Шаардлага тавьсан 934 хүний гарын үсгийг шалгахаар болжээ

Хуучирсан мэдээ: 2010.03.24-нд нийтлэгдсэн

Шаардлага тавьсан 934 хүний гарын үсгийг шалгахаар болжээ

Шаардлага тавьсан 934 хүний гарын үсгийг шалгахаар болжээ
Өнгөрсөн шөнө МАХН-ын Удирдах зөвлөл хуралдаж, тодорхой асуудлууд хэлэлцсэн тухай мэдээллийн талаар МАХН-ын холбогдох хүмүүсээс өглөө тодруулсан боловч тоймтой хуралдсан, хуралдаагүй гэсэн хоёр янзын тайлбар өгч байсан юм. Тэгвэл баттай эх сурвалжийн хэлснээр МАХН-ын Удирдах зөвлөл өчигдөр 15.00 цагаас эхлэн бараг шөнө дөл болтол хуралдсан байна. Түүгээр МАХН-ын түүхэнд анх удаа нам руугаа жагсч, Удирдах зөвлөл, Хяналтын хороог огцруулах шаардлага тавьсан, мөн тус дүүргийн намын удирдлагуудыг намаас хассаныг эсэргүүцсэн Сонгинохайрхан дүүргийн МАХН-ын хорооны гишүүдийн асуудлыг хэлэлцжээ. Шаардлагад тус дүүргийн МАХН-ын хорооны 934 гишүүн гарын үсэг зурсан юм байна.
МАХН-ын Удирдах зөвлөл, Хяналтын хороо, Ёс зүйн хороо, нийслэлийн МАХН-ын хороо, тус хорооны Хяналтын зөвлөл гэсэн таван байгууллага нийлж намын алдааг шүүмжилсэн жирийн гишүүдийнхээ эсрэг “боссонд” Сонгинохайрхан дүүргийн МАХН-ын хорооны гишүүд дургүйцэж байгаа юм.
Удирдах зөвлөлийн гишүүд хуралдаанаараа ажлын хэсэг гаргаж, Сонгинохайрхан дүүргийн МАХН-ын хорооны хурлыг даруй зарлан хуралдуулах, мөн шаардлагад нэгдсэн 934 хүний гарын үсгийг нэг бүрчлэн шалгаж хуурамч эсэхийг тодруулахаар болсон байна.
АНУ-д биеэ эмчлүүлсэн МАХН-ын дарга, УИХ-ын гишүүн С.Баяр энэ сарын 25-нд буюу маргааш эх орондоо ирэхээр болсон гэдгийг ойрын эх сурвалж хэллээ. Түүнээс наана бужигнаан үүсгэсэн Сонгинохайрхан дүүргийн МАХН-ын хорооны ажлыг цэгцлэхээр ийнхүү яаралтай ажлын хэсэг гаргахаар болжээ.
Д.ОЮУН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж