Ерөнхийлөгч Баян-Өлгий аймгийн Буянт суманд ажиллав

Хуучирсан мэдээ: 2010.03.24-нд нийтлэгдсэн

Ц.ЭЛБЭГДОРЖ

Ерөнхийлөгч Баян-Өлгий аймгийн Буянт суманд ажиллав

Ерөнхийлөгч Баян-Өлгий аймгийн Буянт суманд ажиллав
Баян-Өлгий аймагт ажиллаж буй Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Буянт суманд очиж, сумын удирдлага болон иргэдтэй уулзалт хийсэн юм. Казах, урианхай, тува зэрэг үндэстэн ястнууд нэгэн бүл болж суудаг 2700 гаруй хүн амтай Буянт сумынхан мөн л сайн сайхан мэдээгээр Ерөнхийлөгчийг угтлаа.
“Өвөл хүндхэн байсан ч малчид хөдөлмөрлөж , тусламж дэмжлэгүүд цагаа олж, одоо хаваржилт сайхан болж байна. Баярын өмнөхөн малчидаа эргээд ирлээ. Төлийн хорогдол байхгүй, малчдын сэтгэл санаа өөдрөг сайхан байна” гэж сумын Засаг дарга Ө.Лхамсүрэн ярив. Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх хөтөлбөр хэрэгжиж, ноос боловсруулж эсгий хийх шинэ үйлдвэртэй болж, үр дүнд нь ажлын байр, орлого нэмэгджээ. Цаашдаа сумын төв дээр цагаан идээ боловсруулах, оёдлын  мөн гурилын үйлдвэр шинээр ажиллуулах төлөвлөгөөтэй байгаа юм байна. Хуучин ажиллаж байсан будагны үйлдвэрийг дахин сэргээж ашиглалтанд оруулах хүсэлтэй байгаагаа сумын удирдлага энэ дашрамд дуулгалаа.  Тулгамдаж байгаа нэг асуудал байгааг энэ сумынхан Ерөнхийлөгчид хэлэв. Сумын төврүү орох ганц зам болсон Сагсай голын гүүр цөмрөөд ашиглах аргагүй болжээ. Жил бүр 20-30 сая төгрөгийг энэ гүүрийн засварт дэмий үрж байна. Сумынхан шинэ гүүр бариулах хүсэлтэй байна. Алтай, Буянт сумын иргэдийн төдийгүй Ховд аймгийнхны хувьд чухал зам болсон ,  боомт руу дайран өнгөрөх замд байдаг энэ гүүрийн хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэхийг Буянт сумын удирдлага Ерөнхийлөгчөөс хүслээ.
Ерөнхийлөгчийг дагалдан явсан тус аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд Х.Жекей, Х.Баделхан нар болон сангийн дэд сайд Т.Очирхүү нар шинэ гүүр барих төсөв хөрөнгийн боломжийн талаар газар дээр нь ярилцаж, хариу өгөхөөр болов. Дараа нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж сумын иргэдтэй уулзалт хийсэн. Уулзалт хийх бүрт иргэдийн зүгээс тавьдаг, оюутны сургалтын төлбөр, хууль шүүхийн байгууллагын шударга бус байдал, төрийн албаныхны хүнд суртал зэрэг асуудлууд энэ уулзалтын үеэр ч мөн хөндөгдөж байлаа. Алтай сумын иргэн н.Нурбулат, шударга байдал алдагдаж, ах дүүсээрээ, намын харьяаллаараа ажилд орж байна гэж шүүмжиллээ. Алтай сумын байгал хамгаалагч н.Зэрэг зуднаас илүү алт хайгчид орон нутагт нь аюул дагуулж байна гээд, усны эх дээр хайгуул хийж байгаа алтны компануудын тухай мэдээллийг танилцууллаа.
Ерөнхийлөгч хариуд нь “ Аль ч газар төрийн байгууллага ард иргэдийн эрх ашгийн төлөө үйлчилдэг байх ёстой. Төр байгаа учраас ард түмэн байгаа биш, ард түмэн байгаа учраас төр байгаа гэдгийг санах хэрэгтэй. Хаа ч явсан ард иргэд хуулийн байгууллагад итгэх итгэлээ асар их алдсан нь харагдаж байдаг. Хэрвээ ард түмний 50 хувь нь  хууль, шүүхийн байгууллагадаа итгэх итгэлээ алдсан бол үндэсний аюулгүй байдалд аюул учирч байна гэж үздэг. Гэтэл манайд энэ тоо 70 хувьд хүрсэн нь судалгаагаар харагдсан. Бид шүүхийн тухай хуулиудад өөрчлөлт оруулахаар ажиллаж байгаа. Дарга нар, иргэдийг оролцуулж гаргасан шийдвэр хэрэгжихдээ хамгийн амархан байдаг гэдгийг санаж ажиллах нь зүйтэй. Төр засгийн байгууллагууд шат шатандаа иргэдээ сонсч ажиллаарай. Саяхан Ерөнхийлөгчийн дэргэд байгуулагдсан Иргэний танхим шиг иргэд ирж үгээ чөлөөтэй хэлдэг ийм үйл ажиллагаа орон нутагт, сум бүрт явагдах хэрэгтэй” гэлээ. Төрийн албан тушаалтан, жирийн иргэдийн хуулиар хүлээж байгаа хариуцлага харилцан адилгүй байгааг хуулиар засах болно гэж хэлсэн Ерөнхийлөгчийн үг иргэдийн талархлыг хүлээж байв. Мөн Ерөнхийлөгч, их хурлын сонгуулиар улстөрийн намуудын амласан амлалтуудыг хэрэгжүүлэх боломжийг судлах ажлын хэсгийг Их хурал, Засгийн газар, МАХН, АН-ын төлөөлөлтэй байгуулсан гэдгийг иргэдэд хэлж, энэ амлалтыг хэрэгжүүлэх ажил хийгдэж эхэлсэн болохыг тайлбарлалаа. Цаашдаа бэлэн мөнгөний амлалтыг хуулиар хориглох Ерөнхийлөгчийн саналыг дэмжиж байгаагаа иргэд илэрхийлж байв.
Ерөнхийлөгчийг дагалдан явсан бусад албаны хүмүүс, сум орон нутгийн хөрөнгө оруулалт, алтны хайгуулын лиценз, казах урианхай хүүхдүүдийн боловсролын асуудал зэрэг чиглэлд хөндөгдөн асуултуудад хариулт өглөө.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж