Терроризм эвлэрлээр шийдэх асуудал юм

Хуучирсан мэдээ: 2011.01.25-нд нийтлэгдсэн

Терроризм эвлэрлээр шийдэх асуудал юм

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Террорист халдлагад улс, үндэстэн хамааралгүй өртдөг. Тэгэхээр терроризмын эсрэг, түүний бүхий л илрэлийн эсрэг улс орнууд хамтын хүчээр тэмцэх ёстой.

    Улаанбаатарт болж буй Ази, Номхон далайн орнуудын парламентын 19 дүгээр чуулганы төлөөлөгчдийн нэг,  ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны зөвлөлийн дарга С.Миронов “Кемпински” зочид буудалд монгол, оросын сэтгүүлчдэд зориулан хэвлэлийн бага хурал хийлгэлээ. Тэрбээр Москва хотын Домодедово нисэх онгоцны буудалд болсон террорист халдлагын талаар мэдээлж, сэтгүлчдийн асуултад хариулсан юм.

    Ноён С.Миронов эхлээд Москвад болсон террорист халдлагын талаар байр сууриа илэрхийллээ. Тэрбээр “Москвад болсон террорист халдлагын уршгаар зөвхөн ОХУ-ын төдийгүй гадаад орны иргэд хохирлоо. Миний бие энэ өдрүүдэд Улаанбаатарт болж байгаа Ази, Номхон далайн орнуудын парламентын 19 дүгээр чуулганд оролцож буй ОХУ-ын төлөөлөгчдийн өмнөөс болон хувиасаа амь үрэгдсэн, шархдаж гэмтсэн хүмүүсийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье. Чуулганы хуралдааны эхэнд чуулга уулзалтад оролцож байгаа бүх орны төлөөлөгчид нэг минут дуугүй зогсч халдлагад өртөгсдийн дурсгалыг хүндэтгэсэнд талархаж байна. Чуулганыг зохион байгуулагчид, УИХ-ын удирдлага, гишүүдэд чин сэтгэлээсээ талархал илэрхийлье. Террорист халдлага болсонтой холбогдуулж чуулганд оролцож байгаа манай төлөөлөгчдийн нэг болох миний орлогч И.С.Умаханов тусгай мэдэгдэл хийсэн. Чуулганы өчигдрийн хуралдаанаар бид терроризм, мансууруулах бодисыг хууль бусаар наймаалах асуудалтай тэмцэх талаар хэлэлцсэн. Гэтэл тэр асуудал ямар тулгамдсан сэдэв болоод байгааг мөн өдрийн орой Москвад болсон халдлага тов тодорхой харууллаа.

    Террорист халдлагын гол үзүүр өдгөө ОХУ-ыг чиглээд байна гэж хэлж болно. Халдлагыг олон улсын нисэх онгоцны буудалд хийсэн нь ч санамсаргүй хэрэг биш. Террорист халдлагад улс, үндэстэн хамааралгүй өртдөг. Тэгэхээр терроризмын эсрэг, түүний бүхий л илрэлийн эсрэг улс орнууд хамтын хүчээр тэмцэх ёстой гэж үзэж байна.

    Энэ эмгэнэлт үйл явдлын улмаас миний бие Улаанбаатарт байх хугацаагаа товчилж, одоо та бүхэнтэй уулзсаныхаа дараа Москва руу шууд нисэх гэж байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Д.А.Медведев өчигдөр орой тус улсын Тээврийн яам, Дотоод хэргийн яаманд нэмэлт шуурхай арга хэмжээ авах талаар үүрэг даалгавар өгсөн. Тээврийн гол зангилаа хотууд, нисэх онгоцны буудлуудад аюулгүй байдлын нэмэлт арга хэмжээ авч байна. ОХУ-ын парламент энэ асуудлыг илүү өргөн авч үзнэ. Бусад оронд иймэрхүү халдлага болоход аюулгүй байдлыг хангах талаар хатуу хууль тогтоомж гаргадаг. Бид ч тийм арга хэмжээ авах талаар шийдвэр гаргах болно. Энэ бол үндэстэн хооронд, шашин хоорондын эв зүй, эвлэрлээр шийдэх асуудал юм. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Москвагийн төв, Манежийн талбайд мөргөлдөөн болсон. Энэ асуудлаар манай Холбооны Хурлын Холбооны зөвлөлөөс Ерөнхийлөгч Д.Медведевтэй уулзахдаа олон үндэстэн, олон шашны шүтлэгтнүүдээс бүрдсэн улс орондоо үндэсний эвлэрлийг хангах шаардлагатай болох талаар ярилцсан. Мөн олон улсын хэмжээний террористуудын зүгээс энэ бузар булай үйлдлийг дахин гаргуулахгүйн тулд  улс орнууд хүч чадал, арга бололцоогоо нэгтгэх хэрэгтэй гэж үзэж байна. Манай олон үндэстний ОХУ энэ талаар идэвхтэй, шаргуу ажиллана гэдэгт итгэл төгс байна” гэлээ. Үүний дараа тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.

    “Российская газета” : -Та сая Монгол Улсын УИХ-ын дарга, Ерөнхий сайд нартай уулзлаа. Тэгэхдээ Москвад болсон халдлагын сэдвийг хөндсөн үү?

    -УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, Ерөнхий сайд С.Батболд нартай уулзахад хоёулаа ОХУ-ын ард түмэнд гүн эмгэнэл илэрхийлсэн. УИХ-ын даргатай уулзахдаа хоёр талын харилцааны сэдвийг иж бүрэн авч хэлэлцлээ. Сэтгүүлчдэд дуулгах шинэ соргог мэдээ гэвэл УИХ-ын даргад нэг санал дэвшүүлсэн. ТУХН-ийн орнуудын парламент хоорондын ассамблейн ажиглагчийн статустай болох боломжийг УИХ-аар авч хэлэлцэхийг би санал болгосон. Д.Дэмбэрэл дарга судалж үзээд хариу өгье гэлээ.

    Ерөнхий сайд С.Батболдтой уулзахдаа түүнийг Байгалийн эдийн засгийн чуулга уулзалтад Монгол Улсын төлөөлөгчдийг тэргүүлж оролцохыг урьсан. Ерөнхий сайд үүнийг зөвшөөрсөн. Чуулга уулзалт Эрхүү хотод ирэх есдүгээр сарын 12-13-нд болно. Ерөнхий сайдыг бас есдүгээр сарын 11-нд болох Эрхүү хотын 350 жилийн ойн баяр ёслолд давхар урьсан.

    Үүнийг Эрхүү хотын Амбан захирагч хүртэл мэдээгүй байгаа цоо шинэ мэдээ шүү.

    “Ардын эрх” сонин: -Монгол Улс, ОХУ-ын хооронд өндөр дээд хэмжээний харилцан айлчлалууд тогтмолжиж байна. Та бол Монголд олон жил ажилласан геологич хүн. Сүүлийн үеийн айлчлалуудаар ашигт малтмал, уул уурхайн салбар, хамтарсан үйлдвэрүүд, УБТЗ-ын тухай асуудлуудыг ихээхэн хөндөж байгаа. Та энэ талаар ямар байр суурьтай байдаг вэ?

    -Миний хувьд үнэхээр Монгол оронд олон жил ажилласан. Арван жилийн хугацаанд бүх аймагт ажилласан. Монгол орныг би сайн мэднэ, Монголд хайртай. ОХУ-ын дараа орох миний бас нэг эх орон. Ашигт малтмал, уул уурхайн салбарын тухайд гэвэл  хэтийн сайн төлөвтэй, харилцан ашигтай байж болох салбар юм. Манай хоёр орны хооронд “Дорнод Уран”  гэсэн хамтарсан үйлдвэр байгуулах тухай хэлэлцээрт 2009 онд гарын үсэг зурсан. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 24-нд  ОХУ-ын парламент үүнийг соёрхон баталсан. УБТЗ, Эрдэнэт үйлдвэр, нүүрсний ордууд зэрэгт хамтран ажиллах сонирхол цаашдаа ч байгаа. Том ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах талаар Монголын талд өөрийн байр сууриа илэрхийлж байдаг. Манай хоёр талын өмнөх туршлагад үндэслэж хэлэхэд харилцан ашигтай шийдвэр олж харж амжтилтад хүрнэ гэдэгт итгэж байна.

    UBS телевиз: – Ази, Номхон далайн орнуудын парламентын чуулганаас өнгөрсөн 18 жилийн хугацаанд олон бичиг баримт гаргаж байсан. Гэвч зарим орны идэвхгүй байдлаас шалтгаалаад хэрэгжүүлэх тал дээр дутагдал байдаг гэсэн. ОХУ нэлээд жин дардаг орны хувьд энэ талаар ямар байр суурьтай байдаг вэ?

    -Төлөөлөгч орнууд шийдвэрээ санал нэгтэй баталдаг. Манай шийдвэрүүд зөвлөмж маягтай гардаг. Гишүүн орнууд түүнийг заавал бүрэн биелүүлэх шаардлагагүй. Чуулга уулзалтаар эдийн засаг, байгаль орчны аюулгүй байдал, терроризмын эсрэг тэмцэл, зохион байгуулалттай гэмт хэрэг, мансууруулах бодистой тэмцэх гээд олон талт асуудлыг хэлэлцдэг. Улс орнууд үндэсний парламентаараа үүнийг хэлэлцэж хэрэгжүүлдэг тийм журамтай. Ирэх жил хорьдугаар чуулган Токиод болно. Түүгээр дэг журмаа өөрчлөх байх. Шинэ шинэ гишүүдээр байгууллага маань өргөжиж байна гэв.

    Үүгээр хэвлэлийн бага хурал өндөрлөж ноён С.Миронов “Баярлалаа, баяртай” гэж монголоор хэлээд Москваг зорих аяндаа мордлоо.

                                               
        Д.ОЮУНЦЭЦЭГ
    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж