”Евро 2012”-ын бэлтгэл ажил хангалтгүй байна

Хуучирсан мэдээ: 2010.03.24-нд нийтлэгдсэн

”Евро 2012”-ын бэлтгэл ажил хангалтгүй байна

2012 оны Европын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг Украин, Польш улс хамтран зохион байгуулна. Зүүн Европт болж байгаа анхны тивийн аваргын тэмцээн учраас тус улсууд ихээхэн анхаарал тавьж байгаагаа мэдэгдсэн ч Европын хөлбөмбөгийн холбооны ажлын хэсэг бэлтгэл ажилд муу дүн тавихад бэлэн болжээ. Дээрх улсуудад 2 асуудал тулгараад байгаа бөгөөд нэгдүгээрт цэнгэлдэхийн барилгын ажил, хоёрт татварын асуудал байгаа аж. Хамгийн гол нь "Евро-2012" тэмцээний тоглолт зохиогдох цэнгэлдэх хүрээлэнгүүдийн барилгын явц тун хангалтгүй байгааг UEFA-гийн төслийн захирал Мартин Каллен мэдэгдсэн байна. Шигшээ тоглолт болох Киев хотын олимпийн цэнгэлдэх хүрээлэнгийн засварын ажил төлөвлөснөөс даруй таван сараар хоцорч байгаа болон Львов хотын цэнгэлдэхийн барилга бүр 30 хувьдаа ч ороогүй байгааг Украинд зочилсон М.Каллен мэдэгджээ. Тэрбээр зохион байгуулагч хоёр орноор зочилж, ажлын явцыг шалгасан тайлангаа UEFA-гийн конгресс болохын өмнө тавих гэнэ. Хэрвээ конгрессоос зохион байгуулах ажилд муу дүн өгвөл "Евро 2012"-ийг найман хотод биш зургаан хотод зохион байгуулах төлөвлөгөөг Мартин Каллен гаргажээ. Мөн тавдугаар сарын 28-нд болох UEFA-гийн конгрессоос 2016 оны ЕАШТ-ийг аль улс зохион байгуулах вэ гэсэн асуултад хариу өгнө. 2016 оны ЕАШТ нь анх удаа 24 баг оролцохоороо онцлогтой бөгөөд тэмцээнийг зохион байгуулахын төлөө Итали, Турк, Франц улс өрсөлдөж байгаа юм.

А.Анхбаяр, Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж