Д.Хосбаяр: “Сүхбаатарын хөгжил- бизнес форум”-ыг ирэх сард зохин байгуулна

Хуучирсан мэдээ: 2010.03.24-нд нийтлэгдсэн

Д.Хосбаяр: “Сүхбаатарын хөгжил- бизнес форум”-ыг ирэх сард зохин байгуулна

Орон  нутгаас анх удаа Сүхбаатар аймгаас санаачлан “Сүхбаатарын хөгжил-бизнес форум”-ыг Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна. Энэ талаар Сүхбаатар аймгийн Засаг даргын орлогч Д.Хосбаяртай ярилцлаа.
-Хөгжлийн форум зохион байгуулах санаа юунаас үүдэж гарсан юм бэ?
-Аймаг орноо хөгжүүлье, уул уурхайн үйлдвэрлэлийг дэмжье, энэ бол манай хөгжлийн гарц юм гэж харсан, тэр талд илүү ойр ажилладаг, Сүхбаатар аймгаас гаралтай бизнесмэнүүдийн санаачилга. Гэхдээ бид үүнийг зөвхөн Сүхбаатар аймгийн гаралтай бизнесмэнүүдийн ажил болгож явцууруулахыг хүсээгүй. Сүхбаатар аймагт хөрөнгө оруулахыг сонирхож байгаа бүх хүмүүсийг нэг дор цуглуулж байгаад Сүхбаатар аймгийн хөгжлийн талаар ярилцахыг зорьсон юм. Манай аймагт ямар нөөц боломж байна, аймаг орон юугаар дэмжих боломжтой юм, ямар хэрэгцээ шаардлага байна гээд бүгдийг илэн далангүй ярина. Өнгөрсөн хугацаанд Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэр дээр 250 гаруй хайгуулын лиценз олгогдсон байдаг. Гэтэл тэр нь эдийн засгийн эргэлтэд огт ордоггүй. Яагаад үйл ажиллагаа явуулдаггүй юм бэ гэхээр “хөрөнгө оруулалт хэрэгтэй байна, хайж байна” гэдэг. Нөгөө талаас аймаг орон нутгийн удирдлагууд дээр болохоор “Танайд ийм баялаг байна, бид үүн дээр чинь хөрөнгө оруулья. Хүмүүстэй нь уулзья, хамтарч ажиллая” гээд гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид ирдэг. Гэтэл бид тэдний өмнөөснь ярилцаж чаддаггүй, Засгийн газар ч ярьж чадахгүй. Яагаад гэвэл лицензүүд бүгд хувь хүмүүсийн мэдэлд байдаг. Тиймээс энэ лиценз эзэмшигчид болоод хөрөнгө оруулагчдыг хооронд нь уулзуулья гэж байгаа юм.
-Форумыг ямар хүрээнд зохион байгуулах вэ?
-Мэдээж орон нутгийн удирдлагууд, гааль татварынхан, холбогдох яам, агентлагуудаас төлөөлөл  оролцоно, 200-300 хүн оролцох байх. Аялал жуулчлал, хөдөө аж ахуйн боловсруулах үйлдвэр, уул уурхай, дэд бүтэц гээд салбар хуралдаанууд болно, илтгэлүүд тавигдана, хэлэлцүүлгүүд явагдана. Нөгөө талаар яриа хэлэлцээрийн түвшинд яваа, төслөө танилцуулчихсан асуудлууд ч байгаа. Сүхбаатар бол хилийн аймаг, байнгын ажиллагаатай, олон улсын чанартай Бичигтийн боомт манай аймагт ажиллаж байна. Энэ боомт дээр Хятадын талаас засмал зам ирчихсэн, өндөр хүчдэл тавигдсан. 2011 он гэхэд төмөр зам ирэх гэж байна. Энэ төмөр зам Хятадын аж үйлдвэржсэн Ляонин мужийн дундуур яваад Шар тэнгист байдаг Жэнжоу боомттой холбогддог. Жэнжоу боомт бол ганц Сүхбаатар аймаг төдийгүй, Монголын хувьд хамгийн ойр далайн гарц. Бичигт, Баруун урт, Чойбалсангийн замын тухай бид байнга л ярьдаг. Хэрвээ үнэхээр Бичигт, Баруун урт төмөр замаар холбогдчихвол, дээр нь Сайншанд, Баруун-Урт, Чойболсан, Оросын алс дорнодтой нийлэх төмөр замтай нийлчихвэл Сүхбаатар аймгийн Баруун урт хот зөвхөн Монгол төдийгүй, зүүн хойд Азид хамгийн сонирхолтой зангилаа болох боломж байна. Ийм сонирхолтой хэтийн төлөвүүд яригдаад байдаг, мэдээж энэ нь буруу, тэр нь зөв гэсэн маш их маргаан дагуулдаг. Тэр тухай ч гэсэн бас ярих л байх.
-Уул уурхайг хөгжүүлэхэд хөрөнгө оруулалтаас гадна орон нутнийнхны хүсэл эрмэлзэл, ойлголт бас их чухал юм шиг байна лээ. Сүхбаатар аймгийн иргэд жишээ нь ямар байдаг юм бол, үнэхээр хөгжлийн гарц юмаа гэж хардаг уу?
-Ямар уул уурхай байхаас шалтгаална л даа. Сүхбаатар аймаг Монголын хамгийн их баялагтай аймаг биш юмаа гэхэд хамгийн их баялаг нь судлагдсан аймаг. Одоогоор манайд есөн уул уурхай үйл ажиллагаа явуулж байгаа. Аймаг орон нутгийн төсөвт нэмэр болоод, ажлын байр бий болгоод явж байна. Баруун-Урт хотын ойролцоох Цайрт-Минерал цайрын үйлдвэр гэхэд 250 гаруй ажилчинтай. Мэдээж уул уурхайн бүтээгдэхүүний орлого байнга хэлбэлзэж байдаг. Оны өмнө бидний авсан мэдээллээр өдөрт 500 сая төгрөгийн бүтээгдэхүүн гаргадаг гэж байсан. Гэхдээ энэ бол ашиг биш шүү дээ. Ажиллагсдын дундаж цалин 200 мянган төгрөг орчим. Ажиллагсад бол цалингаа бага байна л гэдэг юм. Үйлдвэрлэгчид болохоор зам харилцаа муу, төмөр зам байхгүй, авто замаар тээвэрлэдэг учраас зардал өндөр гардаг, цалингаа хангалттай тавьж чаддаггүй гэх мэт асуудлууд ярьдаг  байхгүй юу. Тэр уул уурхайд ажиллаж байгаа хүмүүс бүгдээрээ л ажилтай байхыг хүсч байна. Тэглээ гээд бид Нигерийн жишгээр орчихыг хүсэхгүй. Хариуцлагатай, үр ашигтай, байгаль орчинд ээлтэй байх талыг нь л харна шүү дээ. Арын нуурын молибдений орд, Эрдэнэцагаан сумын вольфромын орд гээд дор хаяж 20 жилийн нөөцтэй орд байх жишээтэй. Мөнгө хөрөнгөгүйн улмаас л үйлдвэрлэлээ эхэлж чадахгүй байна гэж эзэд нь ярьдаг. Бид энэ уулзалтандаа зөвхөн хөрөнгө оруулагчид, төрийн захиргааныхныг оролцуулах биш энэ талаар дуугардаг, хуулийн төсөл боловсруулаад явж байгаа УИХ-ын гишүүд, эрдэмтэд, эдийн засагчдыг ч урьж оролцуулах болно.
-Төмөр замын тухайд аймаг орон нутаг битгий хэл төр засгийн түвшинд асуудал шийдэж чадахгүй гацчихаад байгаа шүү дээ?
-Зарим нэг хүмүүс “Мухар төмөр зам тавихаар манайх түүхий эдийн хавсарга улс л болно” гэдэг. Гэхдээ орон нутгийн хүмүүсийн, бидний харж байгаагаар тэртэй тэргүй манай баялгийг автозамаар өдөр шөнөгүй зөөж байна, ямар ч хяналт алга, малын бэлчээр талбай сүйдэж байна. Хэрвээ төмөр зам тавичихвал уул уурхайн зардал багасна,  орон нутаг тээвэрлэлтэд хяналт тавих боломжтой болно. Зөвхөн уул уурхайн бүтээгдэхүүн биш, малын гаралтай түүхий эд, ноос ноолуураа тээвэрлэх боломжтой болно. Манай аймаг шохойн чулуу элбэгтэй бид ирээдүйд цементийн том  үйлдвэртэй ч болж болно. Дээрээс нь тэр зам цаашаа холбогдоод явбал Ази, Европыг холбосон транзит тээвэр хийхийг ч үгүйсгэхгүй шүү дээ. Төмөр зам дагасан ажлын байр, суурин газрууд ч бий болно. Мэдээж энэ бол том асуудал, орон нутгийн зүгээс ийм асуудал ярих нь зөв үү үгүй юу гэдэг шүүмжлэл гарах л байх. Гэхдээ үүнийг ярихгүйгээр эхлэхгүй шүү дээ. Орон нутгийн бүх төлөөлөл, сонирхож байгаа хөрөнгө оруулагчид, шийдвэр гаргах түвшний хүмүүсийг оролцуулаад томоохон хүрээнд асуудлыг ярья. Хичнээн ч асуудал ярьж болно. Тэр дундаас 2-3 бодитой шийдвэр, нэг санамж бичиг гарах нь л бидний зорилго. Аливаа ажлын эхлэл бол түүний тэн хагас нь байдаг гэсэн нэг сайхан үг байдаг. Тийм учраас дорвитойхон эхлэл тавья гэдэг утгаар бэлтгэл ажлаа хийгээд л явж байна.
-Танай аймагт гадаадын хөрөнгө оруулалттай хэр олон уурхай байдаг юм бэ, Цайрт минералаас гадна?
-Сүхбаатар аймаг Хятадтай хил залгаа. Дорнод аймгаар дамжуулаад Оростой харилцах бас боломжтой. Гэтэл яг үнэндээ хөгжсөн орос орон бол Уралын нурууны цаана л байна шүү дээ. Наана байгаа Сибирь гэхэд өөрөө бараг асуудалтай байхад Оросын талаас ирж байгаа бизнесийн  саналууд үнэндээ алга байна л даа. Өнөөдөр Сүхбаатар аймагт ажиллаж байгаа есөн уул уурхайн тав нь гадаадын хөрөнгө оруулалттай, бүгд Хятадынх. Гэхдээ аймаг орон нутгийн түвшинд гадаадын томоохон компаниудтай, нийгэмлэгүүдтэй харьцаж, санал солилцож байсан зүйл бий. Зүүн бүсийн чуулга уулзалтад гэхэд Солонгос, Япон, Турк, Франц, Америк, Оросоос төлөөлөл ирж байсан. Энэ удаа ч гэсэн бид бүгдэд нь л урилга явуулна.     
-Хөрөнгө оруулалт санал болгож байгаа тухайлбал ямар салбарууд байна?
– Хятадын нийгэмлэгүүдээс жишээ нь аягүй том саналуудыг тавьдаг. Танай Бичигтээс Баруун-Урт хүртэл төмөр замыг өөрийн хөрөнгөөр барья, танайд байгаа уурхайнуудад хөрөнгө оруулья, эзэдтэй нь олон жилийн бизнесийн гэрээ байгуулья гэх мэтчилэн буурьтай байдлаар саналуудыг тавьдаг. Гэтэл орон нутагт ийм асуудлыг шийдэх эрх мэдэл, боломж байхгүй.Улсын  Ерөнхий сайд ч жишээ нь өмнөөс нь ярих эрхгүй. Яагаад гэвэл уул уурхайн ашиглалтын лиценз нь хувь хүний мэдэлд байдаг. Гэхдээ орон нутгийн төр захиргаа гэдэг зохицуулах зуучлах үүрэгтэй. Энэ ажлаа л хийе гэж байгаа юм. Манай аймаг хүрэн нүүрсний ихээхэн нөөцтэй. Энэ нөөцийг түшиглээд хил дээр эрчим хүчний үйлдвэр байгуулаад Хятадад экспортольё, эрчим хүчээ ашигласан боловсруулах үйлдвэр байгуулья гэсэн гадаад, дотоодын компаниуд ч байна. Тодорхой жишээ ярья л даа. “Монголд үйлвэрлэв” гэсэн шошготой бүтээгдэхүүнийг Америк, Европын зах зээлд татварын хөнгөлөлттэй гаргадаг. Үүнийг ашиглая гэсэн Хятадын компаниуд байдаг. Есөн үе, шат дамжлагаар үйлдвэрлэдэг бүтээгдэхүүн байлаа гэхэд эхний 6-7 дамжлагыг нь хилийн цаана хийгээд түүхий эд байдлаар манайд оруулж ирж, сүүлийн 2 дамжлагыг нь Монголд хийгээд савлаж боогоод гадагш гаргах юм. Цаанаас орж ирсэн бүтээгдэхүүн манайд боловсруулалт хийгдээд эргээд гарахдаа молекулын түвшинд өөрчлөгддөг учир түүхий эд болж тооцогдож байгаа юм л даа. Мэдээж эцсийн шатны боловсруулалт хийхэд, савлаж бооход бас л үйлдвэрлэл, ажлын байр олноор бий болж бий болж янз бүрийн татварууд орон нутагт орно гэдэг үүднээс нь бид дэмжиж байгаа юм.  Манай аймгийн хүн амын талаас илүү хувь нь мал аж ахуй эрхэлдэг . Энэ жил Сүхбаатар аймгийн мал 1,8 саяд хүрлээ. Энэ бол 1942 онд Сүхбаатар аймаг байгуулагдсанаас хойш хамгийн өндөр тоо. Гэхдээ тэр хүмүүсийн амьдрал олигтой дээшилсэнгүй. Яагаад гэвэл малаас гарч байгаа ашиг шим, түүхий эд нь үнэ хүрэхгүй байна. Сүхбаатарын мах хамгийн амттай, махаа гадагш  гаргая гэж ярьдаг. Гэтэл тэрийгээ өнөө болтол хийж чадаагүй л байна. Хамгийн чухал энэ салбарт  бид хөрөнгө оруулагчдыг идэвхтэй хайж байна
-Томоохон уул уурхайд бол гадаадын хөрөнгө оруулалт мэдээж шаардалагатай. Харин нэг аймгийн хэмжээнд мах боловсруулах үйлдвэр байгуулахад 50 сая төгрөг л хэрэгтэй гэж зарим нэг гишүүд ярьж байсан. Үүнийг яагаад орон нутаг дотооддоо шийдчихэж болдоггүй юм бэ?
-Өнгөрсөн жил Сүхбаатар аймагт 500-гаад сая төгрөгийн өртөгтэй махны үйлдвэр байгуулагдсан, аймаг орон нутгаас  ч дэмжсэн. Гэтэл энэ үйлдвэрийн бүтээгдэхүүн зөвхөн дотоодын зах зээлд гарч байгаа. Зөвхөн дотоодын зах зээлдээ чиглэж байгаа нөхцөлд бүтээгдэхүүний үнэ өсөхгүй байна. Гэтэл хөрш зэргэлдээ Зүүн үзэмчин хошуунд үйлдвэрийн аргаар нядалсан нэг хурганы мах 80 мянган төгрөгт хүрч байгаа. Хятад, Орос хоёрын аль нь ч манай мал, махыг авдаггүй. Яагаад гэвэл Монголын мал халдвартай өвчинтэй. Хятадууд жишээ нь “салаа туурайтан мал шүлхий өвчтэй” гээд Бичигтийн боомтоор зөвхөн адууг л амьдаар нь гаргаж байгаа. Манайхаас авсан адуугаа нядлаад Япон руу гаргадаг.  Махыг эцсийн бүтээгдэхүүн болгож чадвал  мэдээж гаргахад хялбар болно л доо. Гэхдээ махыг эцсийн бүтээгдэхүүн болгож гаргахад 2 сая ам доллар хэрэгтэй гэдэг. 3 тэрбум төгрөг гэсэн үг шүү дээ. Тэгэхээр би тэр 50 сая төгрөгөөр чухам ямар үйлдвэр босохыг мэдэхгүй байна. Зүгээр л үйлдвэрийн аргаар малыг нядалдаг үйлдвэр байгуулахад л 500 сая төгрөгийн зардал гарч байна гэж би түрүүн хэллээ. Ер нь малаа л эрүүл болгочихвол гадагш нь гаргаж болно гэж манайхан ярьдаг. Эрүүл болгоход маш их ажил хэрэгтэй. Хуучин тогтолцооны үед бол нэгдэл гэдэг хоршооллын хэлбэр байсан. Мал эмнэлэг системийн байдлаараа муугүй л ажилладаг байсан. Гэтэл өнөөдөр мал хувьд очсон, малаа хэрхэн арчилах нь малын эзний л асуудал болсон. Үнэнийг хэлэхэд малчид малаа өвөл цасаар ундалж, зун хур бороотой бол задгай усанд усалж байна шүү дээ.Нэг говийн нуур тойромыг тойрч бууж байгаад тэр хавийн бүх айлууд малаа усалдаг. Усанд орж байгаа мал бүхэл өтгөн, шингэн ялгадасаа тэндээ гаргаж л байдаг. Тэгэхээр яаж малыг эрүүл байлгах тухай ярих юм бэ. Энэ асуудлыг цэгцлэхэд  захирамж, заавраар шийдэх боломж байхгүй. Зөвхөн ганцхан эдийн засгийн аргаар л шийднэ. Жишээ нь : Төр засгийн түвшинд гэрээ хэлэлцээр хийгээд Сүхбаатар аймгаас жилд төдөн толгой мал гаргая, эрүүл байх асуудлыг нь хариуцья гэж яагаад тавьж болохгүй гэж. Сая Америкийн ерөнхийлөгч нь ирээд Хятадын удирдлагатай нь яриад  гахайн махаа өгөхөөр тохироод явчихлаа. Төр засгаас мах гаргах визийг нь олоод өгчихвөл орон нутаг малаа эрүүл байлгах асуудлаа зохицуулж чадна гэдэгт итгэлтэй байна. Жишээ нь, УИХ-ын гишүүдийн тойрогтоо авч байгаа тэрбум төгрөгөөр орчин үеийн лаборатори хэд хэдийг байгуулчихаж болно шүү дээ. Аймагт одоо ч нэг байна. Лабораториудаа хариуцлагатай ажиллуулж чадвал эрүүл ахуйн асуудалгүй экспортод гардаг махан бүтээгдэхүүнтэй болох боломж бий. Ингэхдээ бүх айлын малыг биш тодорхой гэрээ хийгдсэн мал эмнэлгийн байнгын хяналтанд байдаг малыг экспортод гарах боломжоор хангая л даа. Мэдээж малын махыг экспортод гаргавал үнэ нь өснө, үнэ хүргэхийн тулд, малаа эрүүлжүүлэхийг тулд малчид шургуу ажиллах болно, зөвхөн худагт усалдаг болно, малын эм тарилгаа байнга хийлгэдэг болно. Улмаар аймгийн мал нийтээрээ эрүүл болох эхлэл тавигдана. Бид гарцыг ингэж харж байна. Гэхдээ энэ бүх асуудлыг энд биш, тэнд форум дээр л гаргаж тавимаар байна. Тийм учраас бид энэ форумаар зөвхөн уул уурхайн үйлдвэрлэлийн талаар ярихгүй. Бүхэл бүтэн аймгийн асуудал ярих гэж байхад хүмүүс татгалзахгүй олноороо ирэх байх гэж бодож байна. Сүхбаатар аймгийн асуудал бол  зөвхөн нэг аймгийн асуудал биш, Монгол даяар л байгаа нийтлэг асуудал шүү дээ. Монгол орны өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдлыг л ярина гэсэн үг.

Б.ЗАЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж