Ерөнхийлөгч Өлгий хотын иргэдтэй уулзав

Хуучирсан мэдээ: 2010.03.24-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч Өлгий хотын иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ Өлгий хотын иргэдтэй уулзалт хийсэн. Хэдийгээр Наурызын баярын эхний өдөр байсан ч, өлгийчүүд Ерөнхийлөгчтэй уулзаж, санал бодлоо хэлэхээр аймгийн Хөгжимт драмын театрт дүүрэн цугласан байлаа.
Уулзалтын нээж, аймгийн засаг даргын орлогч Ш.Сериктес үг хэлсний дараа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж баярын мэндчилгээ дэвшүүлж мөн баримталж ажиллаж байгаа бодлого үйл ажиллагаагаа товчхон танилцуулсан юм.
Ерөнхийлөгч, “ Казах  ард түмний уламжлалт сайхан баярын үйл ажиллагаанд оролцож байгаадаа би баяртай байна. Наурызын баяр, бас аймаг байгуулагдсаны 70 жилийн ойг тохиолдуулан та бүхэнтэй уулзаж, санаа бодлыг тань сонсож, хаваржилтын байдалтай танилцья гэж бодож ирлээ. Казах, урианхай, тува, дөрвөд ястнууд маань эвтэй найртай, хийж бүтээсэн амжилт арвинтай амьдран сууж байгааг харахад сэтгэл өөдрөг байна” гэлээ.
Дараа нь Ерөнхийлөгч, баримтлан ажиллаж байгаа гол бодлогуудаа аюулгүй байдал, хууль шударга ёсыг тогтоох, төрийн шийдвэр гаргах үйл явцад иргэний оролцоог нэмэгдүүлэх, орон нутгийн эрх мэдлийг өргөжүүлэх, байгал орчноо хамгаалах болон гадаад бодлогын хүрээнд дэлгэрэнгүй танилцууллаа.
Өлгийчүүд  ажлын байрыг нэмэгдүүлэх , хязгаар бүс нутагт амьжиргааны өртөг өндөр байгаа учраас бүсийн нэмэгдэл олгох , үйлдвэржилтийг сэргээх чиглэлээр санал бодлоо илэрхийлж байлаа.
Ихэнх айл өрхүүдэд эдийн засгийн дарамт болж байгаа оюутны сургалтын тэтгэлгийн асуудлыг шийдэхийн тулд саяхан Ерөнхийлөгчийн санаачилсан хууль “нүдээ олсон” хууль боллоо гээд, энэ хуулийг цал алдалгүй баталмаар байна гэж хэлэх иргэд олон байв. Баян-Өлгий аймгаас нэг оюутан Улаанбаатарт сурахад дунджаар 3 сая төгрөгийн зардал гардаг юм байна. Ерөнхийлөгч “ Оюутны тэтгэлгийн хуулийн төслийг саяхан Иргэний танхимаар хэлэлцүүлсэн. Хэрвээ энэ хууль хэрэгжээд эхэлвэл зөвхөн өрхийн эдийн засгийн дарамтыг хөнгөлөөд зогсохгүй, ажлын байр, дээд боловсролын сургалтын чанар гээд олон асуудлыг нэг дор шийдэх боломжтой болох юм” гээд хуулийн онцлогийг тайлбарлалаа.
Хязгаар нутгийнхны нэг чухал хүсэлт бол бүсийн нэмэгдэл олгох тухай байдаг. “Энэ бол зүй ёсны асуудал. Алслагдсан бүс нутгийн иргэд бараа бүтээгдэхүүнээ өндөр үнэтэй авдаг хэрнээ тэд өндөр өртгөөр бизнес эрхэлж, баялаг бүтээснийхээ төлөө ямар нэг хөнгөлөлт эдэлдэггүй.  Их хурлын  зарим гишүүд бүсийн нэмэгдлийн тухай хууль санаачилсныг би бүх талаар дэмжиж байгаа” гэж Ерөнхийлөгч хэлэв.
Баян-Өлгий аймагт хууль хэрэгждэггүй, төрийн албанд ах дүү танил талаа, эсвэл нэг намын нөхдөө авдаг байдал газар авч байгаа тухай иргэд шүүмжилж байсан.
“Намын шалгуур гэдэг бол хоцрогдсон шалгуур. Ажил хийх чадвартай, боловсролтой залуус ажилгүйчүүдийн эгнээнд байх ёсгүй. Төрийн байгууллага, ялангуяа хууль шүүхийн байгууллагуудад иргэнийг алагчилдаг,  хүнд сурталтай хүмүүс байгаа бол аймаг орон нутгийн удирдлага үүнд онцгой анхаарч, засч залруулах ажлыг хийгээрэй. Хуулиа мэдсээр байж, өөрт байгаа эрх мэдлээ ашиглан хууль зөрчдөг хүмүүст хүлээлгэх хариуцлага хатуу чанга байх ёстой” гэж Ерөнхийлөгч ярилаа.
 Наурызын баяр бол ахмад настнаа хүндэтгэн золгож, амар мэндий  нь мэддэг баяр. Энэ уламжлалаар  уулзалтын дараа Ерөнхийлөгч өндөр настнуудтай уулзаж, тэдэнд хүндэтгэл үзүүллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж