Хуучирсан мэдээ: 2010.03.24-нд нийтлэгдсэн

Шарлотт Бобкэтс vs Вашингтон Уизардс

Жералд Уоллэс 17 оноо, 19 удаа самбараас бөмбөг авч нэмэлт цагт Бобкетс Уизардсыг 95-86 хожлоо. Ийнхүү Бобкэтс энэ улирлын 36 дахь хожлоо авсан нь 6 жилийн түүхтэй энэ багийн хувьд хамгийн өндөр амжилт нь юм. Гэхдээ энэ Бобкэтст илүү том зорилго байгаа нь Плэйоффт анх удаагаа шалгарах ба Дорнод Бүсийнхээ 7-р байранд яваа.

Харин Уизардсын хувьд хар улирал нь үргэлжилсээр, 12 тоглолтонд дараалан хожигдоод байгаа ба дараагийн Индиана Пэйсэрстэй хийх тоглолтонд хожигдвол багийнхаа түүхэн дэх хамгийн муу амжилтыг давтах юм. Хамгийн сүүлд тэд Нью Жэрси Нэтсийг 2-р сарын 28-нд хожсоноосоо хойш нэг ч хожил аваагүй байна.

Индиана Пэйсэрс vs Дэтройт Пистонс

Дэнни Грэйнжэр 32 оноо авч, Пэйсэрс Пистонсыг талбай дээр 98-83 хожсоноор 9 дараалан эсрэг багийн талбайд хожигдсон хар цувралаа зогсоолоо.

Мөн Пэйсэрсийн хувьд ганц л багийн эсрэг энэ улиралд амжилттай тоглосон нь  Пистонс бөгөөд энэ улиралд хийсэн 4 тоглолтонд бүгдэд нь хожиж түүхэндээ анх удаагаа Пистонсыг улирлын цувралд шүүрдэж байна.

Пистонс ийнхүү хожигдсоноор албан ёсоор Плэйоффоос хасагдаж байгаа ба сүүлийн 8 жил тасралтгүй шалгарсан амжилт нь зогсож байна. Брэндон Раш Индианаг тэргүүлж 20 оноо авсан бол Трой Мөрфи 10 оноо, 12 удаа самбараас бөмбөг авч дабл-дабл хийжээ. Тэйшон Принц багтаа 14 оноо авч ганц сайн нь байсан байна.

Нью Йорк Никс vs Дэнвэр Наггэтс

Тоглолтын 3-р үед Данилло Галлинари, Кармэло Энтони нарын хооронд тулаан өрнөж, Галлинари нийт авсан 28 онооны 17-г энэ үед авч багтаа 109-104 хожил авчрахад тусалсан байна. Ал Харрингтон сэлгээнээс 23 оноо нэмэрлэжээ.

Дэнвэрээс Энтони 36 оноо, Чонси Биллапс 25 оноо авсан ч 2 дахь дараалсан хожигдлоо Наггэтс хүлээж, Өрнөд Бүсийн 2-р байраа баталгаажуулахаас нэг алхам ухарлаа. Тэдний араас мөшгиж явсан Даллас Мавэрикс өнөөдөр хожиж, хожил хожигдлын харьцаа тэнцлээ.

Дэнвэр Нью Йорктой хийсэн сүүлийн 4 тулаандаа хожоод байсан бөгөөд сүүлд таарахад Кармэло 50 оноог авч байсан. Энэ амжилтаа ч үргэлжлүүлэх магадлалтай эхний хагаст 10 гаруй оноогоор холдсон ч 2-р хагаст тоглолтыг никс эргүүлж чаджээ. Никсээс Трэйси Макгрэйди 15 оноо авсан бол төвийн тоглогч Дэвид Ли 12 оноо, 16 удаа самбараас бөмбөг авч тусалсан байна.

Даллас Мавэрикс vs Лос Анжэлэс Клиппэрс

Жэйсон Кидд 26 оноо авч 37 насны төрсөн өдрөөрөө өөртөө бэлэг барилаа. Ихэнхи оноогоо тэрээр тоглолтыг өөрчилсөн 4-р үеийн эхэнд авсан байна.
Даллас 13 дараалж хожсоныхоо дараа хийсэн 4 тоглолтынхоо 3-т н хожигдож Дэнвэр бүсийнхээ 2-р байрыг алдаад байсан ч өнөөдөр Клиппэрсийг 106-96 хожсоноор Дэнвэртэй тэнцлээ. Тоглолтын эхний хагаст тэд 62 оноог авч илт давуу хожих байдлыг үүсгэсэн ч 3-р үе эхлээд удаагүй байхад багийн лидэр Дирк Новицки шүүгчтэй маргалдаж тоглолтоос хөөгдөж нөхцөл байдлыг өөрчилсөн байна. Улмаар 3-р үед 14 оноог авсан Даллас 4-р үед ганцхан онооны илүүтэй оржээ.

Харин шийдвэрлэх үед Киддийн шоу эхэлсэн бөгөөд 13 оноо, 3 оновчтой дамжуулалт, нэг бөмбөг таслалтыг хийж Даллас 22 оноо авч, клиппэрст ердөө 3 оноог алдаж хожих боломжоо нээжээ.

 
Г.Идэр-Ууган, Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж