АН-ын Дүрмийн хороо өнөөдөр хуралдахаар болжээ

Хуучирсан мэдээ: 2010.03.24-нд нийтлэгдсэн

АН-ын Дүрмийн хороо өнөөдөр хуралдахаар болжээ

Сүүлийн хоёр долоо хоногийн амралтын өдрүүдэд болж буй Ардчилсан намын аймаг, дүүргүүдийн намын хороодын дотоод сонгууль болж өнгөрсөн ч үүнийг тойрсон маргаан АН-ын Дүрмийн хороог хуралдахад хүргээд байна. Өмнө нь ганц асуудлыг шийдвэрлэхийн тулд голдуу хуралддаг байсан тус хороо өнөөдөр 16.00 цагт хуралдахаар тов зарлажээ. Энэ удаад тэд аймгуудын болон нийслэлийн Чингэлтэй, Баянгол, Хан-Уул, Баянзүрх дүүргийн болон зарим аймаг, сумдын маргааныг шийдвэрлэх юм. Одоогоор нийслэлийн Баянзүрх, Чингэлтэй, Хан-Уул гэх мэт дөрвөн ч дүүргийн Ардчилсан намынхан хоёр талцан тусдаа тусдаа шийдвэр гаргагчид болон хоёр “нам” болоод байна. Дүүргүүдийн нам доторх хагарлын шинж өнгөрөгч орон нутгийн сонгуулиар тус намынхан ялалт байгуулсан Хан-Уул дүүрэгт хамгийн анх илэрсэн юм. Эл дүүрэгт ялалт байгуулмагц Ардчилсан намын гишүүд нь ашиг, сонирхлын зөрчлийн улмаас хоёр талцсаар эцэст нь Засаг даргаар сонгогдоод байсан Ж.Ганхуяг огцруулсан гэх ч одоог хүртэл уг асуудал эцсийн байдлаар шийдэгдээгүй байна.
Тэгвэл Баянгол дүүргийн Ардчилсан намын хорооны сонгууль тойрсон маргаан өнөөдрийг хүртэл үргэлжилсээр байна. Сүхбаатар дүүргийнхэн ч бас тодорхойгүй байгаа билээ. Чингэлтэй дүүргийн хувьд өнгөрсөн 13-нд 1700 гишүүнээ оролцуулан хийсэн дотоод сонгууль болсон ч мөн л хоёр хуваагдан хэлэлцэж, гарсан шийдвэрийг нь хүлээн зөвшөөрөхгүй гэсэн хэвээр байна.  Харин оны өмнөөс хоёр хуваагдаад буй Баянзүрх дүүргийн Ардчилсан намын албан ёсны тамга тэмдэг бүхий хороо өнгөрөгч бямба гаригт хуралдаж С.Зоригтбаатарыг намын даргаар сонгосон ч Д.Пүрэвдаваа гэсэн бас нэг даргатай болоод буй юм. Харин аймгуудаас одоогоор Дархан-Уулын Ардчилсан нам хоёр хуваагдан өөр өөрсдийн шийдвэрийг гаргаад буй юм. Бусад аймгийн талаарх мэдээлэл хараахан тодорхойгүй байна.
Ямартай ч 16.00 цагт болох АН-ын Дүрмийн хорооны хурлаар энэ асуудлыг цэгцлэх шийдвэр гаргах ч хоёр талуудын аль аль нь ялагдсан тохиолдолд шүүхт хандах тухай яриад эхэлжээ.

Л.ХАЛИУ
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж