Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Баян-Өлгий аймгийн Буянт сумын малчин Б.Амаржаргалын хот айлын хаваржилтын байдалтай танилцлаа.

Хуучирсан мэдээ: 2010.03.24-нд нийтлэгдсэн

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Баян-Өлгий аймгийн Буянт сумын малчин Б.Амаржаргалын хот айлын хаваржилтын байдалтай танилцлаа.

Мал төллөлт 100 хувьтай байна гэсэн сайхан мэдээгээр эдний хот айл Ерөнхийлөгчийг угтлаа. Өнгөрсөн жил 2000 гаруй малтай байсан Б.Амаржаргалынх энэ жил 1300 гаруй малтай болжээ. “Малаа зуданд алдсан хэрэг биш. Харин чанар муутай олон малтай байснаас , чанартай цөөн малтай байх нь дээр гэдгийг ойлгож, малаа цөөлсөн хэрэг” гэж тэрээр тайлбарлаж байлаа.

Зундаа гантай, өвөлдөө цас ихтэй хүйтэн байсан ч малчин Б.Амаржаргал зутарч ядарч байна гэдэг үг ганц ч унагаасангүй. Харин хөдөлмөрлөж, цаг үедээ тохирсон шинэ менежментээр ажилласны хүчинд нэг ч толгой мал зуданд алдаагүй сайхан хаваржиж байна гэсэн билэгтэй сайхан үг хэлж байсан юм. Хаваржааныхаа ойрхон хашаа татаж, бэлчээрээ хамгаалжээ. Зун бараг 15 га газрыг  хашаалан хамгаалж,малын хөлд талхуулалгүй авч үлдэн,  намар тэндээсээ хадлангаа бэлдэж, өвөлдөө малаа тэнд бэлчээрлүүлсэн байна. Нэг ёсны бэлчээрийн менежментийн шинэ загвар болж байна. “Малчид өөр хоорондоо ойлголцоод бэлчээрээ хамгаалаад, хамгийн гол нь чанартай цөөхөн малтай байх юм бол ямар ч хүнд хэцүү зудыг бид хохиролгүй давж чадна” гэж Б.Амаржаргал ярьж байлаа.

Эднийх мал эмнэлгийн бүхий л үйлчилгээг өөрсдөө хийдэг, мал нь ч эрүүл учраас махаа сумын сургууль цэцэрлэгт нийлүүлдэг болжээ. Гаднаа гурван машинтай, амьдрал ахуй тэгширч сайхан болсон нь хөдөлмөрийн үр шим гэж аав Б.Баянжаргал нь бахархаж байлаа.  “Ноос ноолуур арьс ширний үнэ маш бага байгаа нь олон өрхийн амьжиргаанд хүндээр тусч байна. Манай малчид малаа эрүүл, чанартай болгох тал дээр анхаарч, төрөөс малын түүхий эдийн үнэ боломжийн өндөр байх тал дээр анхаарвал сайн байна. Байгал цаг уур өөрчлөгдөж, хаа саагүй гандаж байгаа нь биднийг өөрийн эрхгүй шинэ менежментээр мал аж ахуйгаа хөтлөх хэрэгтэйг сануулж байна” гэж Б.Амаржаргал ярив.

 Хүнд хэцүү тулгарах бүрт бурууг байгал цаг уурт тохчихоод, төр засгийн гар харж суудаг байдалд шүүмжлэлтэй хандаж байгаагаа Улсын сайн малчин Б.Амаржаргал илэн далангүй хэлж байлаа. Бусдадаа үлгэр жишээ болж, цаг үедээ тохирсон арга ажиллагаагаар малаа маллаж, амжилт арвинтай байгааг нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж сайшаалаа. Тэрээр, малчны хотонд түр саатах үеэрээ нутгийн иргэд, малчидтай хөдөө аж ахуйн салбарын шинэ бодлогын талаар санал солилцож ярилцлаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж