Месси Бэкхэмийг ардаа орхиж, дэлхийн хамгийн өндөр орлоготой хөлбөмбөгч болов

Хуучирсан мэдээ: 2010.03.24-нд нийтлэгдсэн

Месси Бэкхэмийг ардаа орхиж, дэлхийн хамгийн өндөр орлоготой хөлбөмбөгч болов

Английн хөлбөмбөгийн бэлгэ тэмдэг гэгддэг Дэвид Бэкхэм дэлхийн хамгийн
өндөр орлоготой хөлбөмбөгчийн байр сууриа Лионель Мессид алдлаа. Өдгөө
34 настай Бэкхэм хөлбөмбөгчийн карьераасаа гадна зар сурталчилгаанаас
ихээхэн хэмжээний орлого олдог бөгөөд өнгөрсөн хоёр жилийн турш дэлхийн
хамгийн өндөр орлоготой хөлбөмбөгчдийн жагсаалтыг тэргүүлсэн юм. Гэтэл
өнгөрсөн жил гурвалсан цомын эзэн болсныхоо төлөө 3.6 сая фунтын бонус
цалин авсан “Барселона”-гийн супер од Мессигийн 2009 оны орлого 29.6
сая фунтэд хүрснээр “French Football” сэтгүүлээс гаргадаг жагсаалтын
тэргүүнд бичигджээ. Түүний араас Бэкхэм жагссан бөгөөд дэлхийн хамгийн
үнэтэй хөлбөмбөгч Криштиан Рональду мөн өнгөрсөн жил 900 мянган фунтын
бонус цалин авч, нийт цалин нь хамгийн их буюу 11.7 сая фунт хүрснээр
27 сая фунтын орлогоор гуравт бичигдсэн байна. Харин хамгийн өндөр
орлоготой дасгалжуулагчаар Италийн Сери А лигийн аварга “Интер Милан”
клубын Жозе Моуриньо тодорчээ.
Бэкхэмийн хувьд сүүлийн есөн жил дараалан топ хоёрт багтсаар ирсэн ба
таван удаад нь жагсаалтыг тэргүүлсэн юм. Тэрбээр зөвхөн “Adidas”,
“Giorgio Armani” болон “Motorola” нартай байгуулсан гэрээнээс 22.5 сая
фунтын орлого олдог бөгөөд хөлбөмбөгчийн жилийн цалин нь 4.8 сая фунт
болжээ. Харин жагсаалтыг манлайлсан Месси 2009 оны хамгийн өндөр
орлоготой тамирчдын жагсаалтад Тайгер Вудс, Фил Микелсон болон Леброн
Жеймс нарын дараа дөрөвдүгээрт эрэмбэлэгдсэн бол Бэкхэм Фернандо
Алонсо, Михаэль Шумахер нарын араас долдугаарт бичигдсэн байна.


Хамгийн өндөр орлоготой хөлбөмбөгчид:

1. Лионель Месси /Барселона/ – 29.6 сая фунт
2. Дэвид Бэкхэм /ЛА Галакси/ – 27.3 сая
3. Криштиан Рональду /Реал Мадрид/ – 27 сая
4. Кака /Реал Мадрид/ – 16.9 сая
5. Тьерри Анри /Барселона/ – 16.1 сая
6. Роналдиньо /Барселона/ – 15.5 сая
7. Карлос Тевез /Манчестер Сити/ – 13.8 сая
8. Златан Ибрахимович /Барселона/ – 13 сая
9. Фрэнк Лампард /Челси/ – 12.8 сая
10. Самуэль Эту /Интер Милан/ – 12.4 сая
Хамгийн өндөр орлоготой дасгалжуулагчид:
1. Жозе Моуриньо /Интер Милан/ – 11.7 сая фунт
2. Роберто Манчини /Манчестер Сити/ – 10.8 сая
3. Фелипе Сколари /Бунёдкор/ – 8.5 сая
4. Юрген Клинсмэнн /экс-Бавария Мюнхен/ – 8.1 сая
5. Фабио Капелло /Англи/ – 7.5 сая
6. Гүүс Хиддинк /ОХУ/ – 7.1 сая
7. Сэр Алекс Фергусон /Манчестер Юнайтед/ – 6.5 сая
8. Пеп Гуордиала /Барселона/ – 5.8 сая
9. Арсень Венгер /Арсенал/ – 5.7 сая
10. Луи ван Гаал /Бавария Мюнхен/ – 5.4 сая
С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж