүүд өрхийн орлогийнхоо 20 орчим хувийг бүрдүүлж байсан бол одоо өрхийн орлогийн бараг 50 хувийг олж байна гэж Шанхайд байрладаг “China Market Research Group”-ийн үндэслэгч Shaun Rein ярьж байна.

2002 онд хийсэн Хятадын бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн судалгаанаас үзвэл ихэнх нь төрийн өмчийн байгууллагуудад дээгүүр албан тушаалд ажиллах явцдаа удирдах арга барил, менежерийн чадвар эзэмшсэн, танил тал хэлхээ холбоогоо ашиглан баялаг бүрдүүлж, хөгжүүлсэн гэж хариулсан байна. Судалгаанаас үзэхэд бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн олонх нь дотоодод болон гадаадад өндөр боловсрол эзэмшсэн  байна.

Wu Yajun

Цэвэр хөрөнгө: 3.9 тэрбум ам.доллар

Үл хөдлөх хөрөнгийн хөгжүүлэгч “Longfor Properties”-ын гүйцэтгэх захирал. 2009 онд Гонгконгын хөрөнгийн бирж дээр хувьцаагаа зарсан. Инженер мэргэжилтэй. “Qianwei Meter Factory” үйлдвэрт дөрвөн жил ажилласан. Дараа нь таван жил “China Shirong” мэдээллийн агентлагт ажилласан. Түүний дараа Chongqing хотод бизнесээ эхэлсэн. Одоо Хятадын 10 хотод үйл ажиллагаа явуулж байна.

Xiu Li Hawken


Цэвэр хөрөнгө: 2.4 тэрбум ам.доллар

Их Британийн иргэн бөгөөд 2008 онд Гонгконгийн хөрөнгийн бирж дээр хувьцаагаа гаргасан “Renhe Commercial Holdings”-ийн хамгийн том хувьцаа эзэмшигч. Өмнө нь цэргийн зориулалттай газар доорх бааз байсан газруудад худалдааны төвүүд ажиллуулдаг. Хятадын “Heilongjiang University” сургуулийг 1986 онд Хятадын уран зохиол чиглэлээр төгссөн.

Chu Lam Yiu

Цэвэр хөрөнгө: 2.1 тэрбум ам.доллар

Гонгконгын иргэн. Хятадын тамхи үйлдвэрлэгч гол компаниудад найрлага нийлүүлдэг “Huabao International” компанийн эзэн. Мөн угаалгын нунтаг, сүүн бүтээгдэхүүн, гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Одоогоос арваад жилийн өмнө компаниа байгуулсан. Компанийхаа хувьцааг гарган 2008, 2009 онд зарсан ч одоогийн байдлаар нийт хувьцааныхаа 51 хувийг дангаар эзэмшиж байна.

Zhang Xin

Цэвэр хөрөнгө: 2 тэрбум ам.доллар

Нөхрийнхөө хамтаар Бээжин хотод байрладаг “Soho China” компанийг байгуулж ажиллаж байгаа. Өнгөрсөн жил тэрээр Бээжинд хувийн компаниудын өмнө нь хийж байгаагүй хамгийн том үл хөдлөх хөрөнгийн худалдаа хийж 586 сая ам.доллараар 12 акр газар худалдаж авсан. 1992 онд эдийн засгийн чиглэлээр “Cambridge University” төгссөн бөгөөд төгссөнийхөө дараа “Goldman Sachs”, “Travelers Group” гэх мэт олон улсын томоохон компаниудад ажиллаж байсан байна.

Yan Cheung

Цэвэр хөрөнгө: 1.7 тэрбум ам.доллар

Хятадын цаасны үйлдвэрлэлийн хатан хаан дахин энэ жагсаалтанд хүчтэй орж ирсэн. 2008 оны 10 сард түүний хөрөнгө 265 сая ам доллараар үнэлэгдэж байсан бол хувьцааны ханшийн өсөлттэй холбоотойгоор одоо зургаа дахин өсөөд байна. Тэрээр Гуандон мужийн цэргийн офицерийн охин бөгөөд 8 хүүхэдтэй айлын хамгийн том охин нь байсан юм. 1985 оноос Хятадаас хаягдал цаас импортолдог бизнес хийж байгаа. Түр хугацаагаар АНУ-д байрлаж, хаягдал цаас боловсруулах үйлдвэр ажиллуулж байсан. Түүний дараа Хятадад буцан ирж нөхөр болон дүүгийнхээ хамтаар “Есөн луу” /энэ нэр нь мөн “Маш их ашиг” гэсэн давхар утга  агуулдаг/ нэртэй компаниа байгуулсан. Гэр бүлийн холбоотой гурав гурвуулаа тэрбумтнуудын жагсаалтанд бичигддэг.

Chan Laiwa

Цэвэр хөрөнгө: 1.1 тэрбум ам.доллар

Үл хөдлөх хөрөнгийн хөгжүүлэгч бөгөөд одоо Бээжин хотын тансаг худалдааны төв болох Жинбао гудамжинд үйл ажиллагаа явуулж байна. Хэрэглэгч болон хамтран ажиллагсадад нь “Regent Hotel”, Хонгконгийн Морин тойруулгын клуб, “Ferrari and Lamborghini” компаниуд багтаж байна. Чан мөн үнэт зүйлсийн цуглуулагч бөгөөд Хятадын Улаан Занданмодон Музейн үндэслэгч юм.  “Smithsonian” гэх мэт бусад музейнуудтэй харилцан уялдаатай ажилладаг ба “соёлын дипломат” ажил хийдэг байна.

Lei Jufang

Цэвэр хөрөнгө: 1.1 тэрбум ам.доллар

“Tibet Cheezheng Tibetan Medicine” нэртэй эмний үйлдвэрлэл явуулдаг бөгөөд өвдөлт болон амьсгалын замын хүндрэлийг намжаадаг тос, наалт, түрхлэг үйлдвэрлэдэг. 2009 оны наймдугаар сард анх удаагаа компаны хувьцаагаа олон нийтэд зарсан. Одоогоор компаныхаа 81 хувийг эзэмшиж байна.

Т.Санаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж