Үзэсгэлэнт хатагтай Мельбурн

Хуучирсан мэдээ: 2010.03.24-нд нийтлэгдсэн

Үзэсгэлэнт хатагтай Мельбурн

Австрали улсын Виктория мужийн нийслэл Мельбурн хотод хоёр сар гаруй амьдрах хугацаандаа харсан сонсож дуулснаа сийрүүлэн бичлээ. Жуулчин Жеймс Кук энэ тивийг анх нээж английн 11 онгоцны эхнийх нь 1788 оны 1-р сарын 18 нд, сүүлчийн нь 1-р сарын 26 -нд энэ нутагт газардсан ба энэ өдрийг жил бүр “Австралийн өдөр” хэмээн тэмдэглэдэг бөгөөд харин уугуул иргэдийн хувьд баярын өдөр гэхээсээ булаан эзлэгдсэн өдөр гэж үздэг ажээ. Эргэн тойрон далайгаар хүрээлэгдсэн бөгөөд өмнөд эргээрээ бие даасан усны ургсгал байна гэж үзээд бидний уламжлалт газар зүйн ойлголт өөрчлөгдөн 5 том далайтай болж “Өмнөд далай” гэсэн нэр томъёо шинээр гарчээ. 2010 оны 2-р сарын байдлаар тус улс нь 22 сая гаруй хүн амтай дундаж наслалт нь 81,2 үүгээрээ дэлхийд тавдугаарт ордог бөгөөд нэг хүнд оногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ нь 46814 ам.доллар, дэлхийн бөмбөрцөгийн өмнөд хагаст орших хүчирхэг эдийн засагтай орон. Бидний амьдарч байсан Мельбурн хотын хувьд 1835 онд үндэс суурь нь тавигдсан 180 аад жилийн түүхтэй 4 сая орчим хүнтэй томоохон хот бөгөөд улсынхаа өмнөд хэсэгт орших туйлын үзэсгэлэнтэй залуу хот юм. Хүн амьдрах аятай таатай орчныг бүрдүүлснээрээ Канадын Ванкувер /2010 орны цагаан олимп болсон 1,5 сая хүнтэй / хотын дараа дэлхийд хоёрт ордог. Амьдрах таатай нөхцлийг  бүрдүүлж байгаа нэг гол зүйл нь олон арван цэцэрлэг. /парк/
Сурагчид анги хамт олноороо очиж мод цэцэг тарьдаг бөгөөд экологийн боловсролыг багаасаа орчин тойрноос эзэмшдэг ажээ. Энд гүйлтийн шороон болон хиймэл зам, сууж амрах ширээ сандал, чийрэгжүүлэлтийн олон төрлийн хэрэгсэл, мах шарах цахилгаан зуух, тохилог бие засах газар, хүүхдийн тоглоомын талбай, сүүдрэвч, хогийн сав, хүн амьтны уух ус, нохойны ялгадас хийх гялгар уут, зарим цэцэрлэгт спорт тоглоомын нэмэлт талбай хэрэгсэл гээд бараг л амьдраад байхад болох дутуу юм нэг ч алга. Бие засах газарт нь гэхэд 00-ын цаас, шингэн  саван, гар хатаагч гээд бүгд байна.Энэ бүхэн үнэ төлбөргүй.
Ийм 00-ууд далайн эргийн наран шарлагын болон үзвэр үйлчилгээний газар, дэлгүүр хоршоо, метроны буудалд байх юм. Гэтэл Улаанбаатар хотод нийтийн жорлон хэд, дагалдах зүйл нь юусан билээ. Үзвэр үйлчилгээ дэлгүүр, албан газрын 00-д орвол үйлчлэгч нь мөнгө нэхнэ. Эдгээр цэцэрлэгүүдэд зарим нь гүйгээд, нэг хэсэг нь амарч идэж уугаад, нөгөө зарим нь ном уншиж, компьютерээ ажиллуулаад, хүүхдүүд тоглож, биеэ шарах нь шараад, мах шарж идээд л өөр өөрийнхөөрөө нэн жаргалтай. Бүр зарим нь хүүхдээ тэргэнд  нь хийж түрээд л гүйж явах юм. Гэтэл манайд хүүхдээ түрээд гүйх нь бүү хэл түрээд явахад ч хүндрэлтэй байдаг шүү дээ.
Манайхаар бол дүүрэг бүр усан сантай. Энэ хот 26 дүүрэгтэй.Бас далайн наран шарлага гэж байгалийн бас хувийн усан сан хэд ч байдаг юм бүү мэд. Хүүхэд том хүнд зориулсан сэлэх газар, бас усан массаж, уурын болон хуурай саун, шүршүүр, жин, уух ус сэлэхэд зориулсан янз бүрийн хэрэгслүүд байх юм.
Эмнэлэг, сургууль нь ямар байх нь мэдээж. Телевизээр Бангладешээс авчирсан тархиараа холбогдсон сиамын ихрийг салгах мэс засал Австралид анх удаа энэ хотод хийж байгааг харууллаа. 4-5 үе шаттай хийж хамгийн эцсийн салгах операцийг  27 цаг 3-н ч төрлийн эмч нарын хагалгааны баг марофон байдлаар хийж, 56 цагийн дараа хүүхэд хэвийн байгааг харуулж байлаа. Хамгийн хачирхалтай нь эцэг эх, төрөл садан нь алга. Энэ хотын хоёр иргэн асран хамгаалагч нь юм билээ.
Хүмүүс нь эрүүл мэндийнхээ талаар анхаарч урьдчилан сэргийлэх  нийтийн биеийн тамирыг чухалчилдаг ажээ. Бидний хэрэглэдэг антибиотикийг эмчийн жоргүйгээр ямар ч эмийн сан олгохгүй. Гэтэл манайд эм зүйч нь ийм тийм өвчинд тохирно гэж зөвлөөд хүссэн эмийг нь хүнсний бараа зарж байгаа юм шиг л өгөөд явуулдаг шүү дээ. Тийм ч учраас монголд эмийн худалдаа ашигтай бизнест ордог болов уу?.Үүнийг ч бас анхаарч бодолцмоор.
Нийгмийн халамж үйлчилгээ нь мэдээж сайн л биз. Ганцхан жишээ дурдъя. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд нь хэнд ч төвөг тээр болж ад үзэгдэхгүй, хараат бусаар амьдрах нөхцөлийг бүрдүүлжээ. Тэд зориулалтын тэргээрээ дэлгүүр хоршоо, нийтийн тээвэр, үзвэр үйлчилгээ, гудамж талбайд явна. Нэгэн том хүнсний дэлгүүрт 80 гаран насны өвгөн худалдаа хийгээд гарч явахтай таарлаа. Хамгийн сонирхолтой нь тэр өвгөн блонтой хүчилтөрөгчөө тэргэндээ байрлуулан гуурсаа хамартаа хийсэн байлаа. Манайхаар бол эрчимт  эмчилгээний аппараттай гэхүү дээ.
Дүүрэг бүр номын сантай. Хүмүүс нь ном их уншина. Нийтийн тээвэр ялангуяа метронд зорчигчдын 80-90 хувь нь ямар нэг юм уншина. Ажилд явах, тарах үед метро бараг л уншлагын заал шиг харагддаг юм билээ. Бас цэцэрлэг,гудамжинд зүлгэн дээр  тухтай нь аргагүй идэж уугаад уншиж байх юм.
Нийтийн тээврийн үүргийг метро, трамбай, автобус гүйцэтгэх юм. Ачаалал ихтэй гэх боловч түүний 20 хувийг гүйцэлдүүлж байдаг автобус ихэнх тохиолдолд 10 гаруй зорчигчтой явах бөгөөд зогсоол дээр хүнгүй бол зогсохгүй. Яг л цагтаа ирж очно. Метро, трамбай ч адил хүлээж цаг үрэх зовлонгүй. Ирэх хуваариар нь очоод суухад л хангалттай.
Орон сууцны гадаа машины зогсоолыг цагаан зураасаар хязгаарлан тогтмол нэг байранд тавих боломжийг бүрдүүлсэн байна. Хоёр жилийн өмнө манай байрны СӨХ-ны дарга байрны талбайд тос гоожиж бохирлоод бас машин гарч чадахгүй хэрүүл зодоон боллоо гээд төмөр хашаагаа цоожлоод манай байрныхан явган хүний зам, гудамжинд машинаа тавьж ачаалал нэмж байлаа. Машинаа парклах газрыг нь боломжоор нь зааж хаалганы нь дугаарыг биччихвэл эзэн нь тодорхой болох  бөгөөд харин гадны машин орохыг хориглодог, орсон тохиолдолд цагаар нь мөнгө төлүүлдэг болчихвол цаг хугацаа эдийн засагтаа баригдах бизээ.
Гудамж талбай, хашаа хороондоо айл бүр мод тарьж зүлэгжүүлээд түүнийгээ их арчлах юм. Үүрэг гэж үздэг бололтой. Энд тэндгүй өнгө бүрийн сарнай, цэцэг алаглаад, ойд явж байгаа юм шиг шувууд жиргээд сэтгэл санаа нэг л тайван байх юм. Хашаа хорооныхоо зүлгийг тайрч захлаагүй ганц нэг айл байх бөгөөд малынхаа хөлдүүс баас, хогийн ургамалдаа дарагдсан манайхны заримтай  нь адилхан харагдаж байлаа. Гудамж талбайд байх хог нүдний гэм хаа сайгүй хогийн сав улаан, шар тагтай өнгөөр нь төрөлжүүлж хогоо хийнэ. Хогийг дахин боловсруулж анхны ангилалт хийж байгаа ажээ. Хогийн саваа тодорхой өдрүүдэд гудамжинд гаргаж тавина. Гол төлөв дан байшинтай 1,2 давхар хувийн сууц, бас нийтийн байрууд байх юм. Эзэмшил газар нь бага зүлэг зассан талбайтай болохоор шороо гэж байхгүй. Манай гэр хорооллын дэд бүтцийг шийдчихвэл тиймэрхүү дан байшин барихад бас ч хэцүү биш юм шиг санагдаж байлаа.
Гудамж талбайд амралтын өдрүүдэд хөгжим тоглох хүн бүр хамтлаг хүртэл байх юм. Гэтэл тэд гуйлагчид биш хичээл сургуулиа давтаж буй оюутнууд. Манай урлагийн сургуулийн оюутнууд зуны дулаан цагт жуулчны гудамжинд ардын дуугаа хөгжимдвөл тун ч зүгээр юм шиг. 11 настай хүүхэд хүртэл дуулж хөгжимдөөд сууж байлаа.
Уул уурхайн үйлдвэрлэлээрээ алдартай гэдгийг бүгд мэднэ. Бидний байх хугацаанд нүүрс импортлох гэрээг Хятад улстай хийж байлаа. Хүнсний бүтээгдхүүнээ гаднаас авахгүй, бусад зүйлээ Хятад болон азийн орнуудын хямд ажиллах хүчийг ашиглан улсынхаа стандартын дагуу хийлгэдэг ажээ. Зөвхөн гэрлийн разетка л гэхэд Австрали, Шинэ-Зеланд, Сингапур, Европын орнуудын стандартад тохируулсан 3-4 хувилбартай Хятадад үйлдвэрлэсэн байх жишээтэй. Улс орноо хүнсээр хангах ХАА нь хүчирхэг хонь, үхэр ихтэй. Адуу ямаа цөөн жимс ногоог янз бүрээр нь тарьдаг юм билээ. Хотоос гадагш гармагц жилийн турш ногооноор байдаг ч энд тэндгүй боодолтой хадсан өвс байх юм. Гэтэл бид зундаа хэдий хэр хадлан бэлтгэдэг юм бол. Малын тэжээлийг малчин өрх бүр хэрэгцээндээ тохируулан тарихад бас ч болохгүй зүйл үгүй юм шиг. Мельбурныг спорт, бас загварын хот гэдэг ажээ. Дээр дурдсан цэцэрлэгт амралтын өдрүүдээр уралдаан тэмцээн байнга зохиогдож хүүхэд залуучууд их оролцох юм. Спортын өрсөлдөөн гэдгийг тун ч багаасаа мэдэрдэг юм байна. Газрын теннисний Австралын нээлттэй тэмцээнийг телевизээр сонирхож ямар олон хүн цаг зав гарган үздэгийг харлаа. Спорт тэдний хувьд амьдрал. Тэгээд ч дэлхийд данстай алдартнууд төрдөг бизээ.
    Цаг агаар нь ерөнхийдөө дулаан, маш хувьсамтгай. Жилийн дөрвөн улирлыг нэг өдрийн дотор үзүүлж чаддагаараа энэ хот алдартай.
Ботаникийн хүрээлэнд халуун дулаан орноос авчирч нутаглуулсан маш олон мод ургамал байх бөгөөд дор бүрдээ түүх бичлэгтэй. Ер нь энд хөшөө, цогцолбор байшин барилга, цэцэрлэг мод ургамал, сандал хүртэл өөрийн түүх бичлэгтэй байх юм. Бидний сайн мэдэх зуун наст л гэхэд хүнээс өндөр бут болж ургасан байлаа.  Уугуул мод нь ихэвчлэн навчит мод байх бөгөөд цэцэглэдэг.
    Газар нутаг нь ерөнхийдөө далайн төвшнөөс дээш 25 метр өргөгдсөн. 633 метрийн өндөрт орших Дандинон гэдэг хайрхны оргилд найзын минь охин гаргалаа. Засмал замаар явж орйд нь гарахад ресторан бас л мах шарах зуух бие засах газар, уух ус, хогийн сав, машины зогсоол бүгд байна. Уулын оройд бяцхан горхи урсаад л….
Горхи гэхээс энд хэрэглээний усаа тусгай даланд нөөцөлж хадгалсан борооны уснаас түгээдэг гэсэн. Газрын гүний усны нөөц бага. Иймээс сүүлийн үед далайн усаа цэвэршүүлэн хэрэглэх талаар ажиллаж байгаа юм гэнэ.
    Амьтны хүрээлэн үзэх тийм ч дуртай биш хэдэн жилийн өмнө Москвагийн зоо паркад хоёр бөхтэй тэмээний ноос нь хөглөрөөд, уйтгартай буйлж, нүднээс нь нулимс бөмбөрч байхыг хараад монгол тэмээ биш байгаадаа гэж сэтгэл эмтэрч байлаа. Эндхийн зоо паркад бүх амьтад естой л төрсөн нутаг усандаа байгаа юм шиг амьдрах орчныг нь унаган төрхөөр нь бүрдүүлж. Хоол тэжээл унд усыг нь бэлтгэсэн байх юм.
    Үндэсний галерейн орох хаалганы хажуу хана нь ус урсаад байгаа юм шиг харагдаж байлаа. Дээвэрт тогтсон борооны усыг ашиглан ийм гоёмсог харагдуулжээ. Галерейн нэг давхар нь шилээр бүтсэн, шал нь хүртэл шил. Дээгүүр нь өөрийн эрхгүй гэтэж, нуруу хотолзож байлаа.
    Азийн соёлын хэсэгт бидний өвөг дээдсийн байгуулсан Юань гүрний тухай Монголын засаглал гэсэн самбар хятадын түүхийн дотор багтсан байлаа. Үүнээс үүдэн монголын тухай хэр мэддэг, бас Мельбурны монголчуудын тухай бага боловч сонирхлоо.     
Монголын тухай асуухад Сергей Бодровын найруулсан “Монгол” гэдэг киног дурсах бөгөөд зарим нь Чингис хааныг мэдэх юм. Виктория Маркет хэмээх том зах дээр ажилладаг нэгэн орос манай хүү Улаанбаатарт ажиллаж байсан гэж ярилаа.
    Ач хүүгээ цэцэрлэгт тоглуулж байтал нохой дагуулсан эмэгтэй бидний ярилцахыг сонсоод: -Та нар монгол уу? Би 7 жилийн өмнө монголд ажиллаж байсан гээд нэлээд ярилцсаны дараа манай охинтой хамт ажиллаж байсныг мэдлээ. Монголоор бага зэрэг ярьж байлаа.
    Энэ хотод нийтдээ 100 орчим монгол амьдарч тэдний ихэнх нь Мельбурны их сургуулиудад суралцдаг ажээ. Байнга амьдардаг цөөхөн хүмүүс байдаг бөгөөд тэд боловсролын үнэлэмж өндөр энэ улсад мэргэжлээрээ ажиллаж байгаа нь бахархууштай.
Уурлаж уцаарласан, маргаж хэрэлдсэн нэг ч хүнтэй тааралдсангүй, хүмүүсийн амьдрал сайн, бүх юм хууль дүрмийн дагуу, орчин нь тохилог сайхан болохоор сөрөг харилцаа үүсдэггүй юм байна. Гаднаас нь харахад туйлын элгэмсүү, таних танихгүй хамаагүй инээж, ямар нэг юм асуувал асар их ач холбогдол өгч тайлбарлана.
Харин залуучууд нь арай өөр, юм асуухад хариулахгүй тохиолдол ч байна. Настнаа хүндлэх талаар маруухан.
Жилийн дөрвөн улиралгүй болохоор хувцаслалт нь тун энгийн. Шорт, подволк, углааш байхад л болоо. Манайхан шиг хувцас хунар, өмссөн зүүснээр нь орчноо харж харилцдаггүй бие биеээсээ илүү гарч хэрэгцээгээ хангадаггүй, хэрэглээ нь энгийн, энгийн бүхэн гайхамшигтай байдагдаа. Юм үзэж нүд тайлсан болохоор хэн ямар байх нь тэдэнд хамаатай бус. Машин гэхэд манайхан  бол ичээд унахгүй хуучин загварын машин зөндөө. Тухайлбал ЗХУ-ын Москвич-412 унаад явж байх жишээтэй.
Ийнхүү өмсөж зүүх, идэх уух, эдэлж хэрэглэх машин сэлтээрээ өрсөлдөж зохиомол хэрэгцээ бий болгоод түүнийхээ төлөө бие сэтгэлийн шаналан болж байдаг биднээс тэс өөр.
Шинэ жил, “Авсралийн өдөр” болж өнгөрлөө хүмүүс нь амарч, хотын төвд салют буудан, барааны үнэ хямдарсныг эс тооцвол нам гүм мэдэгдэх юм алга. Нийтээрээ гудамжаар хөглөрөөд, идэж уугаад байхгүй юм.  
Элбэгдорж ерөнхийлөгч стандарт гээд яриад байхаар төдийлөн ухаардаггүй байлаа. Гэтэл энэ улс ард түмнийхээ аятай тухтай, эрүүл саруул, сайн сайхан амьдрах стандарт нөхцөлийг нь бүрдүүлж чаджээ. Иймээс төр засаг нь ард түмнээсээ стандартын биелэлт гэж шаардахаасаа өмнө амьдрах орчны стандартыг бүтээгээд бий болгоод өгөх нь зүйтэй юм байна гэдгийг л олж мэдэрлээ.
    Хөгшин Европын хотуудаас хэдэн зуунаар дүү цэл залуухан үзэсгэлэнт энэ хадагтайд олон хэлийн, зүг зүгийн хүмүүс шунан дурлаж ам бүлд нь багтаж өрх гэрээ нэмсээр…Өтөлтлөө хөгжих цаг хугацаа, орон зай мөн ч их байна даа Мельбурн хот.

                                                                                                                  Г.Жамбалдорж    Улаанбаатар-Мелбурн
2010 оны 03 сар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж