NBA сонирхогчдын хүсэн хүлээдэг Плэй-оффын тоглолтууд сар хүрэхгүй хугацааны дараа эхлэх гэж байна. Гэхдээ Плэйоффын халуун яриаг эхлэхийн өмнө улирлын шилдгүүдийг шалгаруулах тал дээр хэвлэл, мэдээллийнхэн сайн мэтгэлцээд авдаг. Монголчууд бид ч юугаараа дутах билээ, өөрсдийн санал бодлоо хуваалцъя. Уншигч та бүхэн ч гэсэн саналаа бичээрэй. Эхний дугаараар Шилдэг Рүүкигийн өрсөлдөөнийг таахыг оролдов.
Шилдэг Рүүки: Энэ жилийн рүүки ангийнхан магадгүй NBA-ийн түүхэн дэх хамгийн дутуу үнэлэгдсэн анги байж болох юм. Драфтын 1-ээр онцгойрон шалгарсан Блэйк Гриффиний тэг амжилтыг (0 тоглолт, 0 оноо) эс тооцвол энэ улирлын шинэковууд ёстой л нэг биднийгээ гайхууллаа. Улирал эхлэнгүүт Брэндон Жэннингс 55 оноо авч, нүд орой дээр гаргуулсан бол улирлын дундуур Тайрик Эванс Оскар Робертсон шиг тэгш тоглолт гаргаж, ирээдүй гэдэээ харууллаа. Тэгсэн би бас дутахгүй ээ гэсэн шиг Уарриорсын холбогч Стэфэн Карри Коби Брайнтаас дутахааргүй статистик улирлын төгсгөл рүү дунджилж Шилдэг Рүүки хэн бэ гэдэг асуултын хариултыг олон хувилбартай болгож орхив. Багийн амжилтыг харвал Жэннингс, тогтмол амжилтыг сонирхвол Эванс, харин ирээдүй рүү өндийвөл Карри Шилдэг Рүүки болох ёстой ч юм шиг. Эсвэл 4 дэх хувилбар “бусад” юм болов уу? Ямар ч байсан багийн амжилтаар энэ шагналын эзнийг шалгаруулдаггүй нь ойлгомжтой учраас Жэннингс лав энэ асуултын хариулт биш бололтой. Бусад гэхээр Хорнэтсийн хоёр жижиг (Коллисон, Торнтон) арай сүүлд бас тэгээд Крис Полын эзгүйд “даварч” шилдэг шинэ тоглогч болохгүй биз. Тиймээс Эванс, Карри хоёрын нэг л болж таарах нь. Статистик харвал бөмбөг таслалтаас бусад үзүүлэлтээр Эванс аргагүй илүү юм.
Эванс Карри
Оноо 20.2 16.3
Самбараас бөмбөг авалт (с.б.а) 5.2 4.2
Оновчтой дамжуулалт (о.д) 5.6 5.5
Таслалт (тас) 1.5 1.8
Блок 0.4 0.2
Бөмбөг алдалт (б.а) 2.9 2.9
Шидэлтийн хувь (Ш%) 46.1 46.0
Чөлөөт шидэлтийн хувь (ЧШ%) 74.7 88.4
3 онооны шидэлтийн хувь (3ОН%) 25.2 42.3
Хоёр тоглогчийн хувьд нэг ижил зүйл байгаа нь Эванс, Карри хоёр хоёулаа багийнхаа ирээдүй нь болж, багийн үндсийг тавих суурь нь болж чадсан юм. Эвансын тоглолтыг ажсан багийн удирдлагууд лидэр Кэвин Мартинаа Рокэтс руу явуулсан бол Уарриорс багийн лидэр Монта Эллисийг солих яриандаа орсон билээ. Гэхдээ энэ хоёр тоглогчийг зааглах ганц үндэслэлтэй үзүүлэлт нь статистикаас гадна улирлын туршид тоглосон байдал. Аливаа шилдэгийг шалгаруулахдаа улирлын тодорхой хугацаанд бус харин улирлын туршид хэрхэн тоглосноор нь шалгаруулдаг нь жам. Тиймээс 2009 оны Шилдэг Рүүкигээр улирлын эхнээс багаа чирч, тогтмол тоглолтыг үзүүлсэн Тайрик Эванс шалгарах магадлал маш өндөр. Энэ улирлын хамгийн том сюрпризийг Баксын рүүки Жэннингс барьж, хамгийн ихээр багаа гомдоосон тоглогч нь Блэйк Гриффин болж, шилдэгээр Эванс шалгарах хэдий ч магадгүй Стэфэн Карри энэ ангийн хамгийн сайн сурагч нь биз. Энийг бидэнд цаг хугацаа л батлан харуулна.
Г.Идэр-Ууган. Score Studio