ISU буюу Олон улсын уран гулгалтын холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг 100 дахь удаагийн уран гулгалтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Италийн Турин хотын “Палавела” мөсөн талбайд эхэллээ. Тэмцээнд нийт 53 улсын 208 тамирчин эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан, хосын болон мөсний бүжгийн төрөлд өрсөлдөж байгаа юм. Ванкуверийн олимпод гялалзсан амжилт гаргаж, эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд аваргын алтан медаль хүртсэн Азийн гоо үзэсгэлэн гэгдэж буй БНСУ-ын тамирчин Ким Юү На, мөнгөн медальт Японы Мао Асада, мөн олимпийн эрэгтэйчүүдийн төрөлд хүрэл медаль хүртсэн Японы тамирчин Дайсүкэ Такахаши, хосын төрөлд мөнгөн медалийн эзэд болсон БНХАУ-ын хос Цин Пан, Жянь Тун нар, хүрэл медаль хүртсэн Алёна Савченко, Робин Шольковий болон бүжгийн хосын төрөлд алт, мөнгөн медаль хүртсэн Канад болон АНУ-ын хос зэрэг олон шилдэг тамирчид Турины ДАШТ-д ур чадвар, авьяас билгээ сорих ажээ. Тэмцээний нээлтийн ажиллагаа өчигдөр болж өнгөрсөн ба өнөөдөр эрэгтэйчүүдийн богино үзүүлбэр, хосын чөлөөт үзүүлбэр болох юм. Тэмцээн энэ сарын 28-нд өндөрлөнө.
С.Цэлмэг
С.Цэлмэг