Хуулийн давхардал, хийдлийг арилгах талаар тогтоол гаргав

Хуучирсан мэдээ: 2010.03.24-нд нийтлэгдсэн

Хуулийн давхардал, хийдлийг арилгах талаар тогтоол гаргав

Засгийн газрын ээлжит 18 дугаар хуралдаанаар  дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргалаа.
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн заалтыг үндэслэн хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зарим арга хэмжээний тухай тогтоол гаргалаа. Уг тогтоолд:
·Өөрийн салбарын хүрээнд хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль, тогтоомжийн төлөв байдалд судалгаа хийж, тэдгээрийн давхардал, хийдэл зөрчлийг арилгаж, уялдаа холбоог сайжруулах арга хэмжээ авах,
· Хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор Төрийн нарийн бичгийн дарга, түүнтэй адилтгах албан тушаалтнаар ахлуулсан, иргэний нийгэм, хувийн хэвшлийн оролцоотой Ажлын хэсэг байгуулан ажиллуулах,
·Яамныхаа бүтэц орон тоонд багтаан хууль зүйн асуудал эрхэлсэн нэгж байгуулах зэрэг арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газрын гишүүдэд даалгав.

 Японы иргэд 30 хоногийн хугацаанд визгүй зорчино
      Монгол Улс иргэдийн харилцан зорчих нөхцлийг хөнгөвчлөх зорилгоор дипломат болон албан паспорттой иргэдийг визээс чөлөөлөх тухай саналыг Япон Улсад ажил хэргийн шугамаар 2001 оноос тавьж ирсэн. Гэвч албан паспорттой манай иргэд Японд хууль бусаар үлдэх тохилдол нэг бус удаа гарсан зэргээс үүдээд саналыг хүлээж авах боломжгүй гэсэн хариу авч байв.
    Япон Улстай визийн асуудлаар харилцан адил байх зарчмыг баримтлах аваас энэ чиглэлд ойрын жилүүдэд ямар нэгэн ахиц гарах боломжгүй болохыг харгалзан 2009 оны дөрөвдүгээр сард Гадаад харилцааны сайд С.Батболд Япон Улсад хийсэн айлчлалынхаа үеэр иргэдийн харилцан зорчих нөхцлийг хөнгөвчлөх хүрээнд Японы иргэдийг визээс чөлөөлөх, харин Японтой байнгын харилцаатай манай бизнесийн болон бусад  салбарын иргэдэд урт хугацаатай, олон удаагийн виз олгох асуудлыг судалж үзэхийг Японы талд санал болгосон юм.
    Японы тал 2009 оны долдугаар сард Монгол Улсын Ерөнхий сайд С.Баярын Япон Улсад хийсэн айлчлалын өмнөхөн Японы иргэдийг Монгол Улсад визгүй зорчих нөхцлийг бүрдүүлэх асуудлыг тавьж, үүнийгээ манай талаас хүсэлт болгосон “Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих хоёр шаттай иений хөнгөлөлттэй зээл”-ийн хоёр дахь шатыг авах асуудлыг гол нөхцөл болгон тавьсан. Японы энэ саналыг хүлээн авахаар шийдвэрлэж, энэ тухай зарчмын санааг айлчлалын дүнгээр гаргасан Хэвлэлийн хамтарсан мэдэгдэлд тусгасан билээ.
       Дээрх айлчлалын бэлтгэлийг хангах яриа хэлэлцээний үеэр Японы ГХЯ-ны төлөөлөгч Монгол Улс Японы иргэдийг визээс чөлөөлсөн тохиолдолд тодорхой хугацааны дараа Монголын дипломат болон албан паспорттой иргэдэд  хөнгөлөлт үзүүлэх, улмаар визээс чөлөөлөх боломжтой гэдгийг илэрхийлж байсан юм.
      Сүүлийн 10 жилийн дунджаас харахад Монголд зорчиж буй япон иргэдийн тоо 14-15 мянгад хэлбэлзэж байна. Иргэд зорчих нөхцлийг хөнгөвчлөх нь жуулчдын тоонд эерэгээр нөлөөлдөг болох нь 2006 онд японы иргэдийг визээс түр чөлөөлсөн арга хэмжээний дүнгээс харагдсан. Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор 2006 оны 4-12 дугаар сарын хооронд Японоос ирсэн зорчигчдын тоо 20.000 давсан байна.
       Эдгээр улс төр, эдийн засгийн ашиг сонирхол, мөн Японы талаас визийн холбогдолтой мөрдөж буй практик, тавьж буй санал зэргийг үндэслэн:  
·    Монгол Улсад зорчих Япон Улсын иргэдийг 30 хоногийн хугацаанд визээс чөлөөлөх асуудлыг зүйтэй хэмээн үзэж, Япон Улсын Гадаад хэргийн яаманд Ноот бичгээр мэдэгдэхийг Гадаад харилцааны сайд Г.Занданшатарт зөвшөөрөв.
·    Япон Улсын иргэдийг 30 хоногийн хугацаанд визгүй зорчуулах ажлыг 2010 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжүүлж, хяналт тавьж ажиллахыг Гадаад харилцааны сайд Г.Занданшатар, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нарт даалгав.
                            
Үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг батлав
      “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2010 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх төлөвлөгөө”-ний төслийн талаар Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ч.Хүрэлбаатар танилцуулж тогтоол гаргалаа.
       Уг тогтоолоор:
·    “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2010 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх төлөвлөгөө”-г батлав.
·    Үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх төлөвлөгөөнд тусгагдсан зорилт, арга хэмжээг оны эхнээс эрчимтэй хэрэгжүүлж ажиллахыг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болголоо.
·    Үндсэн чиглэлийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг оновчтой хуваарилан, үр дүнтэй ашиглах, төсвийн бус эх үүсвэрийг дайчлах талаар санаачлагатай ажиллахыг Засгийн газрын гишүүдэд даалгав.
·    Үндсэн чиглэлийн хэрэгжилтийн явцыг  2010 оны 10 дугаар сард, биелэлтийг 2011 оны 1 дүгээр улиралд багтаан Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ч.Хүрэлбаатарт даалгалаа хэмээн Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас дамжууллаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж